Монгол хүний дата мэдээлэл хаана байна. Мэдээллийн эрин зуунд амьдарч буй өнөө цагт статистикийн тоо баримт, ялангуяа бодит эх сурвалжийг хадгалж авч үлдэнэ гэдэг шинэ цагийн шинэчлэл өөрчлөлтийн нэгээхэн хэсэг юм. Энэ хэсэгт мэдээж монгол хүн амын нийт тоон үзүүлэлт, дотоодод шилжих хөдөлгөөний статистик тооцоолол,гадаадад оршин суугаа монгол иргэдийн судалгаа, иргэдийн хэрэгцээнд суурилсан орон сууц, гар утасны хэрэглээ гээд хүний анхдагч хэрэглээг мартахгүйгээр тооцоолох салбар нь статистикийн салбарын гол цөм болж байна. Энэ талаар Үндэсний Статистикийн Хороо, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “ Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулаг” албан ёсны статистикийн шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав. Уг хэлэлцүүлэг нь албан ёсны статистикийн эрх зүйн орчныг шинэчлэх, харьяа байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн, чанартай, найдвартай статистикийн мэдээллийн тогтолцоог хөгжүүлэхэд оролцогч талуудын санал оролцоог нэгтгэхэд чухал ач холбогдолтой болсон юм. Энэ талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал ярихдаа, “ Өнөөдөр Монгол Улсад Статистикийн байгууллага үүсч хөгжсөний 102 жилийн ой тохиож байна. 1924 оны 11 дүгээр сарын 11- ний өдөр Монгол Улсад Анхны Засгийн газар байгуулагдснаар Дотоод яамны дэргэд Тоо бүртгэлийн алба байгуулагдаж байсан түүхтэй. Тодруулж хэлбэл, нэн шинэ үеийн статистикийн тогтолцоо 1994 онд эхэлсэн бөгөөд 1997 онд шинэчилсэн найруулга хийснээс хойш үндсэндээ 32 жилийн турш Статистикийн хуульд өөрчлөлт ороогүй гэсэн үг. Хуулийг хэрэгжүүлэх явцад хуулийн нэр томьёоллыг цаг хугацаанд нь тохируулж, хэрэглэж байснаас өөр шинэчлэл хийгээгүй. Тиймээс өнөөдрийн хууль зүйн хэрэглээний үүднээс зайлшгүй өөрчлөх шаардлагатай. Нөгөө талаар 30 жил гаруй хугацаанд Монгол Улсын иргэдийн дата мэдээллийг яаж цуглуулж авсан билээ гэдэг байсан асуулт гарна. Өнөөдрийн байдлаар манай улсад дата мэдээллийн цуглуулалт нэмэгдсэн. Дижитал эрин үе, хиймэл оюун гэх зэрэг олон төрөл хөгжөөд буй. Тиймээс Статистикийн байгууллагын тогтолцоог олон улсын байгууллагын тогтолцоо руу шилжүүлэх цаг үеийн шаардлага бий. Статистикийн Хорооны газар буюу статистикийн газрыг тулгуурласан бүтэц биш, статистик мэдээллийг цуглуулдаг, гаргадаг засаг захиргааны нэгж байгууллага, сум дүүрэг, аймаг нийслэл, яамдууд гээд эдгээр байгууллагуудын төвшинд гаргаж байгаа мэдээллүүдийг нэгдсэн байдлаар статистикийн байгууллага удирдаж хянадаг нэгдсэн тогтолцоонд шилжих шаардлагатай. Одоо байгаа үйл явцыг харахад, яамдууд өөрсдийн загвараа гаргаж статистикийн байгууллагад хүргүүлдэг. Үүнийг нь статистикийн байгууллага нь мэдээллийн хэлбэрт шилжүүлээд тараадаг, түгээдэг. Харин олон улсын байгууллагын тогтолцоо нь статистикийн аргачлалын дагуу статистикийн байгууллага мэдээллийн чанарыг хянах үүрэг гүйцэтгэж байна” гэсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр ҮСХ-ны дарга Б.Батдаваа “ Албан ёсны статистик: Сорилт-Боломж- Шинэчлэл” сэдвээр илтгэл тавьж, дөрвөн чиглэлээр салбар хуралдаан хийж зарим тулгамдсан асуудалд хариулт хайв. Үүнд, мэдээллийн өгөгдлийн урирдлага, хүүхэд хамгааллын статистик, статистикийн чанар, арга зүйн асуудал, Монгол Улсын хүн ам зүйн төлөв байдал гэсэн дөрвөн үндсэн чиглэлийг баримтлан санал бодлоо солилцсон юм.
В.Сарантуяа







Сэтгэгдлүүд 0
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.
Сэтгэгдэл үлдээх
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.