Цаглабар эргэхдээ сайн цагийг дагуулдаг гэж хууччуул хүүрнэдэг. Тухайн цаг хугацаанд хэн юу ярьсан, ямар учир шалтгаан байсан эсэхийг он цагийн түүх өөрөө гэрчлэн үлдээдэг. Тэгвэл өчигдрийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ( 2026 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11.05 цагийн үед) сэтгүүлчидтэй уулзаж албан ёсны доорх мэдэгдэл түүхийн архивт хадгалагдаж үлдэх нь.
Ардчилсан төрт улстай Монгол Улсын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч нараас анх удаа Ерөнхийлөгч У. Хүрэлсүх албан тушаалаа хүлээлгэн өгч, нэр төрөө сэргээлгэхээр болсон нь анхны тохиолдол боллоо.
Гол зүйлдээ орохоосоо өмнө ганц хоёр зүйлийг тэмдэглэн үлдээе. Сэтгүүлч миний хувьд анх удаа Ерөнхийлөгчийн албаны өрөөнд орж байсан учраас зарим зүйл шинэ соргог байв. Ерөнхийлөгчийн өрөөнд орохын өмнө сэтгүүлч, зураглаачид эхлээд цүнхээ үүдэнд орхидог юм байна. Яг үүдэнд нь Тусгай хамгаалалтын албаныхан зогсоод сэтгүүлчдийн ордны үнэмлэхийг шалгаад цааш нэвтрүүлнэ. Нэвтрүүлэхдээ гар утас болон камер хэрэгсэл авч орохыг зөвшөөрнө. Ерөнхийлөгчийг орж ирэхээс өмнө хэвлэлийнхэн байраа эзэлж эмх цэгцтэй болж амждаг аж. Албаны өрөөнд мөнгөн аяганд дүүрэн ааруул хийж тавьсан нь идээ амсаарай гэх агуулгыг илэрхийлсэн санагдав. Энэ хугацаанд Төрийн тусгай албаныхан байраа эзэлж Ерөнхийлөгч орж ирснээр хэвлэлийн бага хурал эхлэв. Хурлын явцад танхимд чимээ аниргүй. Ерөнхийлөгч мэдээлэл хийсний дараа сэтгүүлчид асуулт асуув. Энэ үед Ерөнхийлөгч албан ёсны мэдээллээ өгсөн гэснээр тус хурал өндөрлөсөн юм. Ерөнхийлөгчийг ажлаа өгөх мэдээллийн үеэр тэнд байсан сэтгүүлчид бөөнөөрөө хөөх өөх гэдэг уур амьсгалын тухайд гэвэл тийм зүйл болоогүй. Харин ганц хоёр сэтгүүлч сэтгэлийн хөдөлгөөнөө гаргасан. Энэ нь камертай ойрхон зогссон учраас маш тод сонсогдсон төдийгүй холоос сонсохоор бөөнөөр мэт санагдсан болов уу. Үүнийг улстөржүүлж, сэтгүүлчдийн ажил хэргийн нэр хүндэд халдах хэрэггүй мэт санагдсан. Залуу сэтгүүлчид учраас алдаа гаргана, цаашдаа энэ бүхнээ засаад явах биз. Түүнээс муу л бол сэтгүүлчид гэх ойлголтоо авч хаямаар санагдсан. Сэтгүүлчид мэдээлэл дамжуулах үүргээ харин ч хурдтай сайн дамжуулдаг юм билээ.
Ерөнхийлөгч хэн нэгний нэр дурьдаагүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх 2026 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллийг эх сурвалжаар нь хүргэе.
“ Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, ҮАБЗ-ийн Тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий Командлагч гэсэн ийм эрхэм нэр хүндтэй албыг хашдаг. Ард түмний эв нэгдлийг илэрхийлдэг гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тийм учраас Ерөнхийлөгчийн нэр хүнд бол Монголын ард түмний нэр хүнд юм.
Монгол Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагааг илэрхийлж явдаг, гадаад нэр хүндтэй шууд холбоотой. Ийм хариуцлагатай ажил гэдгийг хэвлэлийнхэн та бүхэн ойлгож байгаа байх.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүн үнэмшихийн аргагүй хүнд онц ноцтой гэмт хэрэгт гүтгэж, доромжилж байна. Ингэж болдог юм уу?. Хэсэг чимээгүй явлаа, харлаа, Монгол Улсын Ерөнхийлөгч юм болгонд хариулт өгөөд сошиал ертөнц рүү ороод янз бүрийн зүйл ярих боломжгүй. Ярих зүйл гэж байна, ярихгүй зүйл гэж байдаг хариуцлагатай албан тушаал гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тийм учраас албан ёсны байр сууриа илэрхийлье гэж бодож байна.
Монгол Улсад хүн засаглахгүй, хууль засаглана хуулийн дагуу бүгд тэгш эрхтэй. Өчигдөр (2026 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр )Ардчилсан намын бүлэг хуралдаж Монгол Улсын Ерөнхийлөгч үүрэгт ажлаа хүлээлгэж өгөөд үнэн мөнөө тогтоолгох нь зүйтэй гэж үзсэн. Үүнтэй би санал нэг байна. Төрийн тэргүүнийхээ үүрэгт ажлаа хүлээлгэж өгнө, миний нэр хүндийг гутаан доромжилж байгаа этгээдүүдийг тогтоож, нэр төрөө сэргээлгэнэ гэдгээ албан ёсоор хэлэхийг хүссэн юм. Сүүлийн нэг сарын хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төр бүрэн эрхэнд зарим нэг гэмт бүлэглэлийнхэн эрээ цээрээгээ алдсан “довтолгоо” хийж Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндийг доромжилсон. Энэ нь Монголын ард түмний нэр хүндийг гутаан доромжилсон үйл явдал гэж харж байна “гэсэн юм.
А. Үйлстөгөлдөр: Энэ пүрэв гаригт эцэслэн шийдвэрлэгдэнэ
Ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А. Үйлстөгөлдөр юу ярьсныг тоймлон хүргэе. Мэдээллийн дараа маш олон асуулт гарч ирэв. Хамгийн чухал нь хуулийн хүрээнд ямар үйл явц үргэлжлэх вэ. Энэ талаар тэрбээр хэлэхдээ, “ Ерөнхийлөгч өнөөдөр өргөдлөө хүргүүлнэ. Лхагва гаригт Төрийн байгуулалтын Байнгын хороогоор ороод дөрөв дэх өдрийн УИХ-ын чуулганаар орсноор асуудал эцэслэн шийдвэрлэгдэх байх гэж харж байна. Эхний ээлжид бид өргөдлөө өгөх процесс явагдана. Ерөнхийлөгчийг эзгүй үед УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүргийг хавсарч гүйцэтгэнэ гэж Үндсэн хуульд заасан. Үүний дагуу дараагийн Ерөнхийлөгчийн сонгууль болтол УИХ-ын дарга түр орлоно гэсэн үг. Гэхдээ энэ үйл явц нь Ерөнхийлөгчийн асуудал УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэгдсэний дараа болох юм. Ерөнхийлөгчийн өргөдлийг УИХ хүлээн авахгүй тохиолдолд яах вэ гэсэн асуултад, “ Үүнийг УИХ олонхиороо бүрэн эрхийнхээ хэмжээнд шийдвэр гаргана” гэсэн юм. Тэгэхээр албаны эх сурвалжуудын мэдээлж буйгаар энэ пүрэв гаригийн чуулганаар Ерөнхийлөгчийн ажлаа өгөх өргөдлийг хэлэлцэж шийдвэрлэх аж.
Өчигдөр Төрийн ордон маш хөл хөдөлгөөн ихтэй байсан төдийгүй Ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараахан нэг цагийн дараа ЗГХЭГ-ын дарга Б. Энхбаяр, ХЗДХ-ийн Дэд сайд Д. Мөнх- Эрдэнэ нар албан тушаалаа хүлээлгэн өгч, хуулийн байгууллагад хандаж байгаагаа хэвлэлийнхэнд мэдээлсэн юм.
Сэтгүүлч В. Сарантуяа
2026. 11. 18 өдөр







Сэтгэгдлүүд 0
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.
Сэтгэгдэл үлдээх
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.