Улаанбаатарын гэр хорооллын олон зуун мянган өрх өвөл бүр "Тавантолгой түлш"-ийн шахмал түлшээр гэрээ дулаацуулдаг. Гэтэл яг энэ компанийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн хүний эрүүл мэндэд аюултай бодис агуулсан барьцалдуулагчийг хилээр нэвтрүүлэхийг завдсан гэх хэрэгт холбогдлоо. Түүнийг өнгөрсөн долоо хоногт үйлдэл дээр нь барьж, тэрээр буруугаа хүлээсэн гэх мэдээлэл ч гарсан. Прокуророос түүнд хязгаарлалт тогтоох саналыг шүүхэд хүргүүлсэн бөгөөд үүнийг өнөөдөр (2026.11.27) Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх хэлэлцэхээр товложээ.
Хэргийн хамгийн гайхмаар тал нь С.Даваасүрэнгийн өмнөх намтар юм. Тэрээр олон жилийн турш агаарын бохирдол, түлшний аюулгүй байдлыг хянаж ирсэн албан тушаалтан.
Шахмал түлшийг "аюулгүй" хэмээн дүгнэж байсан хүн
2019 онд сайжруулсан түлш анх нэвтрэхэд угаарын хийн хордлогын тохиолдол олноор гарсан. Тухайн үеийн хяналтын сонсголд найман иргэн нас барж, 800 орчим иргэн угаартаж эмнэлгийн тусламж авсан гэж мэдээлсэн. Тэр үед С.Даваасүрэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга байсан. Тэрээр түлшийг шалгаад нийслэлийн 200 мянган өрх нэгэн зэрэг хэрэглэж болно гэж дүгнэжээ.
Утаатай тэмцэх үндэсний хорооны тэргүүн
Дараа нь тэрээр Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны даргаар ажилласан. Энэ үедээ "Утаанаас салъя гэвэл нүүрснээс хагацаж ядаад байх шаардлагагүй, хамгийн боломжтой шийдэл бол шингэрүүлсэн хийн түлш" гэж ярьж байжээ. Мөн нийслэлийн 117 дугаар сургуулийн түүхий нүүрсний зуухыг хийн түлшинд шилжүүлэх ажлыг удирдан зохион байгуулсан.
2026 оны зун тэрээр "Тавантолгой түлш"-ийн удирдлагад томилогдсон. Компанийн ТУЗ-ийн хурлаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар ажиллаж байсан С.Даваасүрэнг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон.
Акриламид (acrylamide) бодисын иргэдэд үзүүлэх нөлөө?
Хотын даргын хэлснээр хилээр оруулж ирэхийг завдсан барьцалдуулагч нь полиакриламид (polyacrylamide) агуулсан байжээ. Энэ нь хуванцар төрлийн полимер нунтаг бөгөөд дэлхий даяар ус цэвэршүүлэх, ашигт малтмал баяжуулахад өргөн хэрэглэдэг. Полиакриламид өөрөө харьцангуй бага хортой. Гэвч үйлдвэрлэлийн явцад түүнд акриламид (acrylamide) хэмээх бодис үлддэг бөгөөд жинхэнэ аюул нь энэ юм.
Олон улсын хорт хавдар судлалын агентлаг (IARC) 1994 онд акриламидыг хүнд хорт хавдар үүсгэж болзошгүй бодисын 2А бүлэгт оруулсан. Энэ бодис амьтны эсэд генийн мутаци, хромосомын гэмтэл үүсгэдэг нь судалгаагаар батлагдсан. Хүний биед мэдрэлийн систем, нөхөн үржихүйн тогтолцоонд хамгийн их хор нөлөө үзүүлдэг бөгөөд хордсон хүн тэнцвэрээ алдаж, булчин нь сулардаг. Түүнчлэн ихэсд нэвтэрч, хэвлий дэх хүүхдэд нөлөөлөх чадвартай.
Зууханд шатах үед аюул нэмэгдэнэ
Акриламид шатахдаа задарч, азотын исэл зэрэг хортой, идэмхий утаа ялгаруулдаг. Судалгаагаар полиакриламид өөрөө шатахдаа ч аммиак, азотын исэл ялгаруулдаг. Гэр хорооллын айлууд түлшээ хаалттай орчинд, бүрэн шатдаггүй зууханд түлдэг. Иймээс хортой утаа гэр дотор хуримтлагдах эрсдэл өндөр бөгөөд хүүхэд, жирэмсэн эх, өндөр настнууд хамгийн түрүүнд хохирно.
Одоогийн түлш аюулгүй юу?
Хотын даргын хэлснээр одоо худалдаалж буй түлшинд хортой бодис илрээгүй, лабораторид хүхэр болон тоосонцрын хэмжээг өдөр бүр шинжилдэг. Мөн компани 3 дугаар сарын эцэс хүртэл хүрэлцэх барьцалдуулагчийн нөөцтэй аж.
Шүүх С.Даваасүрэнгийн гэм бурууг одоогоор тогтоогоогүй байгаа ч энэ хэрэг нэг асуултыг тавьж байна. Нийслэлчүүдийн амьсгалах агаарт шууд нөлөөлдөг түлшний найрлагыг хэн, хэрхэн хянаж байгаа вэ? Түлшинд юу хольж байгааг олон нийтэд ил тод болгох цаг аль хэдийнэ болжээ.





Сэтгэгдлүүд 0
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.
Сэтгэгдэл үлдээх
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.