Microsoft-ын Outlook цахим шуудан, Teams болон Microsoft 365-ын бусад үйлчилгээ 12 цаг гаруй доголдож, сая сая хэрэглэгч ажлаа хийж чадахгүй байна. Доголдол пүрэв гарагт Америк тивээс эхэлж, нэг цаг орчмын дотор 74 улс, нутаг дэвсгэрт тархжээ.
Хонконгод Morgan Stanley, Goldman Sachs банкны ажилтнууд өдөржин цахим шуудан, Teams-ээ ашиглаж чадаагүй бол Японы яамдууд цаасаар ажиллахад хүрчээ. Мөн Австралийн тагнуулын байгууллага, холбооны цагдаа, Филиппиний Дээд шүүх, Энэтхэгийн IndiGo, Akasa агаарын тээврийн компаниуд хүндрэлд оров.
Microsoft-ын дэд ерөнхийлөгч Charles Lamanna хэрэглэгчдээс уучлалт гуйж, кибер халдлагын шинж илрээгүй гэдгийг мэдэгдлээ. Компани одоогоор үйлчилгээгээ хэсэгчлэн сэргээсэн ч бүрэн засаж чадаагүй байна.
Доголдлын шалтгааныг албан ёсоор зарлаагүй. Харин Австралийн Дотоод хэргийн сайд Tony Burke үүнийг 2024 оны CrowdStrike-ын тохиолдол шиг алдаатай шинэчлэлээс болсон байж магадгүй гэж Microsoft үзэж байгааг хэлжээ.
Энэ хооронд Standard Chartered, ING Australia банкууд техникийн тусламжийн ажилтан мэт дүр эсгэсэн луйварчдаас болгоомжлохыг хэрэглэгчдэдээ анхааруулав.
Эх сурвалж: The Next Web






Сэтгэгдлүүд 0
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.
Сэтгэгдэл үлдээх
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.