АНУ-ын Хүнс, эмийн захиргаа (FDA) GLP-1 бүлгийн тураах тарианы шошгон дээр ховор тохиолддог боловч хараа алдахад хүргэж болзошгүй гаж нөлөөний тухай анхааруулга нэмэхээр болсныг CBS News мэдээлэв. Ozempic, Wegovy, Mounjaro, Zepbound зэрэг тариа энэ бүлэгт багтдаг бөгөөд чихрийн шижин эмчлэх болон турахад өргөн хэрэглэгддэг.
Сүүлийн жилүүдэд эдгээр тарианы NAION буюу “нүдний цус харвалт” гэж нэрлэгддэг өвчинтэй холбоог судалж байгаа. Энэ өвчний үед харааны мэдрэлд цус хангалтгүй очиж, өвдөлтгүйгээр гэнэт хараа муудах ба ихэнхдээ бүрэн эдгэрдэггүй. Европын эмийн агентлагийн тооцоогоор энэ гаж нөлөө 10,000 хэрэглэгч тутмын нэгд тохиолдож магадгүй.
Европ, Их Британи, Япон, Австрали, Канад зэрэг улсууд энэ анхааруулгыг өмнө нь шошгон дээрээ нэмсэн. Харин АНУ-д хараагаа алдсан олон зуун хүн Novo Nordisk, Eli Lilly компаниудыг шүүхэд өгөөд байгаа.
Тураах тариа болон NAION-ий хооронд шууд учир шалтгааны холбоо одоогоор нотлогдоогүйг эмч нар онцолж байна. Тариагаа дур мэдэн зогсоохгүй байх, гэнэт хараа муудвал нүдний эмчид яаралтай хандахыг зөвлөж байна.





Сэтгэгдлүүд 0
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.
Сэтгэгдэл үлдээх
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.