
АНУ, Өмнөд Солонгос, Япон улс Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн аюулын эсрэг гурван талт цэргийн сургуулилалт хийхээр болжээ.
“Freedom Edge” сургуулилалт есдүгээр сарын 7-ноос тав хоногийн турш Өмнөд Солонгосын Жэжү арлын ойролцоох олон улсын усанд болно гэж Сөүлийн цэргийн удирдлага мэдээлэв.
Сургуулилалтын үеэр гурван орны арми баллистик пуужинг илрүүлэх, устгах, шумбагч онгоцны эсрэг ажиллагаа явуулах, агаарын болон тэнгисийн тандалтаа уялдуулах дадлага хийх юм. Өмнөд Солонгосын тал үүнийг бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад чиглэсэн сургуулилалт хэмээн тодорхойлжээ.
“Freedom Edge”-ийг анх 2024 онд зохион байгуулсан. Харин Хойд Солонгос уг сургуулилалтыг “хүчээ бодлогогүйгээр харуулсан ажиллагаа” гэж шүүмжлэн, АНУ бүс нутагт цэргийн нөлөөгөө тэлэхийг оролдож байна хэмээн буруутгадаг.
Хойд Солонгосын Гадаад хэргийн яам сургуулилалт зарлагдахаас нэг өдрийн өмнө Вашингтоныг өөрийнх нь эсрэг “дайсагнасан ажиллагаа” явуулж байна гэж мэдэгдэв. Тухайлбал, АНУ Өмнөд Солонгост агаараас агаарт ангиллын пуужин худалдах боломжийг судалж буйг Пёньян эсэргүүцэж, хүчтэй хариу арга хэмжээ авахаа анхааруулжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь Хойд Солонгостой яриа хэлэлцээг сэргээх дохио болгон Өмнөд Солонгостой хийдэг “Ulchi Freedom Shield” сургуулилалтыг хугацаанаас нь зургаан өдрийн өмнө дуусгах шийдвэр гаргасан юм. Гэвч Пёньян үүнийг хангалтгүй гэж үзээд, тэнгисийн чиглэлд ойрын тусгалтай 10 орчим баллистик пуужин харвасан байна.
Эдгээр үйл явдал нь 2019 оноос хойш зогсонги байдалд орсон АНУ, Хойд Солонгосын яриа хэлэлцээ ойрын хугацаанд сэргэх магадлалыг улам бууруулжээ.
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.
Өнөөдрийн хамгийн чухал мэдээ, сурвалжлагыг имэйл хаягаар тань хүргэнэ. Бүртгэл үнэгүй бөгөөд хэзээ ч цуцлах боломжтой.