
Өнөөдрийн Монгол төрийн залгамж халаа тасарч, зөвхөн улстөрчдийн нөлөөлөл, тэдний өлмий дор шигдэж амьдардаг нийгмийн бүлэглэл бий болжээ. Тэдэнд төрийн хууль цааз үйлчлэхгүй. Тэр дундаа Төрийн албан хаагчийн хууль тэдний ажил төрлөөс тэс хөндлөнд оршдог. Бодит жишээ. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн тэмдэглэл миний өмнө байна. Энд ямар албан тушаалтны тухай бичсэнийг сийрүүлье.
Гурван жилийн өмнөх баримт. Яллагдагч А.Бүрэнбаатар нь МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 2021 оны 3 сарын 5-ны өдрийн 18 дугаар тогтоолоор МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар томилогдон ажиллаж байв. Тэрбээр 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэсэг үүсгэж яллагдагчаар татагдсан байна. Түүний хийсэн энэхүү гэмт хэргийн зүйл ангид ямар үйлдэл хамрагдсан бэ. Тухайн үедээ албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж, ашиг сонирхлын үүднээс төсвийн мөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулсан байна.
МҮОНРТ-ийг 8.4 тэрбум төгрөгийн өртэй үлдээв
Төрийн албаны тухай хуульд нэг заалт бий. Энэхүү хуулийн 3.1.3 дэх хэсэгт зааснаар, “ Төрийн албан хаагч нь “ чадахуйн зарчим” буюу (мерит )гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол,мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг” хэлнэ гэж заасан байна. Тэгвэл МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан А.Бүрэнбаатарын хувьд дээрх заалт хэрэгжсэн үү гэсэн нэг асуулт яах аргагүй гарч байна. Тэрбээр 2023 онд ажиллах хугацаандаа ажилчдынхаа нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нэг жил зургаан сар төлөөгүйн улмаас МҮОНРТ-ийг 8.4 тэрбум төгрөгийн өрөнд оруулсан байна. Энэ хугацаанд байгууллагын алба хаагч, уран бүтээлчид, ажилчид анхан шатны эмнэлгийн тусламж авч чадахгүй, амьжиргаанд хэрэглэх зориулалттай зээлийн эрх нь үүсэхгүй, хүүхдүүдийнх нь сургалтын төлбөр төлөгдөхгүй гээд хүний амьдралын наад захын хэрэглээг нь хясч боогдуулж байжээ. Тиймээс тухайн үед байгууллагын уран бүтээлчид эсэргүүцэл илэрхийлж байсан нь одоо мэдээллийн архивт бүрэн эхээрээ байна. Үүнээс гадна албан тушаалаа хэтрүүлэн ажиллахдаа МҮОНРТ-ийн нэрээр орж ирсэн уран бүтээлийн гэрээний захиалгыг хувийн студиэр хийлгэж, үүнд зориулагдсан 30-40 сая төгрөгийг найз нөхдийн хүрээлэлдээ тарааж өгсөн гэх баримт ч байгаа аж. Улсын төсвийн санхүүжилттэй энэхүү байгууллагыг ингэж хохироогоод зогсохгүй бодлогын төвшинд олон алдаа байснаас менежмент хийгээгүй, нэвтрүүлгийн хөтөлбөрт бодлого байхгүй, орон тоог бодит төсвөөс хэтрүүлж нэмсэн (800 хүнтэй болгосон. Одоо 500 гаруй уран бүтээлчид ажилладаг) гэх олон зөрчлүүдийг энд дурдаж болно. Олон нийтийг соён гэгээүрүүлэх үүрэг хүлээсэн үндэсний хэмжээний том телевизээр Энэтхэг, Украйн кинонуудыг ээлжлэн гаргадаг байсныг мартаж болохгүй. Мөн хувь хүнийхээ талаас тухайн үеийн Шадар сайдаар ажиллаж байсан С.Амарсайханы пиарыг хариуцдаг нэрээр олон мэдээллийн сайтуудад бэлэн мөнгө тарааж байсан нь нотлогддог. Дээр дурдсанчлан А.Бүрэнбаатар нь төрийн албан хаагчийн наад захын мэдлэг боловсролгүйн улмаас олон уран бүтээлч ажилчдын эрх ашиг зөрчигдөж байсан учраас түүнийг энэ ажилд тэнцэхгүй гэсэн шалтгаанаар ажлаас нь чөлөөлсөн байна.
“Өвсний мөнгө хийв”
А. Бүрэнбаатар нь захирлаар ажиллах хугацаандаа МҮОНРТ-ийн өмч болох төв байрны 2 дугаар давхарт байрлах 155.8 м2 талбайг тоног төхөөрөмжийн хамтаар түрээслүүлэх сонгон шалгаруулалтад ашиг сонирхлын зөрчилтэй этгээд болох Б.Даваанямын эхнэр Н.Даваацэндийн эзэмшдэг “ Эх зэвгэ” ХХК-ийг сонгон шалгаруулж, 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдөр “ Эх зэвгэ” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулах боломжийг бүрдүүлснээр Н.Даваацэндэд илт давуу байдал олгожээ. Ингээд зогсоогүй НҮБ-д элссэний 60 жилийн ойд зориулж “Дэлхийн Монгол” нэртэй баримтат кино бүтээх ажлын хүрээнд Б.Даваанямын “Сошиал пресс” ХХК-иар дамжуулан 19 сая төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж амжсан байна. Энэ 19 сая төгрөгийн гэрээний гүйцэтгэлийн ажлыг МҮОНРТ-ийн уран бүтээлчээр хийлгэсэн нь албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан гэж АТГ үзэж байгаа юм. Нөгөө талаар Үндэсний телевизийн уран бүтээлчдийг илт доогуур үнэлж, тэдгээр уран бүтээлчдийн мэргэжлийн ёс зүйг уландаа гишгэснээс өөрцгүй үйлдэл гаргасан байна. Уран бүтээлчдээр хийлгэсэн гэрээний гүйцэтгэлийн санхүүгийн баримт нь бүр эгдүүцэл төрүүлж байна. Үүнд, “ Сошиал пресс” ХХК-ний дансаар их хэмжээний төлбөр хийсэн төдийгүй “Эх зэвгэ” ХХК- ийн дансанд “Өвсний мөнгө хийв” гэсэн утга бүхий зориулалт нь тодорхой бус их хэмжээний мөнгө шилжүүлжээ. Мөн үүний дараа буюу найм хоногийн дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 499226349 тоот дансаар “Адууны төлбөр”гэх утгатай төлбөрийг тус тус шилжүүлжээ. Адуу, өвсний төлбөр нь яагаад ч МҮОНРТ-ийн данснаас хяналтгүй ингээд гарчихдаг юм бол. А.Бүрэнбаатар нь албан тушаалаа ийнхүү урвуулан ашигласнаар МҮОНРТ-д нийтдээ 19 сая төгрөгийн хохирол учирсан байна. Гэсэн ч өнөөдрийг хүртэл энэ төлбөр төлөгдөөгүйгээр барахгүй А.Бүрэнбаатар одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы Олон нийттэй харилцах зөвлөхөөр ажиллаж байна.
МҮОНРТ-ийн экс захирал залилагч уу?
2023 онд МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан А.Бүрэнбаатар нь “Тавантолгой түлш” ХХК-тай Б. Даваанямын “ Эвийн дөрвөн од” ХХК-иар ажил гүйцэтгэх гэрээг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр байгуулж, дээрх ажлыг гүйцэтгэхгүйгээр гэрээгээр халхавчлан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “Тавантолгой түлш” ХХК-иас “ Эвийн дөрвөн од” ХХК”-ийн “Хаан” банкны 5027294539 тоот дансанд 7 сая төгрөг, “ Сошиал пресс” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 495083312 тоот дансаар олон сая сая төгрөгийг шилжүүлэн авсан төдийгүй өөрийн нэр дээрх “Хаан” банкны 5014150137 тоот данс руу 12.600. 000 ( арван хоёр сая зургаан зуун мянган төгрөг) төгрөгийг шилжүүлэн авч, залилсан гэмт хэрэг үйлдэгдэн гарахад шалтгаан нөхцөл нөлөөлсөн гэж АТГ-ын Мөрдөн байцаагчийн дүгнэлтэд дурджээ. Тодруулж хэлбэл, гүйцэтгэх захирал А.Бүрэнбаатар нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэгт албан эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх зүйл ангитай гэсэн үг. Түүний хийсэн гэмт үйлдлийг хуулийн байгууллагынхантай баримтаар нотолсоор байтал өнөөдрийг хүртэл түүнд ямар ч хуулийн хариуцлага хүлээгээгүйгээр барахгүй бүр Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд С.Амарсайханы ажлын хэсгийн багт ажиллаж байгаа нь шударга ёсонд нийцэх үү. Энэ бол хэн нэгнийг харлуулж гүтгэх ажил огтхон ч биш бөгөөд өнөөдөр төрийн алба хаагчийн орон тоонд ийм хүн шургалж ажиллаж байгаа нь сонирхол татаж байна.
Сайдынхаа өмнөөс үүрэг өгдөг болсон
Өнөөдөр хууль зүйн салбарт ажиллаж байгаа олон төрийн алба хаагчид эгдүүцэл, дургүйцлээ ил гаргаж чадахгүй байгаа аж. Хууль зүй, дотоод хэргийн сайдын Орон тооны зөвлөх нэртэй А.Бүрэнбаатар энгийн төрийн алба хаагчдад үүрэг өгч, тэднийг харцаараа хөдөлгөх асар сонирхолтой гэнэ. Тусгай чиг үүрэгтэй ажилладаг хуулийн салбарынхан улс төрийн томилгоотойгоор төрийн албанд томилогдон ажиллаж байгаа энэ мэт хүнээс залхаж байгаагаа нуухгүй байна. Тэд ийн ярьж байна. Хууль зүйн сайдтай баг болж ажиллаж буй хүмүүсийн дундаас хамгийн их хүмүүсийн дургүйцлийг хүргэдэг хүн бол А.Бүрэнбаатар юм. Тэрбээр төрийн алба хаагчийн ёс зүй, хандлага, харилцааны А ч мэдлэггүй. Өөрийгөө сайдын хэмжээний албан тушаалтан мэт төсөөлж агентлаг, байгууллагын дарга нар болон алба хаагчдыг дарамталж эрх ямба эдэлдэг. Түүнд таалагдах зүйл гэж нэгээхэн ч байхгүй бөгөөд тэр хүнд өөрөө мундаг, бусад нь юу ч хийж чаддаггүй мэтээр сайддаа ойлгуулдаг. Уг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд ажил авсныхаа дараа харьяа байгууллагуудынхаа алба хаагчдыг өмгөөлнө, хамгаална, дэмжинэ гэж ярьж байсан билээ. Харамсалтай нь, түүний эл үгийг хамтрагч А.Бүрэнбаатар бүрэн утгаар нь үгүй хийгээд удаж байна. Сайд хаана явна энд тэнд дагаастай. Зүгээр нэг дагалдагч биш. Ажил үүргээ хуулийн хүрээнд хийж яваа энгийн төрийн алба хаагчдыг илт дээрэлхсэн өнгө аястай, хаанаас ч юм бүү мэд нэг даалгавар өгчихдөг. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн заалтыг илт зөрчдөг. Төрийн ажил бол олон нийтийн эрх ашигт нийцэж ажилладаг болохоос огт төрд ажиллаж үзээгүй, үзсэн хэрнээ ашиг сонирхлын зөрчилд идэгдсэн, хуулийн байгууллагад яллагдагч нэртэй хүн ажиллах ёсгүй билээ. Хамгийн харамсалтай нь, А.Бүрэнбаатар гурван жилийн өмнө АТГ-аас шалгагдаж явсан хэрнээ уг хэрэг нь одоог хүртэл шийдэгдээгүй, тэгсэн атлаа Хууль зүй, дотоод хэргийн сайдын нөмөр тохойд нуугдаж, амьдарч байгаа нь өнөө цагийн төрийн ужиг хэлбэрийн нэг юм. Хууль сахиулагч байгууллагад хууль зөрчигч нь ингээд ажиллаж болдог юм бол бусад нь ч гэсэн ингээд яваг л дээ. Энэ хүнд эсвэл “Чоно үүрэндээ өлзийтэй” гэдэг үг үйлчлээд байна уу? гэж асуухаас өөр аргагүйд хүрлээ.
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.
Өнөөдрийн хамгийн чухал мэдээ, сурвалжлагыг имэйл хаягаар тань хүргэнэ. Бүртгэл үнэгүй бөгөөд хэзээ ч цуцлах боломжтой.