
Японы Чиба мужид их хэмжээний аадар бороо үргэлжилж, үер усны гамшгийн улмаас дөрвөн хүн амиа алдан, олон мянган иргэн замд гацжээ. Гамшгийн бүсэд аврах ажиллагааг эрчимжүүлж, Японы Өөрийгөө хамгаалах хүчний алба хаагчдыг дайчлаад байна.
Чиба мужийн зарим бүсэд 24 цагийн дотор 360 миллиметрээс давсан хур тунадас орсон нь тухайн бүс нутагт урьд өмнө ажиглагдаж байгаагүй өндөр үзүүлэлтэд тооцогдож байна. Богино хугацаанд их хэмжээний бороо орсны улмаас гол мөрний усны түвшин нэмэгдэж, авто зам, төмөр замын зарим хэсэг усанд автжээ.
Гамшгийн улмаас 60-70 орчим насны эрэгтэй үерт автсан зам дээр амиа алдсан байдалтай олдсон бол 66 настай эмэгтэй автомашиндаа усанд боогдож нас барсан байна. Мөн нэг хүн сураггүй хэвээр байгаа талаар орон нутгийн албаныхан мэдээлжээ.
Нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор Чиба мужийн 230 мянга гаруй иргэнд аюулгүй газар шилжин байрлах зөвлөмж хүргүүлсэн байна. Баасан гарагийн 11:00 цагийн байдлаар 22 мянга гаруй өрх цахилгаангүй болж, олон арван айл өрх үерт өртжээ.
Үерийн гамшиг Японы дотоодын тээврийн хөдөлгөөнд ч томоохон хүндрэл учруулсан байна. Сога галт тэрэгний буудалд 4,000 орчим зорчигч олон цагийн турш гацсаны дараа Японы Өөрийгөө хамгаалах хүчнийхэн тэднийг аюулгүй газарт шилжүүлжээ.
Мөн Токиогийн олон улсын гол гарцуудын нэг болох Нарита нисэх онгоцны буудлыг хоттой холбодог төмөр замын хөдөлгөөн тасалдсанаар 7,000 орчим зорчигч нисэх буудалд хоноглоход хүрсэн байна. Баасан гарагийн өглөөнөөс зарим чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээсэн ч саатал үргэлжилжээ. Харин Нарита нисэх буудлын нислэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилсэн байна.
Чиба мужийн захирагч Тошихито Күмагай үүссэн нөхцөл байдлыг онцгой хүнд хэмээн тодорхойлж, өмнө нь олон удаагийн байгалийн гамшгийн үеэр ажиллаж байсан ч ийм хэмжээний нөхцөл байдалтай тулгарч байгаагүйгээ онцолжээ.
Японы Цаг уурын агентлаг борооны эрч суларсантай холбоотойгоор Чиба мужийн зарим бүсэд зарласан хамгийн өндөр түвшний сэрэмжлүүлгээ бууруулсан байна. Гэсэн хэдий ч дахин бороо орох төлөвтэй байгаа тул хөрсний гулгалт, голын усны түвшин нэмэгдэх болон үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг иргэдэд анхааруулжээ.
Эх сурвалж: Al Jazeera
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.
Өнөөдрийн хамгийн чухал мэдээ, сурвалжлагыг имэйл хаягаар тань хүргэнэ. Бүртгэл үнэгүй бөгөөд хэзээ ч цуцлах боломжтой.