
Орос улс Хойд Солонгосоос нийлүүлсэн баллистик пуужингаар Украйн руу дайрч байгааг Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдлээ. Шөнийн цагаар үйлдсэн довтолгооны улмаас дор хаяж есөн энгийн иргэн амь үрэгдэж, олон арван хүн шархаджээ.
Украйны зүүн өмнөд хэсэгт орших Запорожье хот руу хийсэн цохилтод Хойд Солонгосын баллистик пуужин ашигласан гэж Зеленский хэлэв. Тус хотод зургаан хүн нас барж, 19 хүн шархалсан байна. Мөн Днепропетровск мужид дрон, их бууны цохилтын улмаас 15 настай хүү зэрэг гурван хүн амиа алдав.
Орос улс Пхеньянаас нэмэлт баллистик пуужин хүлээн авсан бөгөөд Хойд Солонгосын цэргийг нэмж байршуулахаар бэлтгэж байгааг Украйны тэргүүн онцлов.
"Орос баллистик пуужингийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, Хойд Солонгосын техник хэрэгсэл авчирч, дайчилгаанд бэлтгэж байгаа нь Москва энх тайванд бус, хурцадмал байдал өдөөхөд бэлдэж байгааг харуулж байна" гэж тэрбээр нийгмийн сүлжээнд бичжээ.
Зеленский Хойд Солонгосын пуужингийн чадавх Оростой хамтран ажилласнаар сайжирч байгааг анхааруулав. Ирээдүйд Япон, БНСУ, Филиппин зэрэг бүс нутгийн улс орнуудад аюул учирна гэж тэрбээр үзэж байна. Владимир Путин, Ким Жон Ун нар 2024 онд стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан бөгөөд түүнээс хойш Хойд Солонгос Оросыг дэмжсээр байгаа юм.
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.
Өнөөдрийн хамгийн чухал мэдээ, сурвалжлагыг имэйл хаягаар тань хүргэнэ. Бүртгэл үнэгүй бөгөөд хэзээ ч цуцлах боломжтой.