Халх Нөмрөгийн ой сав оройгүй их түймэрт өртөж, олон монгол хүний зүрх сэтгэлд хар толбо үлдээсэн өдрүүд үргэлжилж буй. Байгалийн араншинд бус, балаг ихтэй, буруу сэтгэлтэнүүдээс үүдсэн эл түймрийн хохирол ойрын хэдэн жилдээ арилахгүй гэдгийг мэргэжлийн байгууллагынхан болон бусад орнуудын экспертүүд онцолж байна.
Монгол Улсын Зүүн хязгаарын хил орчмын ихэнх хэсгүүд үнсэн товрог болсон нь өнөөдрийн Монгол Улсын Засгийн газар ( 2026 оны 10 дугаар сарын 8-ны өдөр) түүхэндээ хамгийн том хар мөр үлдээсэн, байгальд ээлгүй Засгийн газар хэмээн нэрлэгдэж үлдэх нь тодорхой боллоо. Олон нийтийн харуусал дуусахгүй, гомдол яагаад тайлагдахгүй байгаагийн шалтгаан нь энэ.
НӨМРӨГИЙГ 34 ЖИЛИЙН ӨМНӨ ХАМГААЛАЛТАД АВСАН
Халх Нөмрөгийн сав газар нь Халх гол, бусад олон жижиг гол горхины гарам, бургасан шугуйт голын хөндий, ой бүхий бэсрэг уулс, уулсын хөндий нуга намгархаг хийгээд элсэн манхан бүхий дов толгод нугачаануудтай байгалийн гайхамшигт тогтоц бүхий нутаг юм. Энэхүү Монголын зүүн хязгаарын үзэсгэлэнт нутаг болох Хянганы экосистем, Манжуурын гаралтай ан амьтад, дэлхийд ховордсон биологийн төрөл зүйл, хэний ч гар хүрээгүй онгон зэлүүд байгалийг бид өмнө хэрхэн хамгаалж явсан бэ. Тодруулбал, 1992 онд “Нөмрөгийн Дархан цаазат газар” нэртэйгээр улсын тусгай хамгаалалтад авсан түүхтэй. Өөрөөр хэлбэл, 34 жилийн өмнө Нөмрөгийг төр хамгаалалтад авсан гэсэн үг. Тухайн үедээ ямар учраас хамгаалалтад авах болсон учир шалтгааныг ийнхүү тайлбарлажээ.
Монгол орны байгалийн гурван их мужийн болох Хянганы уулархаг их мужаар дархан цаазат газрын хилийг тогтоосон бөгөөд дунджаар далайн төвшнөөс доош 1500 метрээс дээшгүй бөмбөгөр оройтой бэсрэг уулс олон байдгийн хамгийн өндөр нь 1504 метр Соёолз уул юм. Уур амьсгалын хувьд чийглэгдүү, сэрүүн зун, хахирдуу өвлийн уур амьсгалтай. Нөмрөгийн дархан цаазат газар нь Монгол орны өөр хаана ч байхгүй. Хар мөрний хандгай, халиун буга, бор гөрөөс, зэрлэг гахай, голын халиу, дорнодын мэлхий, зулзагалагч гүрвэл байхаас гадна зарим тохиолдолд хүрэн баавгай гүйдлээрээ орж ирдэг тохиолдол цөөнгүй. Ардын дуундаа мөнхөлж үлдээсэн ан амьтан аж төрж амьдран суудаг байсан бөгөөд дэлхийд нэн ховордсон эмийн ургамлын үндэс зөвхөн Нөмрөгт байв. Түймэрт өртөхөөс өмнөх тооцооллыг сөхвөл, шувуу гэхэд 263 зүйл бүртгэгдсэнээс 181 тус бүс нутагт өндөглөн зусдаг. Загас гэхэд 34 зүйлийнх. Энэ нь Нөмрөг, Бүр, Галдилтай голууд нийлсэн бэлчирт бий гэж тодотгожээ. Ургамлын хувьд 70 овгийн 487 зүйл, Төв Азийн унаган 10 зүйлийн ургамлыг албан ёсоор бүртгэсэн байна. Ийм л сайхан хязгаар нутгийн эгэлгүй их байгалийн ай сав, ан амьтан сүйдсэн учраас хэн бүхний сэтгэлийн харуусал хэзээ ч дуусахгүй байгаа юм. Хамгийн сүүлийн мэдээлэл гэхэд Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёлын хэлснээр, “Нөмрөгийн газар нутгийн ойролцоогоор 530 мянган га талбай, үүний дотор нөөц газрын 80 орчим хувь нь шатсан” гэжээ. Тэгвэл энэ талаар японы хэвлэлүүд мэдээлэхдээ, “Монголын зүүн хязгаар, Дорнод аймгийн Халх гол суманд БНХАУ-ын Өвөрмонголтой хил залгаа орших Нөмрөгийн дархан цаазат газарт асар том түймэр гарсан гарсан байна. Энэ нутаг нь 1939 оны Халхын голын байлдаан болсон, Халх гол урсдаг нутаг юм. Мөн хүний нэвтрэх хөдөлгөөнийг хатуу хязгаарласан онгон бүсийг багтаадаг, Монголын хамгийн хөндөгдөөгүй тал хээрийн нэг билээ. Токио хотоос 2.4 дахин том газар нутаг ердөө наймхан хоногийн дотор шатжээ.
ЗҮГ БУРУУЛСАН, ЗҮҮНИЙ ЭРЭЛД МОРДУУЛСАН ХЭН, ХЭН БАЙВ?
Төрийн тусгай хамгаалалтад байдаг дархан цаазат газарт дур зоргоороо нэвтэрч, байгалийн эхийн хэвлийг онгичин сүйтгэсэн этгээдүүдэд төрийн хууль цааз багадаж, байгаль эхийн хууль үйлчлэх нь цаг хугацааны асуудал юм. Тэд хэн, хэн байв. Түймэр тавьсан эхний өдрөөсөө эхлэн гол буруутан болсон “ Мобиком” корпорацийн удирдах албан тушаалтнууд болох япон, монгол захирлууд, Боомтын захиргааны хоёр удирдах албан тушаалтнууд асуудлыг өөрсдөөсөө зайлуулах оролдлого хийснийг тухайн үед гарсан мэдээллийн эх сурвалж баталж байна. Хамгийн түрүүнд “Мобиком” корпорацийнхан мэдэгдэл гэгч гаргахдаа ямар учраас тус газарт очсон гэдгээ бичсэн хэрнээ түймрийн талаар бичихдээ, “... 2026 онд Халхголын хилийн отрядын бүх заставыг 4G сүлжээнд холбож, Сүмбэр хилийн боомтод шилэн кабелийн холболт нэвтрүүлэн, сүлжээний чанар, хүртээмжийг сайжруулсан.Газар орон нутгийн нөхцөл байдалтай танилцах үеэр тээврийн хэрэгсэлд гал гарч, тухайн бүс нутагт хээрийн түймэр гарсан харамсалтай үйл явдал болсон” гэсэн юм. Энэ мэдэгдэл нь анхнаасаа биднийг дорд үзсэн төдийгүй албан ёсны байр суурь илэрхийлэхдээ, тухайн өдрийн огноог тодотгодог байтал уг мэдэгдэлд сар,өдөр байхгүй. Нөгөө талаар энэ хээрийн түймэр байгаагүй,гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсныг хуулийн байгууллагынхан нягтлан шалгах ёстой. Эдгээр албан тушаалтнуудын дунд эрүүгийн хуулиар шийтгэгдэж явсан төрийн алба хаагч байсан байна. Энэ нь Боомтын захиргааны төлөөлөгч Ц.Насанхүү. Тэрбээр 2018 оны 12 дугаар сард Халхгол сумын Ерөнхий боловсролын сургуульд автомашин худалдан авахдаа Төсвийн тухай хуулийн заалтыг зөрчиж өөртөө давуу эрх олгож, иргэн хүнээс хямд автомашин худалдаж аваад сургуулийн захиргаанд илүү үнээр худалдан борлуулсан байна. Уг хэрэгтээ Сум, дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 55 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар гурван жил буюу нэг сарын хугацаатай хорих ялаар шийтгүүлж, уг хэргийг хорих ялаар тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзсан байна. Эрүүгийн “түүхтэй” ийм хүмүүс ямар учраас тусгай хамгаалалтын газарт удирдах албан тушаал хашиж байдгийн учрыг олох цаг болсон гэдгийг давхар сануулсан хэрэг боллоо. Нөмрөгт газар дээрээс нь нийтлэл, сурвалжилга бэлтгэж ирсэн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Ганчимэгийн материалд нийтлэгдсэнээр, тус түймрийн голомтод 14 нэр бүхий хүмүүсийн нэрсийг жагсаалтыг гаргасан. Үүнд, Монгол Улсын Боомтын захиргааны дарга Э.Гантулга, Боомтын захиргааны төлөөлөгч Ц.Насанхүү, “Мобиком” корпорацийн гүйцэтгэх захирал Ясухиро Очи, тус корпорацийн гүйцэтгэх захирал Б.Отгончимэг, Бизнес хариуцсан дэд захирал Б.Мөнхзориг, Стратеги, төслийн удирдлагын албаны захирал А.Даваасүрэн, инженер Б. Ашима гэсэн нэрс гараад буй. Өнөөдөр дээрх албан тушаалтнуудад ямар арга хэмжээ авч, ямар хариуцлага яригдаж байгаа нь тодорхойгүй хэвээр байна. Нийтэд ил байгаа мэдээлэл нь ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэн сануулга авч, Хилийн цэргийн Боомтын захиргааны дарга Э.Гантулга албан тушаалаасаа чөлөөлөгдсөн төдийхнээр дуусч магадгүй бололтой.
УЛАМЖЛАЛТ АЛХАМ УУЧЛАЛТ ХАНГАЛТГҮЙ ГЭВ
Сар гаруй өмнө болсон асар их хохирол дагуулсан Нөмрөгийн түймрийн талаарх мэдээлэл японы олон нийтийн сүлжээ болон бусад томоохон хэвлэлүүдийн анхаарлыг татсан хэвээр байгаа аж. Тухайлбал, японы Kyodo News-ийн мэдээлснээр, Японы “Мобиком” корпорацийн охин компани болох KDDI корпораци нь албан ёсны мэдэгдэл гаргаж уучлал хүссэн ч энэхүү уламжлалт алхам нь хангалтгүй хариу үйлдэл гэж олон нийт үзэж байгаагаа илэрхийлжээ. Тиймээс японы нийгмийн хариуцлагын стандарт болон корпорацийн ёс зүйн дагуу KDDI-аас Нөмрөгийн дархан цаазат газрын экосистемийг нөхөн сэргээх тусгай сан байгуулах, байгаль нөхөн сэргээх мэргэжлийн баг, хиймэл дагуулын мониторингийн систем болон ойжуулах туршлагаараа Монгол Улсад бодитой тусламж үзүүлэх шаардлагатай гэж японы энгийн иргэд шахаж шаардсаар байгаа юм. Түүнчлэн галын шалтгааныг мөрдөн шалгах ажиллагаанд тус корпораци бүрэн ил тод хамтран ажиллах ёстой гэдгийг онцгойлон авч үзэхийг сануулжээ. Японы иргэдийн зүгээс ийм шаардлага тавьж байгаа бол Япон Засгийн газрын талаас Японы Гадаад хэргийн сайд Тошимицу Мотэги-гийн мэдэгдснээр, “Томоохон түймрийн улмаас эвдэрсэн газар нутгийг сэргээхэд туслах зорилгоор Япон улс Монгол руу ойн хамгаалалтын мэргэжилтнүүдийг илгээнэ. Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (JICA )-аас ирэх мэргэжилтнүүд хохирлыг үнэлж, сэргээн босгох ажилд дэмжлэг үзүүлэх бөгөөд үүнд тоног төхөөрөмжөөр хангах, гал түймрийн гамшгаас сэргээх чиглэлээр сургалт зохион байгуулахыг багтаасан байна.
ҮҮРГЭВЧЭЭ ҮҮРЭЭД БУЦАХ ЯПОН БИШ, ҮЛДЭХ САЙД НЬ ХЭН БЭ?

Япон улсын Засгийн газрын байр суурь ийм байгаа бол Монгол Улсын Засгийн газар ямар байр суурьтай байна вэ. Мэдээж энгийн асуулт. Тэр дундаа салбар хариуцсан яам бодлогын төвшинд ямар арга хэмжээ авч байна. Байгаль, орчин уур амьсгал, өөрчлөлтийн яамны сайд Ц.Сандаг-Очирын өөрийнх нь мэдээлснээр, Нөмрөгийн Дархан цаазат газрын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа. Гал түймрийн хохирлыг тогтоох судалгааны ажлыг бэлтгэх ажил, хээрийн судалгаа, суурин боловсруулалт , дүгнэлт гаргаж танилцуулах гэсэн дөрвөн үе шаттайгаар зохион байгуулж байна. 2026 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар эхний хоёр шат буюу зайнаас тандан судлалын мэдээлэлд боловсруулалт хийх, хээрийн хэмжилт, дээжлэлт, судалгааны ажлыг эрдэмтэн, судлаачид, шинжээч, алба хаагчдаас бүрдсэн 50 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг амжилттай дуусгалаа. Үүний дараа байгаль орчин учирсан хохирлын нэгдсэн үнэлгээ, шинжээчдийн дүгнэлт гарна” гэжээ. Ямар хурдан хугацаанд хээрийн судалгаа гарчихав. Газар нутгийн хэмжээг нь тооцвол наад зах нь хоёр жил цаад тал таван жил биш юм уу. Дээр дурдсан японы мэргэжилтнүүд багт нь багтаж ажилласан юм уу, тэдний тоног төхөөрөмжийг ашигласан юм уу. Мэдээллийг нь задлаад үзэхээр хохирлын үнэлгээ удахгүй гарна аа гэсэн мессеж дагуулж байна. Энэ үнэлгээ албан ёсоор гарахаар Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр тус ажлыг ахлах юм байна.
Монгол Улсын Зүүн хязгаарыг хамарсан түймрийн хохирлын үнэлгээ ингэж хурдавчилсан байдлаар гаргаж байгаа нь хардлага төрүүлж байна. Учир нь, японы талынхан бүх үйл ажиллагаанд оролцох үйл явцыг ил тод нээлттэй хэрэгжүүлье гэж хэлээд байгаа шүү. Тиймээс бусдын буруутай үйлдлээс болж үйлдэгдсэн түймрийн хохирогчид зөвхөн салбар яамныхан бус, Монголын ард түмэн бүгд хохирогч учраас яамны явцуу, улс төрийн нөлөөлөлд нийцсэн шийдвэр гаргахыг эсэргүүцэх эрх нь монгол хүн бүрт бий. Түүнээс үүргэвчээ үүрээд явах япон, үлдэх бид үйлс нь хазайсан, үг үйлдэл нь таардаггүй сайдын анхиагүй дүр төрхийг хараад үлдэх зүрх, зориг байхгүй шүү.
Сэтгүүлч В. Сарантуяа
2026.11.04 өдөр






Сэтгэгдлүүд 0
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.
Сэтгэгдэл үлдээх
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.