Японы интернэт үйлчилгээний томоохон компани GMO Internet Group-д хийсэн кибер халдлагын ард Хойд Солонгостой холбоотой хакерын бүлэглэл байх магадлалтай гэж компанийн дотоод шинжилгээгээр гарчээ. Компани энэ талаар Японы засгийн газарт мэдэгдсэн гэж эх сурвалжууд мэдээлэв.
Хакерууд наймдугаар сарын 5-нд компанийн серверт нэвтэрсэн байна. Гэвч GMO үүнийг аравдугаар сарын 20-нд, нэг харилцагч сэжигтэй гүйлгээний талаар лавласны дараа л мэджээ. Халдлагад гадаад валютын арилжаанд ашигладаг Onamae.com Desktop Cloud үйлчилгээ өртсөн байна.
Хакерууд 1 сая ам.долларын золиос нэхсэн ч компани хариу өгөөгүй. Тиймээс тэд аравдугаар сарын 27-нд харилцагчийн нэр, хаяг зэрэг хувийн мэдээллийг ил болгожээ. Мөн GMO GlobalSign дор хаяж 45 мянган харилцагчийн мэдээлэл алдагдсан гэж мэдэгдэв.
GMO группын ерөнхийлөгч Масатоши Кумагай өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, харилцагчдаасаа уучлал гуйсан. Тэрбээр гурван сарын турш цалингаа 30 хувиар бууруулна. Энэ эмзэг байдлыг 2024 оны дөрөвдүгээр сард илрүүлсэн ч бүрэн засаагүй байсныг компани хүлээн зөвшөөрөв.
Токиогийн цагдаа хэрэгт 70 орчим мөрдөгч ажиллуулж байна. Харин Японы засгийн газар хувийн компанийн дүгнэлтэд тайлбар өгөхөөс татгалзжээ.





Сэтгэгдлүүд 0
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.
Сэтгэгдэл үлдээх
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.