
Өнөөдрийн Монгол төрийн залгамж халаа тасарч, зөвхөн улстөрчдийн нөлөөлөл, тэдний өлмий дор шигдэж амьдардаг нийгмийн бүлэглэл бий болжээ. Тэдэнд төрийн хууль цааз үйлчлэхгүй. Тэр дундаа Төрийн албан хаагчийн хууль тэдний ажил төрлөөс тэс хөндлөнд оршдог. Бодит жишээ. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн тэмдэглэлд миний өмнө байна. Энд ямар албан тушаалтны тухай бичсэнийг сийрүүлье.
Гурван жилийн өмнөх баримт. Яллагдагч А.Бүрэнбаатар нь МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 2021 оны 3 сарын 5-ны өдрийн 18 дугаар тогтоолоор МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар томилогдон ажиллаж байв. Тэрбээр 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэсэг үүсгэж яллагдагчаар татагдсан байна. Түүний хийсэн энэхүү гэмт хэргийн зүйл ангид ямар үйлдэл хамрагдсан бэ. Тухайн үедээ албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж, ашиг сонирхлын үүднээс төсвийн мөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулсан байна.
“Өвсний мөнгө хийв”
МҮОНРТ-ийн өмч болох төв байрны 2 дугаар давхарт байрлах 155.8 м2 талбайг тоног төхөөрөмжийн хамтаар түрээслүүлэх сонгон шалгаруулалтад ашиг сонирхлын зөрчилтэй этгээд болох Б.Даваанямын эхнэр Н.Даваацэндийн эзэмшдэг “ Эх зэвгэ” ХХК-ийг сонгон шалгаруулж, 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдөр “ Эх зэвгэ” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулах боломжийг бүрдүүлснээр Н.Даваацэндэд илт давуу байдал олгожээ. Ингээд зогсоогүй НҮБ-д элссэний 60 жилийн ойд зориулж “Дэлхийн Монгол” нэртэй баримтат кино бүтээх ажлын хүрээнд Б.Даваанямын “Сошиал пресс” ХХК-иар дамжуулан 19 сая төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж амжсан байна. Энэ 19 сая төгрөгийн гэрээний гүйцэтгэлийн ажлыг МҮОНРТ-ийн уран бүтээлчээр хийлгэсэн нь албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан гэж АТГ үзэж байгаа юм. Нөгөө талаар Үндэсний телевизийн уран бүтээлчдийг илт доогуур үнэлж, тэдгээр уран бүтээлчдийн мэргэжлийн ёс зүйг уландаа гишгэснээс өөрцгүй үйлдэл гаргасан байна. Уран бүтээлчдээр хийлгэсэн гэрээний гүйцэтгэлийн санхүүгийн баримт нь бүр эгдүүцэл төрүүлж байна. Үүнд, “ Сошиал пресс” ХХК-ийн 495083312 тоот дансанд 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 5.700.000 (таван сая долоон зуун мянган төгрөг), 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 7.600.000 ( долоон сая зургаан мянган төгрөг )-ийг тус тус хувааж хийжээ. Амташсан хэрээ арван гурав дахин гэгчээр дараагийнхаа шилжүүлэх мөнгөний утгыг ингэж өөрчилсөн байна. 2021 оны 11 дүгээр сарын 2-ний өдөр “Хаан “ банкны 5014150137 тоот данс руу “ Өвсний мөнгө хийв” (Эх зэвгэ ХХК ) утгатай 6.730.000 (зургаан сая долоон зуун гучин мянган төгрөг), үүний дараа буюу найм хоногийн дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 499226349 тоот дансаар “Адууны төлбөр”гэх утгатай 3.300.000 (гурван сая гурван зуун мянган төгрөг)-ийг тус тус шилжүүлжээ. Адуу, өвсний төлбөр нь яагаад ч МҮОНРТ-ийн данснаас хяналтгүй ингээд гарчихдаг юм бол. А.Бүрэнбаатар нь албан тушаалаа ийнхүү урвуулан ашигласнаар МҮОНРТ-д нийтдээ 19 сая төгрөгийн хохирол учирсан байна. Гэсэн ч өнөөдрийг хүртэл энэ төлбөр төлөгдөөгүйгээр барахгүй А.Бүрэнбаатар одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы Олон нийттэй харилцах зөвлөхөөр ажиллаж байна.
МҮОНРТ-ийн экс захирал залилагч уу?
Тухайн үед МҮОНРТ-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Бүрэнбаатар нь “Тавантолгой түлш” ХХК-тай Б. Даваанямын “ Эвийн дөрвөн од” ХХК-иар ажил гүйцэтгэх гэрээг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр байгуулж дээрх ажлыг гүйцэтгэхгүйгээр гэрээгээр халхавчлан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “Тавантолгой түлш” ХХК-иас “ Эвийн дөрвөн од” ХХК”-ийн “Хаан” банкны 5027294539 тоот дансанд 7 сая төгрөг, “ Сошиал ресс” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 495083312 тоот дансанд 7 сая төгрөгийг шилжүүлэн авч,улмаар өөрийн нэр дээрх “Хаан” банкны 5014150137 тоот данс руу 12.600. 000 ( арван хоёр сая зургаан зуун мянган төгрөг) төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдэгдэн гарахад шалтгаан нөхцөл нөлөөлсөн гэж АТГ-ын Мөрдөн байцаагчийн дүгнэлтэд дурджээ. Тодруулж хэлбэл, гүйцэтгэх захирал А.Бүрэнбаатар нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэгт албан эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх зүйл ангитай гэсэн үг. Түүний хийсэн гэмт үйлдлийг хуулийн байгууллагынхантай баримтаар нотолсоор байтал өнөөдрийг хүртэл түүнд ямар ч хуулийн хариуцлага хүлээгээгүйгээр барахгүй бүр Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд С.Амарсайханы ажлын хэсгийн багт ажиллаж байгаа нь шударга ёсонд нийцэх үү. Энэ бол хэн нэгнийг харлан гүтгэх ажил огтхон ч биш бөгөөд өнөөдөр төрийн алба хаагчийн орон тоонд ийм хүн шургалж ажиллаж байгаа нь сонирхол татаж байгаа юм.
Сайдынхаа өмнөөс үүрэг өгдөг болсон
Өнөөдөр хууль зүйн салбарт ажиллаж байгаа олон төрийн алба хаагчид эгдүүцэл, дургүйцлээ ил гаргаж чадахгүй байгаа аж. Хууль зүй, дотоод хэргийн сайдын Орон тооны зөвлөх нэртэй А.Бүрэнбаатар энгийн төрийн алба хаагчдад үүрэг өгч, тэднийг харцаараа хөдөлгөх асар сонирхолтой гэнэ. Тусгай чиг үүрэгтэй ажилладаг хуулийн салбарынхан улс төрийн томилгоотойгоор төрийн албанд томилогдон ажиллаж байгаа энэ мэт хүнээс залхаж байгаагаа нуухгүй байна. Тэд ийн ярьж байна. Хууль зүйн сайдтай баг болж ажиллаж буй хүмүүсийн дундаас хамгийн их хүмүүсийн дургүйцлийг хүргэдэг хүн бол А.Бүрэнбаатар юм. Тэрбээр төрийн алба хаагчийн ёс зүй, хандлага, харилцааны А ч мэдлэггүй. Өөрийгөө сайдын хэмжээний албан тушаалтан мэт төсөөлж агентлаг, байгууллагын дарга нар болон алба хаагчдыг дарамталж эрх ямба эдэлдэг. Түүнд таалагдах зүйл гэж нэгээхэн ч байхгүй бөгөөд тэр хүнд өөрөө мундаг, бусад нь юу ч хийж чаддаггүй мэтээр сайддаа ойлгуулдаг. Уг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд ажил авсныхаа дараа харьяа байгууллагуудынхаа алба хаагчдыг өмгөөлнө, хамгаална, дэмжинэ гэж ярьж байсан билээ. Харамсалтай нь, түүний эл үгийг хамтрагч А.Бүрэнбаатар бүрэн утгаар нь үгүй хийгээд удаж байна. Сайд хаана явна энд тэнд дагаастай. Зүгээр нэг дагалдагч биш. Ажил үүргээ хуулийн хүрээнд хийж яваа энгийн төрийн алба хаагчдыг илт дээрэлхсэн өнгө аястай, хаанаас ч юм бүү мэд нэг даалгавар өгчихдөг. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн заалтыг илт зөрчдөг. Төрийн ажил бол олон нийтийн эрх ашигт нийцэж ажилладаг болохоос огт төрд ажиллаж үзээгүй, үзсэн хэрнээ ашиг сонирхлын зөрчилд идэгдсэн, хуулийн байгууллагад яллагдагч нэртэй хүн ажиллах ёсгүй билээ. Хамгийн харамсалтай нь, А.Бүрэнбаатар гурван жилийн өмнө АТГ-аас шалгагдаж байсан одоо хүртэл хэрэг нь шийдэгдээгүй, тэгсэн атлаа Хууль зүй дотоод хэргийн сайдын нөмөр тохойд нуугдаж амьдарч байгаа өнөө цагийн төрийн ужиг хэлбэр юм. Хууль зөрчигч ингээд яваад байх уу. Эсвэл “чоно үүрэндээ өлзийтэй” гэдэг энэ юм уу гэдгийг хууль сахиулагчдаас шударга ёсны зарчмаар асуумаар байна.
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.
Өнөөдрийн хамгийн чухал мэдээ, сурвалжлагыг имэйл хаягаар тань хүргэнэ. Бүртгэл үнэгүй бөгөөд хэзээ ч цуцлах боломжтой.