
Нийслэл хотын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд анх удаа англи хэлний олимпиадыг зохион байгууллаа. Тус олимпиадад оролцогч сурагчид англи хэлний шалгалтаа амжилттай өгсөн тохиолдолд Австрали улсын Маккуори их сургуульд элсэн орж, суралцах боломжийг нээж байгаа аж. Энэхүү үйл ажиллагааг Монгол,Австралийн нийгэмлэг буюу Төгсөгчдийн холбооны тэргүүн УИХ-ын гишүүн Д. Цогтбаатарын санаачлагаар эхлүүлсэн байна.

Тэрбээр өнгөрсөн хугацаанд боловсролын салбарт багагүй өөрчлөлтийг хийж эхлүүлсэн билээ. Энэ удаагийн англи хэлний олимпиадын хувьд өмнөх сургалтаас өөр төвшинд болж байгаагаар онцлогтой гэж зохион байгуулагчдын зүгээс хэлж байна. Энэ талаар Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн захирал Л. Энхтүвшин хэлэхдээ” Австрали улсын Маккуори их сургууль дэлхийн шилдэг сургуулиудын нэг. Тус сургууль нь судалгаа, шинжилгээ, инновац болон бизнесийн салбарын хамтын ажиллагаагаараа алдартай. Монгол оюутнуудын хувьд тус сургуульд суралцах өргөн боломжтой. Эхний ээлжид бид Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн сургуулиудын ахлах ангийн 100 сурагчдыг хамруулсан англи хэлний олимпиад зохион байгууллаа. Тус олимпиадад шалгарсан 50 сурагчийн материалыг Австралийн талд хүлээлгэж өгөөд тэд дараагийн шатлалын үйл ажиллагааг үргэлжлүүлэх юм. Тодруулж хэлбэл, анхны шалгалтыг Монголын тал, дараагийн шалгалтыг Австралийн талынхан хариуцаж авна. Ингэснээр сурагчдын авсан оноо шударга байх, мэдлэг чадварын төвшинг зөв тодорхойлоход ямар ч асуудал гарахгүй гэж үзэж байгаа. Хэрвээ манай сурагчид шалгалтдаа тэнцчихвэл олон төрлийн тэтгэлэгт хамрагдана. Австралийн их сургуулийн зүгээс амжилттай суралцагчид жил бүр 10. 000 хүртэлх австрали долларын тэтгэлэг олгодог” гэсэн юм. Мөн Австралид төгсөгчдийн холбооны төлөөлөл, “Kangaroo” Боловсрол зуучлалын агентлагийн захирал Б. Гэрэлмаа, “ энэ удаагийн олимпиад хувийн сургуулийн сурагчдыг оролцуулаагүй, зөвхөн хотын сургуулиудын сурагчдыг оролцуулж байна. Үүнийг хот, хөдөө гэж ялгасан гэж ойлгож болохгүй. Австралийн зүгээс эхний ээлжид хотын сургуулиудын англи хэлний төвшинг тогтоож үүний үндсэн дээр дараагийн шатлалын сургалтыг хийхээр төлөвлөөд байгаа” гэв.
Энэ удаагийн англи хэлний олимпиадад нийт 100 сурагчид англи хэлээр шалгалт өгсөн бөгөөд дараагийн шалгалтыг Австралийн Маккуоригийн их сургуулийн багш нар авахаар болжээ. Өөрөөр хэлбэл, тэд өөрийн сургуульдаа ямар оюутан сонгож суралцахыг шийдэх юм байна. Тэнцсэн тохиолдолд ямар ч тэтгэлэгт хамрагдах боломжтой гэдгийг онцолж байлаа.

Өнөөдрийн хамгийн чухал мэдээ, сурвалжлагыг имэйл хаягаар тань хүргэнэ. Бүртгэл үнэгүй бөгөөд хэзээ ч цуцлах боломжтой.
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.