
Оюутолгойн 2011 оны Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, зээлийн хүү болон менежментийн төлбөрийг бууруулахаар тохиролцсон талаар УИХ-ын гишүүн З.Мэндсайхан мэдээллээ.
Түүний мэдээлснээр, гэрээний хүрээнд зээлийн хүүг SOFR+6.5 хувиас SOFR+4.0 хувь болгон бууруулжээ. Ингэснээр зээлийн хүүгийн зардлыг 6.2 тэрбум ам.доллараар бууруулж, Монголын талын хүртэх өгөөжийг 2.5 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх нөхцөл бүрдсэн байна.
Мөн зээлийн хүүгийн нөхцөлийг хянан үзэх хугацааг өмнө нь долоон жил байсныг гурван жил болгон богиносгожээ. Ингэснээр зээлийн нөхцөлийг илүү ойр давтамжтай хянан үзэж, шинэчлэн сайжруулах боломж бүрдэнэ гэж тайлбарлав.
З.Мэндсайханы мэдээлснээр, зээлийн хүүгийн зардал болон менежментийн төлбөрийг бууруулснаар нийт зардлыг 30 их наяд төгрөгөөр бууруулах боломжтой болсон бөгөөд хэлэлцээрийн үр дүнд Монголын талын мөнгөн урсгал нэмэгдэхээр тохиролцсон байна.
Түүнчлэн Монголын тал 2027 оноос Оюутолгой төслөөс ногдол ашиг хүртэж эхлэхээр тооцож буйг онцоллоо.
Тэрбээр уг хэлэлцээрийг хийсэн ажлын хэсгийг ахалж ажилласан бөгөөд олон удаагийн уулзалт, хэлэлцээний үр дүнд дээрх өөрчлөлтүүдийг баталгаажуулсан хэмээн мэдээлэв.
Өнөөдрийн хамгийн чухал мэдээ, сурвалжлагыг имэйл хаягаар тань хүргэнэ. Бүртгэл үнэгүй бөгөөд хэзээ ч цуцлах боломжтой.
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.