
“Солонго” 1, 2 төслийн орон сууцыг иргэдэд түрээслээд өмчлөх, түрээслэх гэсэн хоёр журмаар олгохоор боллоо. Иргэдийн хүсэлтийг наймдугаар сараас эхлэн tosk.gov.mn цахим сайтаар хүлээн авна. Одоогоор анкетын систем бүрэн нээгдээгүй байгаа гэж албаныхан мэдээлжээ.
Түрээслээд өмчлөх орон сууц гэдэг нь түрээслэгч тав хүртэлх жилийн хугацаанд түрээсийн төлбөрөөс гадна нэмэлт төлбөр төлж хуримтлуулан, орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг төлсөн тохиолдолд орон сууцны зээлд хамрагдаж, өөрийн түрээсэлж буй байраа худалдан авч өмчилдөг хэлбэр юм. Урьдчилгаа бүрдсэний дараа үлдэгдэл төлбөрийг бэлнээр, банкны зээлээр эсвэл Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр төлөх боломжтой.
Бүртгэл 100 хувь цахимаар явагдах бөгөөд иргэдээс цаасан материал шаардахгүй. Иргэн эхлээд төслөө сонгож, дараа нь орон сууцны талбайн хэмжээ болон өөрийн хамаарах бүлгээ сонгоод, регистр, утас, цахим шуудангийн хаягаа оруулна. Мэдээллийг ХУР системээр дамжуулан шалгаж, үнэлгээ хийнэ.
Сонгон шалгаруулалтад төрийн албан хаагч, хувиараа бизнес эрхлэгч, залуу гэр бүл, ахмад настан, дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, өрх толгойлсон иргэн, байгалийн гамшгийн улмаас орон гэргүй болсон өрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг бүлэг хамрагдана.
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.
Өнөөдрийн хамгийн чухал мэдээ, сурвалжлагыг имэйл хаягаар тань хүргэнэ. Бүртгэл үнэгүй бөгөөд хэзээ ч цуцлах боломжтой.