
Орос улсын Украйн руу хийсэн довтолгоонд дор хаяж 11 хүн амиа алдаж, харин Украйны талаас Оросын Киров муж руу хийсэн цохилтод зургаан хүн нас барсан гэж хоёр талын албаны хүмүүс мэдээлэв.
Украйны Ерөнхийлөгч Владимир Зеленский баасан гарагт Киев мужид Оросын пуужингийн цохилтоор зургаан хүн амь үрэгдэж, олон арван хүн шархадсан гэдгийг мэдэгдэв. Түүнчлэн Славянск хотод Орос хоёр агаарын бөмбөг хаясны улмаас таван хүн нас барж, есөн хүн шархадсан гэж хотын захирагч Вадим Филашкин дуулгав.
Нөгөө талаас Оросын Киров мужид Украйны пуужингийн цохилтоор нэгэн үйлдвэрт зургаан хүн амиа алдаж, 26 хүн шархадсан гэж мужийн захирагч Александр Соколов мэдээлэв. Мөн Оросын томоохон онлайн худалдааны "Wildberries" компанийн агуулах дахин цохиулсан бөгөөд өнгөрсөн долоо хоногоос хойш нийт дөрвөн удаа онилогдоод байна.
Владимир Зеленский эдгээр цохилтыг "амжилттай" болсон хэмээн үнэлж, Оросын логистикийн байгууламжийн эсрэг ажиллагаа үргэлжилж байгааг онцлов.
Оросын Батлан хамгаалах яамнаас шөнийн турш Украйны 571 нисгэгчгүй онгоцыг сөнөөсөн бөгөөд энэ нь сүүлийн үеийн хамгийн том дайралтуудын нэг болсон гэж мэдэгдэв.
Өнөөдрийн хамгийн чухал мэдээ, сурвалжлагыг имэйл хаягаар тань хүргэнэ. Бүртгэл үнэгүй бөгөөд хэзээ ч цуцлах боломжтой.
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.