
Жижигхээн бор гэрийг Осака хотын Огимачи хүрээлэнгийн голд наран ивээх зүгийг чиглүүлэн барьжээ. Хажуухан талд нь Их Чингис хааны тахилгын идээ зоогийг ёс дэгийн дагуу байрлуулан засч, ирэх зочдод хүндэтгэлийн тайзыг ч бэлтгэжээ. Энэ удаагийн Их тахилгын ёслол Осака хотод 19 дэх жилдээ тасралтгүй зохион байгуулж буй нь энэ юм.
Анх япон инженер Ачиката сангийн санаачилсан энэхүү үйл хэргийг өнөөдрийг хүртэл Чингис хааны тахилгын эрхлэгч, “Хөх туг” нийгэмлэгийн тэргүүн боловсролын удирдлагын доктор (PHD ) У. Өргөн соёлын харилцааны зарчмаар сурталчилж таниулж яваа түүхтэй.
Их Чингис хааны тахилгын өдөр бөхийн барилдаан, үндэсний хувцас, монгол идээ зоогийг сурталчлан таниулахын зэрэгцээ монгол өв соёлын үнэт зан заншлыг дотоод, гадаадын олон иргэдэд бодитоор нь харуулдаг гэдгээрээ онцлогтой. Японы хамгийн үзэсгэлэнтэй улирал сакура цэцэглэх үеийг сонгодог нь ч учиртай аж. Их Чингис хааны онгон дагшин байдал, эрхэмсэг оршихуйг хадгалж цаашдын Монголчуудын хувь заяаг даатгаж, Их хааны хийсэн их үйлсийг хойч үедээ таниулахад тахилгын гол зорилго оршиж байгааг зохион байгуулагчид нь ярьж байна.
Энэ удаагийн Их Тахилгын ёслолд бөхийн барилдааныг хоёр төрлөөр зохион байгуулжээ. Эхний төрөл нь өвөрмонголын бөх барилдаан. Тус бөхийн тэмцээнд нийт 32 бөх бүртгүүлснээс монгол бөх 12, өвөрмонгол бөх 15, япон бөх 5 зодоглосон юм. Энэ бөхийн төрөлд Ховд аймгийн Чандмань сумын Хараат сумын заан Г.Цогтгэрэл түрүүлэв. Дараагийн төрөл нь цуваа бөхийн барилдаан. Цуваа бөхийн барилдаан гэдэг нь нэгийн даваа болон хоёрын даваанд унасан бөхчүүдийн дунд болдог барилдаан аж. Энэ цуваа бөхийн барилдаанд монгол бөх Алтантулга түрүүлсэн юм. Мөн монгол үндэсний хувцасны шалгаруулалтын тэмцээнд Өвөрмонголын Баянтал, Мянганзул, Уудам, Сүрэ нар түрүүллээ. 19 дэх хавраа үдэж буй Их тахилгын ёслол өмнөх жилүүдээсээ улам өргөн дэлгэр болж олон жуулчид ирж монгол зан заншлыг ихээхэн сонирхдог нь ажиглагдсан юм. Нөгөө талаар гадаадад амьдрах нь “моод “ биш, гагцхүү үндэсний их соёл өв зан заншил гэж үеийн үед мөнхлөгдөн үлдэж, энэ бүхнээр хойч ирээдүй бахархан дуурайж, дуурсагдах алдартай их түүхийн эзэд нь бид өөрсдөө юм байна гэдгийг илүү их ухаарч ойлголоо.
Өвөг дээдсийн ур ухаан Их Чингис хааныхаа мэлмийд багтаж, ухаанд нь урлагдаж үлдсэн Монгол түмний их үйлсийн замын урт дэлхий дахинд бишрэгдэж, энэ бүхнээр бахархдаг хэчнээн ч олон хүн байдаг гэдгийг харсан бахархалт нэгэн өдөр ийнхүү оршвой.
Япон улс.
Осака хот.
Сэтгүүлч В. Сарантуяа
2026. 04. 14
Имэйл хаяг нийтлэхгүй. * заавал бөглөнө.
Comments
Одоогоор сэтгэгдэл алга.