
Бүх салбар чухал хэдий ч хүн бүрт шууд хамааралтай нь эрүүл мэндийн салбар. Иргэн эрүүл бол, улс баян гэж ойлгодог. Эрүүл хүнээс саруул ухаан, эрүүл үйлдэл, ажил хөдөлмөрийн бүтээмж гарна. Бие өвдвөл бүхий л зүйл хүссэн, хүсээгүй тэг зогсолттой. Тиймээс бид өнөөдөр юунд ач холбогдол өгөх вэ. Юуг чухалчилж энэ асуудалд иргэд дуу хоолойгоо өргөх вэ. Ямар ч мэдлэг боловсролгүй, төрийн бодлого шийдвэрээ ч ойлгохгүй, хуулийн заалтаа ч олигтой тайлбарлаж чадахгүй, ёс зүйгүй зарим УИХ-ын гишүүд, сайд нарын асуудалд ач холбогдол өгөхөөсөө илүү яг иргэн танд, надад наалдастай байх бодлого шийдвэрийг сайн сонсч ойлгохыг хүсч байна. Энэ Засгийн газарт Эрүүл мэндийн сайдаар Э. Батшугар ажиллах болсон нь энгийн иргэдийн хувьд ихээхэн боломж нөхцөл гарч буйг түүний хэлсэн үгнээс харж болж байна. Ер нь Э. Батшугар их залуудаа төрийн ажлын дэс дараалал зарчмыг баримталдаг залуу. Олон жилийн өмнө Монголбанкны дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед нь нэг удаа ярилцлага авч байсан. Түүнээс хойш нэг ч удаа таараагүй. Одоо бараг намайг танихгүй байх. Гэхдээ бид хоёрын хийсэн ярилцлага тухайн үеийн “ Үндэсний шуудан” сонины гол материал болж шуугиан тарьж байв. Тэр үед Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н. Энхбаяр шоронд хоригдож, өлсгөлөн зарлаж нийгэм тэр чигээрээ хоёр хуваагдсан үе. Мэдээж ийм үед түүний хүүгээс ярилцлага авна гэдэг амаргүй зүйл. Би ч Батшугараас уйгагүй гуйсан. Тэгсэн нэг өдөр та надаар ямар үг хэлүүлмээр байгаа юм. Сэтгүүлчийнхээ зүгээс санаагаа бичээд гарчгаа өгчих. Тэгвэл цаг тохироод уулзья гэв. Ингээд би үйл явдал болон бүх зүйлийг өдөр бүр сурвалжилж байсан болохоор
Э. Батшугар: “Миний аав өмөөрөх хүүтэй, өмөлзөх охидтой хүн шүү “ гэсэн гарчиг өгөөд мэйлдэв. Хаширт таалагдсан бололтой та хүрээд ир гээд бид ярилцсан удаатай. Ерөнхийдөө тэр үед надад ийм залуу байж ямар хашир үзэж байна аа гэж бодоод ярилцлагаа хянуулаад, гарын үсэг зуруулж өгснөөр тэр ярилцлага баталгаажсан юм.
“Хар жагсаалт”-ын хуулийг санаачлагч нь
Монголбанкинд бидний зээлийн бүх мэдээллийн сан дуурайгаад байж байдаг. Мэднэ биз дээ. Олон нийтийн хэллэгээр хар жагсаалт гэж нэрлэдэг боловч албан ёсны хуулийн нь нэршил “ Хар жагсаалт”-ыг халах Зээлийн мэдээллийн тухай хууль. Энэ хууль батлагдсанаар 70 мянган зээлтэй иргэд хар жагсаалтаас хасагдах боломжтой. Миний санаж байгаагаар энэ хууль өнгөрсөн намар батлагдаж Монголбанкны холбогдох журмын дагуу хэрэгжих ёстой. Хэрвээ энэ хууль хэрэгжээд эхэлвэл Монгол Улсын 1.6 сая иргэн энэхүү хар жагсаалтаас хасагдаж, цаашдаа зээлийн хар түүхгүй болно гэсэн үг юм. Тодруулж хэлбэл, энэ хууль бидний амьдралд шууд утгаараа эерэг нөлөө үзүүлнэ. Хуулийн хэрэгжилтийн талаар Монголбанкны холбогдох эх сурвалжаас асуувал илүү сайн мэдээлэл олдоно.
ЭМИЙН ХУДАЛДАН АВАЛТ ЭРХ МЭДЭЛТЭНД БАЙГАА
Ойр тойрныхон намайг японд байгаа болохоор янз бүрийн эм тариа бэлдмэл захидаг. Би эрүүл мэндийн салбарын хүн биш учраас энэ байдлаас татгалздаг. Өөрөө хэл мэдэхгүй, хүний өвчнийг ойлгохгүй байж эндээс сайн гэсэн бүрийг авах боломжгүй. Харин Монгол руу японы эм бэлдмэл маш өндөр үнээр худалдаалдаг хэд хэдэн бүлэг хүмүүсийг бол мэднэ. Тэд олон жилийн турш японоос монгол руу эм бэлдмэл, тариа оруулаад өөрсдөө асар их баяжсан юм билээ. Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан хүн, эрүүл мэндийн салбарт дархлагдсан эмийн наймаачид гээд арван хуруунд багтахгүй хүмүүс байна. Эдгээр хүмүүс өвчтэй хүмүүсийн хамгийн эмзэг цэгийг хатгаж хэтэвчээ дүүргэдэг юм байна. Энэ тохиолдолд японд амьдардаг ямар ч энгийн иргэн эмийн наймаа эрхлэх боломжгүй. Үүнийг зөвхөн сүлжээ эрх мэдэлтэн, улстөрчид хийдэг юм билээ. Тиймээс Эрүүл мэндийн сайд Э. Батшугарын яриад байгаа “Эмийн худалдан авалтыг нэг цонх”-оор хийж, эмийн өртгийг бууруулах зохицуулалт хийнэ гэдэг нь маш зөв бодлого. Энэ бодлогыг хэрэгжүүлэхийн тулд гадаадаас өндөр өртөгтэй эм бэлдмэл оруулж ирдэг мафийн сүлжээг хамгийн түрүүнд илрүүлж, шалгуулах шаардлагатай. Зөвхөн японд ч биш, бусад олон оронд энэ сүлжээ бий болсон гэдгийг гаалийнхан хууль хяналтынхантай хамтарч ажиллавал илүү үр дүнтэй. Ингэснээр эрүүл мэндийн даатгалын тогтолцоо өөрчлөгдөх боломжтой. Сүүлийн жилүүдэд хэчнээн олон залуус ертөнцийн мөнх бусыг үзэв ээ. Эрүүл мэндийн буруу тогтолцоо, мафижсан наймааны золиосонд энгийн иргэд амь насаараа хохирсоор буй.
Д. ОЧИРБАТЫГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ШАЛГУУЛ?
Чингэлтэй дүүргийн Засаг дарга байхаасаа эхлэн төрийн өндөр албан тушаал хашсан хүн. Засаг дарга байхдаа Чингэлтэй дүүргийн Зүрх - Уулын энгэрт ой модыг хашаад аав ээждээ хаус барьж өгч байлаа. Албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж сурсан хүн дээ. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга гэдэг бол цаг дээрээ тулахаар сайдаасаа илүү эрх мэдэлтэй, олон гэрээ хэлэлцээр дээр гарын үсэг зурж баталгаажуулдаг хар үгээр бол “монзонков”ын дарга. Энэ хүний хараа, гар хоёроор дамжихгүй асуудал байхгүй гэсэн үг. Тиймээс түүний хулгайлсан, луйвардсан, авлига авсан өгсөн гэх бүх асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулах нь үнэнд ойртоно. Тэгэхгүй эрх мэдэлтэй үедээ төрийн мөнгийг паразиталж идэж уучихаад ажлаасаа чөлөөлөгдсөн болоод явуулж болохгүй. Ийм төрийн “дээрэмчдээс “болж хэчнээн хүн амь насаа алдсан бол. Цаашдаа ажлаас нь чөлөөлөхдөө ажлыг нь хүлээж авдаг системтэй байвал хариуцлага тооцоход илүү дөхөмтэй санагдана.
Ямар ч байсан эрүүл мэндийн салбарт хийж буй бодлого нь өнөөдөр таалагдаж байгаа нь үнэн. Гэхдээ алсдаа аав шигээ эрх мэдэл гэдэг чинь маш хүчтэй эхнэрээс ч илүү юм гээд яриад суухгүй байх гэдэгт чинь итгэж байна.
Япон улс.
Осака хот.
Сэтгүүлч В. Сарантуяа
2026. 04.16
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.
Өнөөдрийн хамгийн чухал мэдээ, сурвалжлагыг имэйл хаягаар тань хүргэнэ. Бүртгэл үнэгүй бөгөөд хэзээ ч цуцлах боломжтой.