
Ханиад, үрэвсэл, өвдөлтийг намдаахад гал тогооны энгийн орц, ургамал тусалдгийг олон хүн мэднэ. Эдгээр "эмээгийн жор"-ын зарим нь үнэхээр үр дүнтэйг эрдэмтэд судалгаагаар баталжээ. Гэртээ хялбар хэрэглэж болох, шинжлэх ухаанаар нотлогдсон аргуудаас хүргэе.
Куркума (шарын үндэс). Найрлаган дахь куркумин бодис нь үрэвсэл, түүнээс үүдэлтэй үений өвдөлтийг үрэвслийн эсрэг зарим эмтэй дүйцэхүйц бууруулдаг. Өдөрт хагасаас нэг цайны халбагыг хоолондоо нэмбэл нэг сарын дараа үр нөлөө нь мэдрэгддэг.
Цагаан гаа (имбирь). Дотор муухайрах, толгой өвдөх, үрэвслийг зөөлрүүлнэ. Жижиглэн хэрчээд буцалсан усанд хийж, лимон, зөгийн балаар амталж уувал ханиад томуу, хоолой өвдсөнд сайн.
Улаан чинжүү. Найрлаган дахь капсаицин нь булчин, биеийн өвдсөн хэсэгт гаднаас нь түрхэхэд өвдөлтийг мохоодог. Түрхэхдээ бээлий өмсөж, нүд, нүүрэндээ хүргэхээс болгоомжил.
Шитаки мөөг. Дархлааг дэмжиж, эсийн түвшинд үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Өдөр бүр 5–10 грамм идсэн хүмүүсийн дархлаа дөрвөн долоо хоногийн дараа сайжирсан судалгаа бий. Шөлөндөө хэдэн зүсэм нэмж болно.
Эвкалиптын тос. Өвдөлт намдааж, үнэрийг нь амьсгалахад хамар битүүрэхэд тусална. Гэхдээ багтраа өвчнийг сэдрээж болзошгүй тул хүүхэд, гэрийн тэжээвэр амьтдад болгоомжтой.
Лаванда. Толгой өвдөх, түгшүүр, стрессийг намдааж, нойрыг сайжруулна. Лавандын цай уух буюу үнэрт тосыг өрөөнд сэнхрүүлэх нь тайвшрахад тусална.
Борлого (мята). Гэдэс базлах, суулгах зэрэг хоол боловсруулах замын таагүй байдлыг зөөлрүүлдэг. Толгой өвдөх, ханиадны үед ч хэрэг болно.
Хулба. Үрийг нь цай болгож ууснаар хөхүүл эхийн сүү нэмэгддэг. Мөн цусан дахь сахарыг бууруулдаг тул чихрийн шижинтэй хүмүүст тустай гэж үздэг.
Магни ихтэй хүнс. Булчин чангарах, бие ядрах, толгой байнга өвдөх нь заримдаа магнийн дутагдлын шинж. Бууцай, бүйлс, авокадо, буурцагт ургамал магниар баялаг бөгөөд стресс тайлж, сэтгэлийг тогтворжуулахад тусална.
Анхаар: Эдгээр нь эмчилгээг орлохгүй. Тогтмол эм уудаг, архаг өвчтэй хүн эдгээрийг байнга хэрэглэхээсээ өмнө эмчтэйгээ зөвлөлдөх нь зүйтэй. Харшлын шинж илэрвэл нэн даруй эмчид хандаарай.
Эх сурвалж: Healthline
Өнөөдрийн хамгийн чухал мэдээ, сурвалжлагыг имэйл хаягаар тань хүргэнэ. Бүртгэл үнэгүй бөгөөд хэзээ ч цуцлах боломжтой.
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.