Даваа 2026.10.26

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, С.Замира, П.Мөнхтулга, Д.Үүрийнтуяа, Д.Цогтбаатар, С.Цэнгүүн нар Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв.
Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа.
Тэрбээр иргэдийн санал, хүсэлтийг сонсохын зэрэгцээ Улсын Их Хурлаар хэлэлцэж буй хууль, тогтоолын төслүүдийн талаар танилцуулж, зарим асуудлаар мэдээлэл, зөвлөгөө өгөв. Тухайлбал, энэ долоо хоногт чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ гэдгийг онцлоод төсөв, эдийн засгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд 15:22 цагт 57.1 хувийн ирцтэй хуралдаж эхэлсэн бөгөөд 7 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний нэг нь Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулах тухай байв. Улсын дээд шүүхийн шүүгчид З.Ганзоригийг нэр дэвшүүлснийг танилцуулав.
Мягмар 2026.10.27

Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар 10 цаг 42 минутад 60.7 хувийн ирцтэй эхэлж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Б.Жаргалан нараас Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Нэгдсэн төсвийн гүйцэтгэл нь төсвийн тусгай шаардлагыг энэ хуулийн 8 дугаар зүйлд зааснаас бусад шалтгаанаар хангаагүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 4-т заасны дагуу Засгийн газрыг огцруулах тухай санал гаргах үндэслэл болно.” гэж заасан байдаг. Гэвч Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлэх, тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд Дөчин гуравдугаар зүйлд заасан Ерөнхий сайдыг огцруулах журмыг бүхэлд нь өөрчлөн найруулж, 4 хэсэгтэй байсныг 2 болгосныг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин энэ үеэр тодотголоо. Мөн Засгийн газрын төсвийн сахилга бат, хариуцлагатай байхад чиглэсэн хамгийн чухал заалт нь хэрэгжих боломжгүй, улмаар Үндсэн хуульд байхгүй заалтыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд эшилсэн байгааг өөрчлөх хүрээнд төслийг боловсруулсан гэв.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, 35 иргэнтэй уулзлаа. Тэрбээр Улсын Их Хуралд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн бодлого, шийдвэр гаргах түвшинд тэдний дуу хоолойг хүргэхийн төлөө идэвхтэй ажилладаг гишүүдийн нэг юм.
Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Э.Тамир тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаан 14 цаг 16 минутад, 30 гишүүний 22 буюу 73.3 хувь нь хүрэлцэн ирснээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулав.
Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд ажилласан 18 дахь гишүүн боллоо. Тэрбээр, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо болон Хүний эрхийн дэд хорооны гишүүн бөгөөд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, иргэдийн эрх ашигт нийцсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих парламентын хяналтыг сайжруулах чиглэлээр ажилладаг.
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаж, Нийгмийн халамжийн тухай болон Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив.
Лхагва 2026.10.28

Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдтэй уулзлаа.
Уулзалтаар Улаанбаатар хотын дахин төлөвлөлт, газрын харилцаа, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, зам тээврийн дэд бүтэц, автозамын түгжрэл, агаар, хөрсний бохирдол, хог хаягдлын менежмент зэрэг тулгамдсан асуудлыг хөндөн ярилцав.
Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 12 цаг 38 минутад 56 гишүүний 30 буюу 53.6 хувь нь хүрэлцэн ирснээр эхэлж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо 11.00 цагт 50.4 хувийн ирцтэй хуралдаж, “Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая” олон нийтийн хэлэлцүүлгийн танилцуулга, үр дүнг хэлэлцэв. Мөн хуралдаанаар Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс болон холбогдох байгууллагын мэдээллийг сонслоо.
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Өгөгдлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг байгууллаа.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнийг хүлээн авч уулзан, Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны чиглэл, цаашид анхаарах асуудлаар санал солилцлоо. Уулзалтаар хүн ам зүйн бодлого, залуусын гэр бүл төлөвлөлтийн асуудалд бодлогын түвшинд анхаарч, хамтарч ажиллах талаар ярилцлаа.
Пүрэв 2026.10.29

Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын 74 гишүүн хүрэлцэн ирснээр 58.7 хувийн ирцтэйгээр 10.00 цагт эхэлж, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг УИХ-д танилцуулж, Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв.
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Чинюнь Дяо болон Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж байгаа СТРИЙМ+ төслийн хууль, бодлогын мэргэжилтэн Б.Алтанцэцэг нарыг хүлээн авч уулзав. Уулзалтаар талууд Монгол Улсын хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийг бэхжүүлэх чиглэлээр цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Баасан 2026.10.30

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 40 дугаар хэвлэгдэн гарлаа. Шинэ дугаарт Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль зэрэг нийт 13 хуулийн хамт “Хууль, тогтоолын төсөл буцаах тухай”, “Монгол Улсын Их Хурлын 2025 оны 102 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай”, “Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолуудыг нийтэлсэнтэй тус тус дэлгэрэнгүй танилцах боломжтой.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан, П.Ганзориг, О.Саранчулуун, Б.Хэрлэн нараас Эрүүл мэндийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ төсөл өргөн мэдүүлэв. Эрүүл мэндийн тухай хууль нь 2011 онд батлагдсанаас хойш нийт 31 удаагийн нэмэлт, өөрчлөлт орсны улмаас тус салбарын бодлого, зохицуулалт, хэрэгжилт хоорондын уялдаа хангалтгүй болж, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашигт сөргөөр нөлөөлөх нөхцөл бүрдсэн аж. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан 15 жилийн дараа ийнхүү эрүүл мэндийн салбарын “малгай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан өргөн мэдүүлж буйг дурдаад, хуулийн төсөлд цогц хэлбэрийн өөрчлөлтүүдийг хийж, иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар сайжрах, чирэгдэл багасгах, санхүүгийн дарамтаас сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн бодлогоо тэргүүлэх чиглэл болгох чухал зохицуулалтуудыг тусгасныг онцлов.
Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан УИХ-ын 126 гишүүнээс 76 нь хүрэлцэн ирж, 60.31 хувийн ирц бүрдсэнээр эхэлж, Өгөгдлийн тухай, Нийгмийн халамжийн тухай, Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.
Чуулганы үдээс хойших хуралдаан УИХ-ын асуулгын цагаар үргэлжилж, 2027 оны төсвийн тухай хуулийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа.
Нээлттэй парламентын газар
