За ийм байна. Боловсролын сайд ирэх гуравдугаар сард хичээл орох нь зүйтэй гэж үзэж байгаа бололтой. Үүнтэй шууд 100 хувь санал нийлэх бас хэцүү, нийлэхгүй байх ч хэцүү. Яагаад гэвэл бүх эцэг,эхчүүд хүүхдүүдээ сурч боловсроосой гэсэн эрхэм зорилготой явдаг. Гэтэл энэ цар талын үеэр хүүхдүүдээ хичээлд нь явуулах уу, нөгөө муухай өвчнийг тусчих болов уу гэсэн айдас хүмүүст бий. Тэгвэл энэ хорионы үед өсвөр насны хүүхэдтэй ээжийн хувьд би зарим зүйлийг анзаарсан. Нэгдүгээрт, хүүхэд маань агаарын асар дутагдалд орсон, хоёрт хөдөлгөөний дутагдал, гуравт ганцаардлын хам шинж рүү орж эхэлсэн энэ нь найз нөхөдтэйгээ уулзахгүй, зөвхөн интернэт орчинд харилцаж эхэлсэнтэй холбоотой байх. Хичээл нь цахимаар явж байгаа ч энэ тохиолдолд зөвхөн тухайн хичээлийнхээ багштай харилцах боломжтой байсан. Хичээлийн цаг дуусангуут шууд гараад л явчихдаг бүх хүүхдүүд. Үргэлжлээд дараагийн хичээл ороод даалгаврын цаг болчихдог. Энэ үед би ч бараг охинтойгоо ярилцах боломж байдаггүй. Хичээлийн цаг болсон гээд чихэвчээ зүүгээд л таг. Бусад ээжүүд ямар байгааг сайн мэдэхгүй байна. Миний хувьд ийм байгаа. Тэгэхээр нэг ийм санал байна. Хэрвээ хичээл орох гэж байгаа юм бол хамгийн түрүүнд хүүхдийн сэтгэл зүйн асуудал дээр анхаармаар санагдсан. Хүүхдүүд ч гэсэн бидний адилаар өвчнөөс айж болгоомжилж байгаа. Нээрээ хичээл орохоор яах юм бол???. Тиймээс ирэх гуравдугаар сараас өмнө хүүхдүүдийнхээ сэтгэл зүйг бэлтгэх сургалтыг цахимаар хиймээр. Сэдэвчилсэн телевизийн зохиомж, шторк, хөдөлгөөнтэй хөгжилтэй тоглоом, бие биеэ хайрлаж байгаа теле зураглал гээд зөндөө сайхан зүйлүүд байдаг ш дээ. Өвчин туссан ч айх хэрэггүй, эдгэрдэг, хугацаа хэрэгтэй гэх мэтчилэн одоо юу байдгийн үүнийг мэргэжлийн хүмүүс надаас илүү тайлбарлах байх. Энд зөвхөн өсвөр насныхан биш, дөнгөж нэгдүгээр ангид өнгөрсөн жил орсон хүүхдүүд бараг сургуулиа хаана байдаг, багшийнхаа ямар царайтайг ч мартсан л тууж яваа. Тийм болохоор хүүхдүүдээ үнэхээр сурч боловсроход нь анхаарал хандуулья гэж бодож байвал цагаан сарын бууз баншинд ач холбогдол өгөлгүй, цахимаар явах сургалтад бүх эцэг эхчүүд идэвхтэй оролцож хүүхдүүдээ уриалан дуудмаар санагдаж байна. Яг л нэг цагт зохион байгуулж хэвшүүлж чадвал хүмүүсийн идэвх сайн, үр дүн сайн байх болов уу. Нөгөө талаар өнгөрсөн хорионы үеэр олон дунд сургуулийн хичээлийн танхимыг ашиглаж ковидын шинжилгээ авах арга хэмжээ зохион байгуулсан. Энэ танхимуудын ариутгал жишээ нь явагдсан уу?. Явагдсан бол яаж явагдав. Хэрвээ явагдсан ч сэтгэл дундуур цэвэрлэгээтэй гэж үзвэл байвал ээж нар цэвэрлэгээнд, аав нар ширээ сандал, цонх арчих зэрэгт дайчлагдан ажиллаж болно шүү дээ. Нийтээрээ л гараа хөдөлгөж байж энэ цар тахлыг давах юм. Ингэснээрээ хүүхдүүдээ ядаж цэвэрхэн, аюулгүй орчинд суралцахад хүн бүрийн хичээл зүтгэл хэрэгтэй. Тэгэхгүй өнөө л телевизээр ярьдаг хүмүүсээ элдэвлээд суугаад байх юм бол бид энэ цар тахлын ард гарч чадахгүй. Хоёр хоногийн өмнө Хотын дарга Сумьяабазар нэг сургууль дээр шинжилгээ зохион байгуулж байгаа газар очсон байсан. Түүнийг үзэхэд хоёр эмэгтэй ажлаа танилцуулж байгаа харагдсан. Үнэндээ сэтгэлд хүрээгүй. Өнөө шинжилгээ авдаг оношлуурынх нь цаасан хайрцаг онгорхой, шинжилгээ авдаг хүн нь бээлийгүй, цаад ширээн дээр нь бохир заваан аяга өрөөстэй, энд тэндгүй замбараагүй байсан. Хотын дарга тэрийг нь хараад ихэд эвтэйхнээр бараг гуйсан даа. Энэ хайрцаг майрцагаа хаа, хогоо хаана хийж байгаа юм, та бээлийгүй байна,өмс л дөө гээд. Энэ бол Хотын даргын гэнэтийн шалгалт байв. Цаашдаа Хотын дарга ч бай, хэн нэгэн дарга нь байнга тэгээд яваад байж чадахгүй шүү дээ. Бид зүгээр өөрсдөө л хичээх хэрэгтэй юм билээ.
Сэтгүүлч В.Сарантуяа
2021. 2. 7.