Ялгуусан хутагтын 17-р дүр Данзанванчүгийг 2016 оны 12-р сарын 26-ны өдөр Энэтхэгийн Дели хотноо Дээрхийн гэгээн 14-р далай лам Данзанжамцаас хувилгаанаар танин барьсан өдөр бөгөөд 2017 оны энэ өдөр Ялгуулсан хутагт сан, 2018 онд мөн энэ өдөр Гунгаа Данжайлин хийдийг байгуулсан юм. Энэ билэгт сайн өдрөөр сүсэгтэн олон, ахмад настан, азай буурлуудаа тэтгэн дэмжиж өглөг, буян үйлдэж ирсэн. Энэ жилийн хувьд цар тахлын хөл хорио тогтоосонтой холбогдуулан хойшилсон байсан ч өнөөдөр Ялгуусан хутагт сан, Гунгаа Данжайлин хийдийн зүгээс коронавирус цар тахлын улмаас орлого нь буурсан өрх, зорилтот бүлгийн болон эрсдэлд нөхцөлд ажиллаж буй Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол дүүргийн иргэдэд 1000 ширхэг хүнсний багц бүтээгдэхүүний дэмжлэгийг үзүүллээ.
Мөн Ялгуусан хутагт сангаас дэлхийн даяар түгээд буй цар тахлын эсрэг төр захиргааны байгууллагуудын авч буй арга хэмжээг даган мөрдөж өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахыг уриаллаа.