Шахмал түлшний чанар өөрчлөгдсөн, үүнээс болоод утаа эргээд ихэслээ гэх мэдээлэл сүүлийн үед гарч байна. “Тавантолгой түлш” компани шахмал түлшээ “Сайжруулсан хатуу түлш. Техникийн шаардлага MNS 5679:2019” стандартын дагуу үйлдвэрлэдэг бол утаанд агуулагдаж буй хортой бодисын хэмжээг “Баяжуулсан нүүрс. Техникийн ерөнхий шаардлага MNS 6226:2011” стандартын дагуу хянадаг аж. Айл өрх, аж ахуйн нэгжүүдийн яндангаас гарч буй утаанд агуулагдаж буй бодисыг нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар хянадаг.
“Тавантолгой түлш” компани өнгөрсөн өвөл 480 мянга орчим тонн шахмал түлш үйлдвэрлэжээ. Тэр үед үйлдвэрлэж байсан шахмал түлшний чанар одоо ч өөрчлөгдөөгүй гэнэ. Учир нь тус компани Ухаахудагийн нүүрс баяжуулах үйлдвэрийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрс буюу мидлинг гэдэг завсрын түүхий эдээр шахмал түлш үйлдвэрлэдэг. Ухаахудагийн нүүрс баяжуулах үйлдвэр нүүрс-химийн лабораторидоо мидлингийнхээ чанар, стандартыг хянадаг юм байна. “Тавантолгой түлш” ХХК Ухаахудагаас нийлүүлж буй түүхий эдийн чанарыг Ашигт малтмал, газрын тосны газрын лаборатори, Геологийн төв лаборатори, Хими, химийн технологийн хүрээлэнгийн лабораториор хянуулдаг. Мөн “Тавантолгой түлш” ХХК үйлдвэрлэсэн шахмал түлшээ ОХУ, БНХАУ, БНСУ-ын лабораториудад шинжлүүлэхэд хариу нь манай улсын лабораториудын шинжилгээний хариутай таарч байжээ.
“Тавантолгой түлш” компанийн IV үйлдвэрийн дарга, Монгол Улсын зөвлөх инженер Ж.Батбилэг “2020 он гарсаар манай компани шахмал түлшний 200 гаруй дээжийг шинжлүүлээд байна. Өмнө нь сард 2-3 удаа шинжилгээ хийдэг байсан бол одоо 7 хоног бүр 4 үйлдвэрийнхээ шахмал түлшинд шинжилгээ хийж байна. Шахмал түлшний 96 хувийг мидлинг бүрдүүлдэг. Үүний чанарыг “Тавантолгой түлш” ХХК өөрчлөх боломжгүй. Энэ түүхий эдийг барьцалдуулагч цавууг гадаадаас оруулж ирэхдээ Хилийн мэргэжлийн хяналтын алба, Гаалийн төв лабораториор хянуулдаг. Тэгэхээр шахмал түлшний шинж чанар тогтвортой, хэвээрээ байгаа гэдэг нь баталгаатай. “Тавантолгой түлш” ХХК-ийн шахмал түлшний түүхий эд, технологи өөрчлөгдөөгүй, хэвээрээ байгаа. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Цаг уур, орчны шинжилгээний газраас агаарт агуулагдаж буй хортой бодисын хэмжээ огцом өөрчлөгдөөгүй гэсэн мэдээлэл өгч байгаа.
Өмнө нь өдрийн цагаар гэрээ цоожлоод, ажилдаа явдаг байсан хүмүүс ковидоос үүдэлтэй хөл хорионоос болоод гэртээ өнжиж байна. Үүнтэй холбоотойгоор гэр хорооллын айлууд гал түлэх нь ихэссэн. Илт мэдрэгдэж байна” гэж ярилаа.