Хүйтний эрч чангарч, цас унаснаас болж зарим аймгуудад өвөлжилт хүндэрсэн нөхцөл байдалтай байна. Иймд Засгийн газрын гишүүдэд нөхцөл байдлыг дүгнэн танилцуулж, малчдад чиглэсэн багц арга хэмжээг өнөөдрийн хуралдаанаар гаргалаа.
Өвөлжилт нэн хүндрэлтэй байгаа Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгийн бүх сумдад хүндэвтэр байгаа Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сумдад отроор явж байгаа малчдад зориулж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэд хэрэгжиж байгаа Дэлхийн банкны Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслөөс 5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг үзүүлэхээр боллоо.
Эдгээр аймгуудын 40 мянган малчин өрх энэ тусламжийг хүртэнэ. Тодорхой хэлбэл нэг өрхөд 300 мянган төгрөгийн үнийн дүн бүхий тэжээлээр хангахаар боллоо. Түүнчлэн Улсын Онцгой комиссоос нөөцөд байгаа 3800 тонн өвс, 1900 тонн тэжээлийг малчдад хүргүүлэхээр шийдвэрлэлээ.