Намын байранд шинэ гишүүнчлэл бүртгэх, Н.Энхбаярыг дэмжиж байгаа иргэдийн гарын үсэг зуруулах ажил явагдаж байв. Олон хүн ирж байгаа бололтой. Элдвийг ажиглаж байх зуур миний уулзах хүн ч ирлээ. Тэрээр “ Би хэвлэлд ярилцлага өгч үзээгүй. Та надаас улс төртэй холбоотой асуулт битгий асуугаарай. Би угаасаа улс төр мэдэхгүй" гэсэн хүсэлт тавилаа. Ингээд улс төр ярихгүй гэж тохирсноор Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.БАТШУГАРТАЙ ярилцлаа.
-Хоёулаа эхлээд аавын тань тухай ярилцвал ямар вэ?
-Тэгье. Миний аав Монголын ард түмний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд байсан хүн. Миний хувьд Энхбаяр гэдэг хүн хэн бэ гэвэл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, улстөрч биш зүгээр л миний аав. Аавын минь зорилго улс эх орноо хөгжүүлэх, ард түмнийхээ амьдралыг яаж өөд нь татах уу гэдэг л байсан. Энэ утгаараа миний аав жинхэнэ эх оронч, шударга ёсыг тогтоохоор маш олон жил ажилласан нэгэн. Энгийн жишээ хэлэхэд, энэ нь юун дээр батлагдаж байна вэ гэхээр 2009 онд Ерөнхийпөгчийн албаа өгсний дараа чимээгүй байгаагүй. Хүмүүс аавыг чимээгүй байлгахыг хүсч байсан ч тэднийхээр байгаагүй. Аав өөрийн үзэл бодолдоо үнэнч байж өөрийн олсон мэдлэг, боловсрол, туршлагаа улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд зориулахаар санаа шулуудаж, улс төрийн амьдралаа улам эрчимжүүлсэн.
Улс эх оронд болж буй үйл явдлыг өөрийн өнцгөөс харж Монгол Улсад ашигт малтмалын орд газруудыг энгийн иргэний амьдралд ашигтайгаар шийдүүлэх тал дээр ажиллаж эхэлсэн. Монголын ардтүмний амьдралыг дээшлүүлэх тал дээр санаа зовж байсан болохоос иргэн Энхбаярын амьдралыг яаж өөрчлөх вэ гэж бодож байгаагүй. Тиймээс шударга ёсонд итгэж өдийг хүрсэн гэж бодож байгаа. Гэр бүлийнх нь талаас үнэлэлт дүгнэлт өгөөч гэвэл би аавыгаа жинхэнэ эх оронч хүн л гэж хэлнэ.
-Аавыг тань “Авлигын загалмайлсан эцэг” гэж хэвлэлээр цоллодог. Энэ бүхнийг гэр бүлийнх нь зүгээс хүлээж авахад мэдээж хэцүү байдаг байх. Хүүгийнх хувьд юу гэж боддог вэ?
-Энэ мэдээллийг эмзэглэж хүлээж авдаггүй. Яагаад гэвэл бодит байдал дээр ийм асуудал байхгүй учраас. Энэ бол улс төрийн зорилтой улиг болсон пиар юм.
-Тэгвэл улсаасаа баян Ерөнхийлөгч гэдгийг яаж хүлээж авдаг вэ. Танайх үнэхээр тийм баян айл уу?
-(Гайхаж харав) Манайх ам бүл зургуулаа. Ээж, аав маань дөрвөн хүүхэдтэйгээ амьдардаг. Энгийн л нэг айл. Улсаасаа баян гэдгийг ойлгохгүй байна. Иймэрхүү гүжирдлэгийн шинжтэй яриаг анхнаасаа зохион байгуулалттайгаар олон жилийн турш тарааж монголчуудын хэлдгээр худал зүйлийг мянга давтвал үнэн болдог гэдгээр ард түмнийг энхрүүлсэн байх. Зөвхөн иймэрхүү утга бүхий яриаг тараах өдөр тутмын хэвлэл, сэтгүүлчид хүртэл байсан гэж хүмүүс ярьдаг нь үнэн гэж бодож байна.
-Өнөөдөр ( өчигдөр) аавын тань захиа сайтууд дээр тавигджээ. Экс Ерөнхийлөгч захиандаа охиныг минь уйлуулсан гэж ихэд эмзэглэн бичжээ?
-Тэгэлгүй яах вэ. Манай хамгийн бага дүү тэр үйл явдлаас гуравхан хоногийн өмнө арван нас хүрч төрсөн өдөр нь болсон юм. Тэр үйл явдлыг хараад шоконд орсон. Аавыг минь яагаад ингээд байгаа юм бэ гзэд уйлаад байсан. Одоо сэтгэл санааны маш хүнд дарамтад орсон байгаа Хичээлдзэ ч явж чадахгуй бопсон. Ээж гэртээ дүүг харж байгаа.
-Бусад дүү нь яаж байна вэ?
-Ямар сайн байхав дээ. Аавдаа яаж туслах вэ гээд л байгаа. Дүү нар маань энэ үйл явцыг маш эмзэг хүлээж авсан. Яахаа мэдэхгүй л байна. Болсон үйл явдлыг кинон дээрээс л харж байсан гэж ярьж байгаа. Бодит байдал дээр кинон дээрээс өөр үйл явдал болсон. Яг бодит амьдрал дээр боллоо. Маш зэрлэг балмад үйл явдап болсон. Хүмүүс гаднаас нь хараад ямар аймаар юм бэ гэж байгаа. Яг мах цусаараа ийм явдлыг мэдрэхэд их өөр байдаг юм байна. Одоо ч итгэж чадахгүй байна. Ялангуяа дүү нараа харахаар өр минь өвдөж, тэд нартаа юу гэж хэлэхээ ч мэдэхгүй барьц алдах тохиолдол гарч л байна. Би яахав дээ, айлын том хүү учраас аливаа зүйлд нугарч хугарахгүй эр хүн шиг байя гэж бодож байгаа.
-Ээж тань тухайн үед маш тайван харагдсан. Харин хэвлэлд өгсөн ярилцлагадаа “ Нөхөр маань эргэж ирэхгүй байх вий гэж айж байна” гэсэн нь зарим нэгэнд хүнд тусах шиг болсон.
-Миний ээж сэтгэлийн хөдөлгөөнөө нууж чаддаг хүн. Хэдийгээр тайван харагдсан ч, ээж дотроо яаж шаналж байгааг хэн ч мэдэхгүй шүү дээ. Ээж аав хоёр минь нэг хүний хоёр тал. Тав хоног өнгөрсөн байхад одоо хүртэл бүх зүйл тодорхойгүй, аавтайгаа ч уулзаж чадаагүй байна. Гэр бүл, найз нөхөд, үр хүүхдүүдийнх нь дэргэд хүч хэрэглээд аваал явсан юм чинь тэнд ямар байгаа яаж байгааг мэдэхэд бэрх биз дээ. Хүүгийнх нь хувьд хэлэхэд аав, ээж минь биднийг хүчирхийлэлд өсгөөгүй учраас энэ бүхнийг хараад айх, гайхах зэрэгцсэн.
-Аав тань та хэдийг ер нь яаж хүмүүжүүлдэг, юу голчилж захиж хэлдэг вэ?
-Аав бидэнд нэг л зүйлийг ихэд чухалчилж хэлдэг. Монгол хүн бусад үндэстэнтэй өрсөлдөхөд цөөхүүлзэ учир хүчин мөхөстөнө. Бидний хөрш ОХУ, БНХАУ гээд том гүрнүүд бий. Эдгээр орнуудын хүн ам олон болохоор бид хүн амаараа тэдэнтэй өрсөлдөж чадахгүй.Харин оюун ухаанаар өрсөлдөж чадна. Тиймээс нэг монгол хүн наад зах нь гадаадын гурав, дөрвөн хүнтэй өрсөлдөж чадна шүү. Биднийг ийм л хүмүүжлээр хүмүүжүүлсэн. Намайг дуудаад л “Миний хүү оюун ухаанаа хөгжүүл. Миний хэлсэн зарчмаар ажилла” гэдэг.
-Аав тань олон нийтийн анхаарлын төвд байдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн мэдээлэл гарахаар яаж хүлээж авдаг байсан бэ. Одоо ч гэсэн энэ байдал үргэлжилсээр байна?
-(Хэсэг чимээгүй суув). Муу мэдээллээс гадна бодит үйл явдал илүү хүчтэй, хүнд тусч байна.
-Сүүлийн өдрүүдийг хэлж байна уу. Өмнө нь ч гэсэн үү?
-Сүүлийн өдрүүд бол миний амьдралдаа үзэж байгаагүй хэцүү, хүнд өдрүүд болж өнгөрлөө.
-Аавыгаа Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа хэрхэн ажилласан гэж боддог вэ?
-Яг үнэндээ би аавынхаа ажилд оролцож үзээгүй. Надад оролцох шаардлага байгаагүй. Гэхдээ хамт ажиллаж байсан хүмүүсийн яриагаар бол аав маань маш их ажилладаг хүн. Тухайлбал, ажлаа өгөхийнхөө өмнөх өдөр нь хүртэл Тамгын газрын ажилтнуудаар шаардлагатай мэдээлэл, лавлагаа албан бичгээ бэлтгүүлж Ерөнхийлөгчийн ажил үүрэгтэй холбоотой ажлуудаа хэвийн үргэлжлүүлсээр байсан гэдэг. Өөрөөр хэлбэл, явах хүнд үнэ, тутал нийлэх нь хамаагүй гэсэн сэтгэлээр хандаж байгаагүй гэсэн үг.
-Өөрөө Монголд байгаагүй гэж үү. Өөрийнхөө тухай танилцуулж болох уу?
-Би АНУ-д боловсрол эзэмшсэн. Түүний дараа гадаадын хөрөнгө оруулалтын банкинд ажиллаж байсан. Тэнд багахан туршлага хуримтлуулсан. Түүнийгээ Монголдоо зориулъя, авчиръя гэж зорьсон. Монголд 2010 оны дундуур ирсэн. Ингэж байтал бүх үйл явдал эхэлсэн. Би гэхдээ ойлгож байна л даа, ардчилал манайд жинхэнэ утгаараа хөгжөөгүй байна гэдгийг харж байна.
-Экс Ерөнхийлөгч мөр зэрэгцэж явсан намын нөхдөдөө гомдсон тухайгаа нуудаггүй. Одоо харин та нарын хажууд хэн байна вэ?
-Яахав, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа хүмүүс байна. Нийт ард түмэн бидниий талд байгаа. Шударга ёс бидний талд байгаа гэж бодож байна.
-Сая өөрийг тань хүлээгээд зогсч байхад иргэд олноор ирж намд элсч байна лээ?
-Ард түмний дэмжлэг буюу жирийн иргэн Доржийн дэмжлэг маш өндөр байна. Хүн болгон юутаар туслах уу, яах уу, шударга ёсны төлөө тэмцье, зарчимтай явж байна. Шударга ёс гэж юуг хэлээд байна вэ гэхээр зүгээр л Үндсэн хуулиа дагаад хууль зөрчихгүй баймаар байна. Тэрийг л шударга ёс гэж хэлээд байгаа юм. Саяхан хуулийн хүмүүстэй уулзаж ярилцахад тэд хууль бол нэг нь гомдоож, нөгөөхийг нь тайвшруулдаг юм гэж байна. Би дотроо үүнийг буруу гэж үзсэн. Хууль бол шударга ёсыг тогтоодог нийгмийг зохицуулдаг үндсэн суурь юм.
-Аавынхаа алдаа оноог цэгнээд сууж байхад олон л зүйл бодогдож байгаа байх. Цаашдаа ямар гарц хайж байна вэ?
-Аав минь шударга явсан, амьдралынхаа турш эх орныхоо хөгжил цэцэглэлтэд санаа чилээсэн, гэр бүлээсээ илүү эх орныхоо төлөө зүтгэдэг байсан. Хүмүүс үүнийг мэдэж байгаа. Шударга ёс тогтоно гэдэгт би итгэлтэй байна.
-Ээж тань ямар байгаа бол?
-Ээж гайгүй байгаа.
-Хэдийгээр Ерөнхийлөгч байсан ч гэсэн хүний хань, хүүхдийн эцэг шүү дээ. Хоригдсоныхоо дараа та нарт өмгөөлөгчөөрөө дамжуулж үг дайж явуулсан байна уу?
-Тэгсэн байна лээ. Аав минь биднийг тайван байгаарай, битгий айгаарай, аав нь та нартайгаа үргэлж хамт шүү гэж хэлүүлсэн байна лээ.
-Н.Энхбаяр даргыг гутал хувцсыг нь өмсүүлэхгүй аваад гарахаар хүмүүс их эмзэглэж хүлээж авсан. Өөрөө яг газар дээр нь байсан хүний хувьд, хүүгийн хувьд юу гэж бодсон бэ?
-Хамгийн гол нь Ерөнхийлөгч байсан хүнийг гуталгүй авч явах нь сонин биш. Зүгээр иргэнийг гутал өмсүүлэхгүй авч явсан нь ямар аймаар зэрлэг харгис үйлдэл вэ гэж бодсон.
-Та нар хоригдсоноос хойш аавтайгаа очиж уулзсан уу. Хувцас хунарыг нь солих хүсэлт тавьсан уу?
-Өмгөөлөгч нь очиж уулзсан.
-Зөвшөөрөл хаанаас өгч байна вэ?
-Аавыг баригдсан орой нь уулзах гэж очсон. Уулзуулаагүй. Маргааш нь ээж очсон бас уулзуулаагүй.
-Ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй байх ямар шалтгаан байгаа юм бол?
-Би сайн мэдэхгүй байна. Саатуулагдсан хүн чинь яагаад удаан саатуулагддаг юм бол гэж асуумаар байна.
-Н.Энхбаяр даргыг тойрсон яриа тасрахгүй байна л даа. Зарим нэг нь дэмжиж байхад, зарим нэг нь буруутгаж байна. Энэ тал дээр юу гэж бодож байна вэ?
-Өрсөлдөгч нар нь ямар нэгэн байдлаар аавын эсрэг янз бүрийн мессеж явуулдаг юм билээ. Түүний үр дүнд нь нийгэмд тодорхой хэмжээгээр буруугаар туссан байх аа. Аав бол өөрийнхөө төлөө биш, улс эх орныхоо төлөө байдаг учраас энэ бүхнийг тоодоггүй. Аав ажлаа л хийх ёстой гэж бодож зүтгэж явсан.
-Тэндээс хурдан суллагдана гэдэгт итгэж байгаа юу?
-Энэ бол цаг хугацааны асуудал. Манай аав гарч ирнэ. Аавын бичсэн ном байна шүү дээ. “Ард түмний дэмжлэг эрх мэдлээс хүчтэй” гэж. Ард түмний дэмжлэг их өндөр байна Аав юуны төлөө явж байсан гэдгийг хүмүүс ойлгож байна.
-Зохимжгүй асуулт байж магадгүй. Гэхдээ аавыгаа зүгээр энгийн нэгэн байсан бол бид ингэж зовохгүй байсан гэсэн бодол төрж байна уу?
-Мэдээж хүүгийнх нь хувьд тийм бодол төрдөг л дөө. Гэхдээ би ааваараа бахархаж явдаг. Миний аав өмөөрөх хүүтэй, өмөлзөх охидтой хүн шүү дээ. Аав 2000 онд Монгол орныг ямар байхад нь авч байсан билээ. Эдийн засаг, нийгэмд ямар ямар бүтээл байгуулалт хийж байсан билээ. Тэрийг харахаар Монгол Улсыг зөв замд нь оруулсан хүн гэж би хувьдаа боддог. Ард түмний амьдрал, улс эх орны хөгжилд аав маш том үүрэг гүйцэтгэсэн болохоор жирийн иргэн байснаас ийм байсан нь дээрээ. Харамсах зүйл байхгүй, хийх ажлаа хийсэн, цаашдаа ч аав ажлаа хийх л болно. Тэндээс ч биднийг зоригжуулж байгаа. Тайван бай, бүх зүйл эргэнэ ээ гэж хэлсэн.
-Өмгөөлөгчөөр нь дамжуулж харилцаж байгаа ч гэсэн аавыгаа харчих юм сан гэсэн бодол байгаа биз дээ?
-(хоолой нь зангирч, нүдэнд нь нулимс цийлэгнэв) Би тэр хүний хүүхэд шүү дээ. Аавыгаа харахыг маш их хүсч байна. Би гадаадад олон жил амьдарч байгаад ирсэн учраас аавтайгаа дандаа хамт байгаагүй юм билээ Монголд ирээд ч гэсэн аав цаг ямагт ажилтай л байдаг байсан.
-Та нарыг уулзуулахгүй байгаад харамсч байна. Уулзуулахгүй байгаа нь хууль бус үйлдэл юм биш үү?
-Анхнаасаа хууль бус ажиллагаа учраас биднийг уулзуулах боломжийг олгох эсэхийг мэдэхгүй байна.
-Эргэлт өгч, ядаж хоёр гурван үг солимоор л байгаа шүү дээ. Энэ чинь хүний л амьдрал?
-Харин тийм ээ. Надад нэг зүйл их сонин санагдаж байгаа. Аавыг авч явсан, шударга бус зүйл хийсэн хүмүүсийн сэтгэлд ямар зүйл төрдөг бол доо. Ингэж улс эх орныхоо төлөө байнга зүтгэж байсан хүнийг гэр бүлээсээ илүү зүтгэсэн байхад хариуд нь ийм хатуу шийтгэл амсч яваа муу аавыгаа их өрөвдөж байна даа. Хувь хүнийхзэ хувьд энэ бүхнийг хараад маш их харамсч байна
-Өөрийн тань ярианаас харахаар ээж тань хүүхдүүдээ хүмүүжүүлээд, аав тань ажил гээд л явдаг байсан юм уу даа гэж бодогдож байна?
-Та зөв харсан байна. Манай гэр бүлийн ерөнхий дүр төрх тийм л байсан. Аав бол өөрийгөө Монгол Улсын иргэн, энэ улс эх орныхоо төлөө ажиллах, боловсрох, хөгжүүлэх хэрэгтэй гэж байнга л ярьдаг. Биднийг ч гэсэн эх орондоо хэрэгтэй хүн болгохын тулд эцэг хүнийхээ үүргийг биелүүлж явсан. Надад чи үүнийг заавал хий, Монгол Улсын иргэн хүн ийм байх ёстой, эх оронч бай, хүчтэй бай гэж сургадаг. Өөрөө Монгол Улсын иргэн гэдгийг их хүчтэйгээр хүлээж авдаг.
-Аав тань төрийн бүх өндөр албан тушаалыг хашиж явсан хүн учраас бусад хүүхдүүдийн адил эрх дураараар авирлаж чадахгүй жаахан хаагдмал байсан уу?
-Үнэн л дээ. Аав бидэнд цаг зав бага гаргадаг байсан. Байнга л ажилтай. Тэгээд хариуцлагатай алба хашдаг байсан учраас бүх анхаарал нь ажил дээр нь байсан. Тиймэрхүү цаг зав маш бага байсан даа.
В.САРАНТУЯА
2014-04-19