Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар онцгой нөхцөлд ажиллаж байна. Ийм чухал үед Онцгой байдлын газрын шинэ даргаар хэн томилогдох бол гэсэн асуулт олон нийтийн сүлжээнд идэвхжиж буй. Нөхцөл байдлаас харвал Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилоод байгаа юм. Тиймээс түүний оронд яаралтай мэргэжлийн хүнийг томилон ажиллуулах шаардлагатай байгаа аж.
Тэгвэл Онцгой байдлын газрын шинэ даргаар томилогдох хүсэлтэй хэд хэдэн хурандаа нарын нэрс эхнээсээ тодорч эхлээд байгаа бололтой. Тодруулбал, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, ЦЕГ-ын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Ядамдорж, Онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Т.Ариунбуян, Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг нарын нэрс хөвөрч байна. Эдгээр хүмүүсийн дотроос Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ойрын хүн гэх. Тэрбээр эхнэр Б.Ичинхорлоогоо “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын захирлаар томилуулж чадсан сүйхээтэй нэгэн аж.
Түүний эхнэр Б.Ичинхорлоо нь Чинван Ханддоржийн өргөөнд менежерийн ажил хийж байгаад гэнэт л “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын захирлаар томилогдон ажиллаад найман сар гаруй хугацаа өнгөрчээ. Тэгэхээр энэ удаагийн Онцгой байдлын газрын даргын шинэ томилгоонд Ерөнхий сайд У.Хүрэлсүх ойрын найз Ж.Чүлтэмсүрэнгээ зүтгүүлж байгаа бололтой. Хуучны хурандаа гэгддэг Д.Ядамдоржийн хувьд цэрэг цагдаагийн бүх байгууллагын даргаар ажиллаж үзсэн, одоо залуу хүнд халаагаа өгөх ёстой, нөгөө талаар өөрийнх нь жолооч хэрэг төвөгт орооцолдож хууль бус үйл ажиллагаа хийсэн гэх хэл аманд өртдөг байна. Гэсэн ч энэ томилгоонд ихээхэн санаархалтай байгааг зарим хэвлэлүүд онцлоод буй. Харин Онцгой байдлын дэд дарга, бригадын генерал Т.Ариунбуян, мөн Онцгой байдлын дэд дарга Ц.Ганзориг нар салбартаа олон жил үр бүтээлтэй, цэргийн хүний жанжин шугамыг баримталж ажилладаг нэр хүндтэй генерал, хурандаа нарын нэг ажээ. Энэ удаагийн томилгоог улс төрийн нөлөөгүй, жинхэнэ мэргэжлийн хүнээ томилохыг бид харах үлдлээ.