Коронавирусын цар тахлын энэ үед орон нутагт шинэ эмнэлэг үүдээ нээсэн таатай мэдээлэл байна. Говь нутагт зуны эхэн сард ашиглалтад орсон тус эмнэлэг хөдөөд эрүүл мэндийн салбарын үйлчилгээг сайжруулахад нэг шат ахиуллаа.
Дундговь аймгийн Эрдэнэдалай сум хүн амын тоогоороо аймгийн төвийнхөө дараа ордог. 6 мянга гаруй хүн амтай тус сумын хүн эмнэлгийн барилга хагас зуун жилийн настай, хуучирч муудсан байсан. Тэгвэл энэ барилгыг шинэчлэх төсөвт өртөг болох 1.2 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаснаар өнөөдөр ийнхүү шинэ эмнэлэг үүдээ нээлээ. Эрдэнэдалай сумын эмнэлэг ашиглалтад орсоноор эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх өвчтөний ор нэмэгдсэн төдийгүй орчин үеийн тоног төхөөрөмж ч суурилагдсанаараа давуу талтай. Сумын эмнэлгийн шинэ барилгын ажлыг хүлээж авах арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Дундговь аймгийн засаг дарга О.Бат-Эрдэнэ болон сумын иргэд оролцлоо.
Эрдэнэдалай сумын хуучин эмнэлгийн барилгын халаалт муу байснаас үйлчлүүлэгчид төдийгүй эмнэлгийн ажилтаны хувьд ч хүндрэлтэй байсан. Шинэ барилга дэд бүтцийн бүхий л асуудлыг шийдсэнээрээ онцлог. Нөгөө талаар цар тахлын хүндхэн үед хөдөө орон нутагт шинэ эмнэлэг нээгдсэн нь Дундговьчуудын талархалыг хүлээж байна. Эмнэлгийн барилгыг “Төсөвт төсөл“ компани хугацаанд нь чанартай сайн гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэн өгчээ.