СЭТГҮҮЛЧ В.САРАНТУЯА
Би уг нь тийм ч настай хүн биш л дээ. Гэхдээ сүүлийн үед зарим зүйл дээр хэл загатнаад байхийн. Ялангуяа манай сэтгүүл зүйн салбарт үг дутаад байна уу даа. Ямар үг үү гэж үү???. Нэг нэгнээ үнэн сэтгэлээсээ хайрлах. Юм бол бие биеэ үгүйсгэдэг боллоо. Яг цаг дээрээ тулаад, нүүр нүүрээ хараад уулзахаар бид тэс өөр хүмүүс билээ. Салбарын онцлог болоод ч тэр үү бид хаа сайгүй биетэйгээ таарна. Сэтгүүлчдийн дунд уулзахгүй улаан нүүр гэж байхгүй л дээ. Хэрвээ удаан уулзаагүй бол далимдуулаад бас “далийна” шүү дээ. Гэтэл сүүлийн үед (сонгууль дөхөөд) бүгдээрээ яачихаад байгаа юм. Нэг л биетэйгээ муудалцаж түүнийгээ өргөн түмэнд зарлаад явах. Зүгээр утсаар яриад учраа олж болдоггүй хэрэг үү. Зарим нэг нь бүр нэгнийхээ эсрэг пост бэлдүүлээд үгэн шарх өгч ч байх шиг. Салбар өнөөдөр ядуу байгаа хэдий ч бид бие биеэ “ барьж” идэх дээрээ тулаагүй байна. Салбарын буян их шүү. Буяныг нь хүртэж буй мянга мянган сэтгүүлчид, уран бүтээлчид бидний дунд бий. Өнөөдөр сэтгүүл зүйн салбарын тогооны том жижиг биш, сэтгүүлч бидний тархины том жижгийг уншигчид, үзэгчид шүүж байна шүү дээ. Бид ийм шалгуурыг бүгд л мэдэж байгаа, заавал хэн нэгнээр хэлүүлэх шаардлагагүй. Бид өөрсдийгөө нийгмийн эмч нар гэдэг. Тэгвэл эмч нар хэзээ биенийгээ шархдуулдаг юм. Харин нь ч эмчилж, анагааж хайрлаж, уучилдаг байх ёстой. Мөнхийн өшөө хорсол гэж байхгүй. Тухайн үедээ үзэл бодол, санал сэтгэгдэл таарахгүй байсан бол түүнийг зүгээр л орхиход хангалттай. Заавал шүүрч аваад тэр намайг ингэсэн гэнэ, тэгээд байхдаа яадгийн, уг нь би тэрийг ийм гэж бодоогүй гэх гомдлын үгээ хаях хэрэгтэй. Бид үг агссан “дайчид “ болохоор бидний үг ч хурц хорон юм, үгэндээ өөрсдөө шарх аваад гомдож тунихдаа ч амархан. Салбарт олон сайхан сэтгүүлчид бий. Тэд маань мэргэжлийн тогоондоо үлдэхийн тулд сэтгүүлчдээ цалинжуулаад өөрөө өр тавьсан гүйж л явна. Хүн харахад нэг л “мөнгөлөг” сэтгүүлч харагдавч цаанаа хөөрхий минь зөндөө өр “өвөртөлсөн” байдаг. Цаад санаа нь салбартаа хайртайн шинж. Гэтэл салбарыг минь самраад байгаа хэсэг бүлэг хүмүүс байна. Энэ бол улстөрчид юм. Тэд биднийг хувааж тэрний хүн, энэний хүн гэж хочилж, хоморголон муудалцуулаад байна уу даа гэж хардаж байна. Үнэндээ бол сэтгүүлчид өөр хоорондоо муудалцах шалтгаан бараг байдаггүй. Тухайн үйл явдлын өрнөлөөс болж санал бодол зөрөлдөхөөс үнэн голоосоо бие биедээ дургүй, үзэж хардаггүй зүйл бараг байхгүй дээ. Энэ тал дээр итгэдэг. Одоо хэдүүлээ хэрэлдэж муудалцахаа хойш тавиад эвтэй найртай байя. Бүгд л салбарынхаа “ ТОРГОН ЦЭРГҮҮД “ шүү дээ. САЛБАРЫНХАА ТАГИЙГ ХӨМРӨХ ХЭРЭГГҮЙ. ТОГООНДОО Л БАЙЯ.