Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд бидний ирээдүй болсон бяцхан хүүхдүүдийн сурч боловсрох, хүмүүжих, стандартын шаардлага хангасан, орчин үеийн зохион байгуулалттай Хүүхдийн өргөө шинээр ашиглалтад орох гэж буй сайхан мэдээ байна. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг НИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү санаачлан эхлүүлсэн бөгөөд тус дүүргийн оршин суугчид бүтээн байгуулалтын ажилд ам сайтай байгаа аж. Иргэдийн хэлж буйгаар, “ Манай тойргоос сонгогдсон төлөөлөгч П.Баярхүү энэ бүтээн байгуулалтын ажлыг 2018 оны аравдугаар сараас анхлан эхлүүлсэн.
Одоо бүтээн байгуулалтын ажил ихээхэн үр дүнтэй явж байгаад бид талархалтай хандаж байгаа. Хүүхдийн өргөөний бүтээн байгуулалтын энэ ажил энэ оны дөрөвдүгээр сард ашиглалтад орно гэж байна. Ерөнхийдөө барилгыг хүлээн авах комиссын акт албажих шатандаа яваа байгаа ” гэв. Тус хүүхдийн өргөө нийтдээ 250 хүүхдийн багтаамжтай аж. Гэхдээ энэ хэмжээнээс давсан хүүхэд хүлээн авах боломжтой гэдгийг ч барилгын ажил гүйцэтгэсэн “Улаанбаатар барилга” компанийнхан онцолсон.
Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү хэлэхдээ, “Анх санаачлан бариулах үед энэхүү барилгыг сургууль, цэцэрлэгийн цогцолбор хэлбэрээр ашиглах талаар ярилцаж байсан удаатай. Харин дараа нь зөвхөн цэцэрлэг болгох асуудал ч орж ирсэн. Миний сонгогдсон Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд сургууль цэцэрлэг байхгүй. Тиймээс хосолсон хэлбэрээр бүтэн жилийн хугацаанд ажиллуулах боломжтой гэж үзсэн. Гэхдээ энэ асуудлыг Нийслэлийн Боловсролын газрынхан дахин ярилцах шаардлага байгаа. Ер нь хүүхдийн нийгмийн асуудлыг авч үзэхдээ зуслангийн бүс гэсэн байдлаар орхигдуулах нь элбэг байдаг. Тиймээс энэ асуудал дээр зохих байгууллагууд анхаарч ажиллах нь чухал байна. Тус хүүхдийн өргөө нь ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад орох юм” гэлээ.