Улаанбаатарчуудын амьсгалах агаар гамшгийн хэмжээнд хүрч, иргэдийн уушги зүрхийг нэвт хатгах хорт утааг бууруулах ажил ид дундаа явж байна. Түүхий нүүрсээ боловсруулан сайжруулж, шахмал түлш хэрэглэн хорт утааны 50 орчим хувийг бууруулж чадлаа. Үүнээс илүү хувиар буурах боломж ч бий. Гэвч сайны хажуугаар саар зүйл гарсаар байгаа нь харамсалтай.
Түүхий нүүрс хот руу нэвтрүүлэх гэсэн оролдлого, элдэв шатах материал түлэхээс гадна хулгайгаар оруулж ирсэн түүхий нүүрс ч шатаах нь ажиглагдсаар байгаа нь нууц биш. Мөн зарим нэг иргэн, аж ахуйн нэгж хүртэл ашиг олохын тулд бусармаг зүйл хийсээр байгаа нь харамсалтай. Өөрөөр хэлбэл, саяхан зэсийг нь гаргаж авахын тулд цахилгааны утас шатааж байгаа бичлэг сошиалаар цацагдсан юм. Үүнээс гарах утаа угаар, химийн нэгдлүүд хүний биед ямар хэмжээний хор учруулах нь тодорхой. Гэтэл таван цаас олохоор улайран хорт утаа үйлдвэрлэж буй тухайн иргэн шаардлага тавьсан хүнд зохисгүй үг хэлж, бараг л доромжлов. Иймэрхү хандлагаар их хот утаанаас салахгүй гэдгийг хэн хүнгүй мэдэх биз. Тэгвэл энэ хүний үйлдэлд ямар хариуцлага тооцох вэ гэсэн асуулт байна.
Нийслэлчүүд цэвэр агаараар амьсгалах эрхээ эдлэх ёстой. Тиймээс иймэрхүү увайгүй үйлдлээ зогсоох ёстой биз ээ.