Манай оронд уулын спортыг хөгжүүлэх нөхцөл бололцоо нь Монгол орны газар зүйн байрлалтай холбоотой. Монголын ард түмэн эрт үеэс мал маллах, ан гөрөө хийхдээ өндөр ууланд гардаг байсан нь уулын спорт үүсч хөгжих үндэс болжээ. Өнгөрсөн зууны дунд үеэс ууланд авирахыг спортын төрөл болгон хөгжүүлэх алхам хийсэн билээ. Тухайлбал, 1951 онд Ардын хувьсгалын 30 жилийн ойг угтан манай залуу тамирчдаас анх удаа санаачлан Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрханд (д.т.д 2800 м) авиралт хийхээр арван хүн саналаа өгчээ. Бэлтгэл сургуулилт хийж байгалийн саад бэрхшээлийг даван туулахаа илэрхийлсэн уулчдын Ж.Нямсүрэн ахлагчтай анхны багийн бүрэлдэхүүнд Л.Раднаа, Ш.Баасансүрэн, У.Сийлэгдорж, Г.Сандагдорж, Д.Нацагдорж, С.Зундуй, Л.Дондог, Х.Равдандорж, Н.Ойдов нар багтжээ. Тэд 1951 оны зургаадугаар сарын 24-нд Асралт хайрхны оройд гарч Монгол Улсынхаа далбааг мандуулсан нь манай улсад уулын спорт үүсэх эх үндэс болсон гэж үздэг. Анхны авиралтаас хойш дөрвөн жилийн дараа өндөр уулын спортын багаж хэрэгслийг эзэмших дадлага олгох дугуйланг анх байгуулж Зөвлөлтийн мэргэжилтэн А.Н.Пискарёвын удирдлагаар уулын спортын онол, дадлага эзэмших сургалтыг явуулж Зөвлөлтийн болон Баруун Европын уулчдын авиралтын туршлагаас суралцаж эхэлсэн байна.
Манай уулчдын хоёр дахь удаагийн авиралтыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1955 оны тавдугаар сарын 9-ний өдрийн 186 дугаар тогтоолоор тамирчдыг бэлтгэж Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр (д.т.д 4031 м) хайрханд авирч 1955 оны зургаадугаар сарын 1-нд оргилд гарсан нь цас мөстэй ууланд авирсан анхны авиралт хэмээн уулын спортын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн юм. Энэ авиралтад арван хүн оролцож оргилд гарчээ. Багийн бүрэлдэхүүнд: Р.Зориг, Э.Ювуухүү, М.Бямбадорж, Ш.Шагдар, Б.Гэлэгшинэн, Б.Халтар, Ж.Нямсүрэн, Я.Жанцан, Г.Найдан, Б.Найдан нар багтаж ялалтын тугаа мандуулсан түүхтэй. Мөн гурав дахь удаагийн авиралтыг Монгол орны хамгийн өндөр цэг болох Алтай Таван богд уулын Хүйтний оргилд 1956 оны зургаадугаар сард авиралт хийж 11 хүн оргилд гарснаар манай улсын уулын спортын түүхэнд эх орныхоо ноён оргилд гарсан анхны тохиолдол болсон юм. Энэ авиралтад оролцсон уулчдаас Б.Жигмэддорж, Р.Зориг, Э.Ювуухүү, Я.Жанцан, Б.Халтар, Ж.Нямсүрэн нар БНМАУ-ын "Уулын спортын мастер" гэсэн өндөр хүндтэй цол хүртсэн нь уулын спорт төдийгүй Монгол Улсын спортын мастеруудын анхдагчид болсон бахархалтай үйл явдал билээ. Эдгээр авиралтаас хойш хөдөө орон нутгуудад уулын спортоор хичээллэх залуусын тоо өсчээ. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Тонхил суманд 1981 онд “Сутай” уулын клубийг байгуулж, 2012 оноос нутгийн хүү уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клуб болон өргөжиж өдгөө өндөр уул, уулын спортын орчин үеийн төрлүүд болох спорт авиралт болон мөсөнд авиралтаар Монголын уулчдын нэр алдрыг тив, дэлхийд цуурайтуулж байна.
Богд Очирваань уулын ар хормойд мэндэлсэн есдүгээр ангийн жаахан охин Я.Лутжав Отгонтэнгэрийн зулайд 1957 онд гарсан нь Монголын уулчдын түүхэнд өндөр уулын оргилд гарсан анхны монгол эмэгтэй уулчин хэмээн тэмдэглэгдэн үлдсэн нэгэн сонирхолтой түүх буй.
Говь-Алтай аймгийн Сутай (4090 м), Ховд аймгийн Цамбагарав (4192 м), Хөвсгөл аймгийн Дэлгэрхаан, Завхан аймгийн Бага-Отгон, Увс аймгийн Түргэний уулсын оргилд уулчид амжилттай авирч байв. Улмаар гадаад орны уулчдын байгууллагатай холбоо тогтоох талаар санаачилга гаргаж байсны дүнд Гүржийн Тбилис хотын уулчдын клубтэй 1958 онд харилцаа тогтоосон нь уулчдын гадаад арга хэмжээ хөгжихөд нөлөөлсөн гэж үздэг. Монгол Улсад уулын спортын төрлийн олон нийтийн байгууллага болох Монголын Уулчдын холбоог Улсын биеийн тамирын хорооны тэргүүлэгчдийн 1955 оны тавдугаар сарын 10-ны өдрийн хурлын тогтоолоор байгуулсан нь шинэ тутам хөгжиж байсан спортын төрлүүдээс анхны холбоо болсон түүхтэй. Тухайн үед холбооны даргаар Р.Зориг, нарийн бичгийн даргаар Л.Раднаа нарыг түр хугацаагаар томилж байв.
Манай уулчдаас спортын мастер Л.Бямбадорж ЗХУ-д оюутан байхдаа уулын спортын багш бэлтгэх сургуульд сурч 1961 онд төгссөн нь уулын спортын анхны багш болсон төдийгүй гадаадын өндөр ууланд авирсан Монголын анхны уулчин болжээ. Тэрбээр Кавказын нурууны салбар уул Уны-Тата (д.т.д 5260 м) оргилд авирсан байна.
Монголын уулчдын түүхэнд 1965-1975 он онцлог жилүүд байв. Гадаад орны д.т.д 7000 м-ээс дээш оргил Пик Ленин (д.т.д 7134 м)-д Л.Лувсандаш, Р.Занабазар, Коммунизмын оргилд (д.т.д 7495 м) Г.Найдан, Л.Лувсандаш, Р.Цэвээн нар гарч ялалт байгуулав. Мөн Европ тивийн ноён оргил Эльбруст (д.т.д 5642 м) Монголын уулчид багаараа гарсан. Тухайн жилүүдэд өөрийн орны болон олон улсын уулчидтай хамтарсан “Альпинад” цугларалт авиралтыг жил бүр зохион байгуулж ирсэн нь уулын спорт хөгжихөд чухал түлхэц болсон билээ.
Монголын уулчдын холбооноос тухайн он жилүүдэд өөрийн орны өндөр ууланд авирах, улмаар гадаад орны ууланд авирахын зэрэгцээ тэдгээр улсын уулчдын ур чадвар туршлагаас суралцах, мөн уулын спортын нэг төрөл "Ханан хаданд авирах" туршлага судлахаар 1968 онд спортын мастер Б.Гэлэгшинэн ахлагчтай баг ХБНГУ-д, Спортын мастер Я.Жанцан ахлагчтай баг 1969 онд Польш улсад тус тус явж ханан хаданд авирах дасгал сургууль хийж ирснээр манай улсад ханан хаданд авирах анхны эхлэлийг тавьсан гэж үздэг.
Уулчид. 1950-аад оны дунд үе
Ханан хаданд авирагчдын анхны тэмцээнийг 1970 онд Хүрэл тогоотын хаданд Улаанбаатар хотын нэрэмжит болгон зохион байгуулж, “Алдар”, “Барилгачин”, “Хоршоолол”, “Залгамжлагч”, “Замчин” нийгэмлэгийн тамирчид оролцож, эрэгтэй тамирчдаас “Барилгачин” нийгэмлэгийн уулчин Ж.Баянцагаан, эмэгтэйчүүдээс мөн нийгэмлэгийн уулчин Ц.Амаржаргал нар түрүүлж ханан хаданд авиралтын анхны аваргууд болж байжээ. Үүнээс хойш тус тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохиож ирсэн билээ.
Монголын уулчид, аялагчдаас санаачилга гаргаж байгаль эхээ хайрлан хамгаалах талаар олон нийтийг уриалж аяллын явцад мод тарих санаачилга гаргаж олон арван мод тарьснаас гадна Отгонтэнгэр ууланд 1963 онд осолдсон онгоцны үлдэгдлийг цэвэрлэх ажлыг зохион байгуулсан ба үүнд 69 уулчин оролцож хоёр өдөр цэвэрлэсэн нь төрийн тахилгат Отгонтэнгэр хайрхныхаа цас мөсийг хамгаалсан ач холбогдол бүхий ажил болов.
Зах зээлийн нийгэмд шилжиж байсан жилүүд нь уулчдын хувьд хүнд үе байсан боловч тухайн он жилүүдэд өөрсдийн зориг тэвчээр, авхаалж самбаагаа дайчлан урьд явуулдаг байсан тэмцээн, авиралтыг үргэлжлүүлсээр байв.
Тухайн жилүүдэд гадаад арга хэмжээ өргөжиж Казахстан, ОХУ, Балба зэрэг орны уулчдын байгууллагатай холбоо тогтоон Гималайн ууланд монгол хүн хөл тавих анхны алхмыг тавьсан "Алтай" клубийн захирал, Гавьяат багш, спортын мастер Р.Зориг Балбын уулчидтай болон ОХУ, Казахстан улсын уулчдын байгууллагын холбооны ерөнхийлөгч нартай тус тус хэлэлцээр хийж харилцан уулчид солилцох болсон нь манай холбооны гадаад харилцаа өргөжих нөхцөл бүрдүүлсэн юм.
Казахстаны Хантэнгэр (д.т.д 7010 м), ОХУ-ын Эльбрус (д.т.д 5642 м), Саяны уулсад, Гималайн Наянхан (д.т.д 5896 м), Жоунли (д.т.д 6632 м), Францын Монблан (д.т.д 4807 м), Лениний оргил (д.т.д 7134 м), Африк тивийн ноён оргил Килиманжаро (д.т.д 5895 м), Өмнөд Америк тивийн ноён оргил Акангакуа (д.т.д 6962 м), Хойд Америкийн ноён оргил Денали (д.т.д 6194 м) зэрэг оргилуудад Монголын уулчид авирч ялалт байгуулсан байна.
Монголын уулчдын гадаадад өндөр ууланд авирах авиралтууд үргэлжилж Казахстаны Тянь-Шяны нуруунд (д.т.д 6218 м) Гималайн уулын салбар Лобуче (д.т.д 6119 м), Мера пик (дт.д 6429 м), мөн Чой-Оюу (д.т.д 8201 м)-т Л.Болдбаатар авирч анхны 8000 метрт гарсан уулчин болсноос гадна 2005 онд Эверест (д.т.д 8848 м)-д Г.Өсөхбаяр Балбын талаас, 2006 онд Төвөдийн талаас хоёр дахь удаагаа тус тус авирч, Антарктид тивийн ноён оргил Винсон (д.т.д 4892 м)-д Г.Ганхүү нар гарч төрийнхөө далбааг мандуулжээ. Мөн жилүүдэд Эверестэд авирах авиралт үргэлжилж эмэгтэй уулчид д.т.д 8700 метрийн өндөрт гарч чадсан нь манай эмэгтэй уулчдын дээд амжилт болж байв. Олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа Эверест 8848м (2011) онд гарсан анхны Монгол эмэгтэй болж улмаар дэлхийн хоёр дахь ноён оргил болох К2-т 2018 онд хөл тавьсан анхны монгол хүн болсон. Манай уулчдаас дэлхийн дээвэр Эверест дээр Г.Өсөхбаяр, Б.Гангаамаа, Л.Баярсайхан, Б.Цэвээндаш, Ц.Цогзолмаа, С.Бат-Эрдэнэ, Ж.Бямбасүрэн нар хөл тавьж баатарлаг үйлс бүтээсэн юм.
ОУУХ-ны дэд ерөнхийлөгч П.Фаркаш Монголд айлчлав. Тэрэлж. 2015 он
Монголын уулчдын холбооны 50 жилийн ойг тохиолдуулан Монголын уулчид 1994 онд Гималайн Жоунли оргил (д.т.д 6632 м)-д анхны авиралт хийсэн сэдвээр анх удаа шуудангийн марк хэвлэсэн бол Монгол Улсын Гавьяат тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа дэлхийн долоон тивийн долоон ноён оргилд манай улсаас анх хөл тавьсан түүхэн үйл явдлыг алдаршуулах зорилгоор уулын сэдэвт хоёр дахь шуудангийн маркийг 2018 онд хэвлэн гаргасан түүхтэй.
Монголын уулчдын үндэсний холбоо нь "Олон улсын уулчдын холбоо /ОУУХ/(UIAA)-ны жинхэнэ гишүүнээр 2009 онд, Олон улсын спорт авиралтын холбоо (IFSC )-ны жинхэнэ гишүүнээр 2017 онд тус тус элссэн бөгөөд эдгээр холбооноос зохион байгуулдаг олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд тогтмол оролцож ирлээ. Түүнчлэн Азийн уулчдын холбооны гишүүн юм. Олон улсын уулчдын холбооны залуучуудын комиссын гишүүнээр МУҮХ-г төлөөлж О.Батсайхан 2015 онд анх удаа сонгогдож ОУУХ-ны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлсэн юм. МУҮХ-ны урилгаар ОУУХ-ны дэд ерөнхийлөгч П.Фааркаш 2015 онд анх удаа Монгол Улсад айлчилж, МУҮХ нь ОУУХ-ны ээлжит их хурлыг 2018 онд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж, МУҮХ-ны дэд ерөнхийлөгч Б.Золжаргал ОУУХ-ны дэд ерөнхийлөгчөөр 2019 онд сонгогдсон нь монголын уулчдын нэр хүнд олон улсын хэмжээнд улам бүр өсч байгаагийн тод илрэл юм. Өндөр уулын спортоос салбарласан орчин үеийн төрлүүдийн нэг спорт авиралт хүн төрөлхтний спортын их баяр цэнгэл зуны олимпын их наадмын хөтөлбөрт албан ёсоор багтаж, “Токио 2020”-оос гараагаа эхэлж байгаа билээ.Мөсөнд авиралтын төрөл өвлийн олимпын их наадмын хөтөлбөрт багтах цаг айсуй.
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага-ЮНЕСКО нь Олон улсын уулын өдөр буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 11-нд Альпинизм буюу өндөр уулын авиралтыг хүн төрөлхтний Биет бус соёлын өвөөр албан ёсоор бүртгэж авлаа.
Ийнхүү өндөр уулын авиралт нь бие сэтгэлийн хүч, мэдлэг чадвар шаардсан үйл ажиллагаа төдийгүй дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн үнэт зүйл, нэг ёсны урлаг болж буй ажээ. Энэ байдал нь цаашдаа өндөр уулын авиралтыг улам бүр хөгжүүлэх, төр засаг, олон нийтийн дэмжлэг авах өргөн боломжийг нээж байна. Өндөр уулын авиралтыг хүн төрөлхтний биет бус соёлын өвөөр албан ёсоор бүртгүүлэхэд Монголын үе үеийн алдарт уулчдын сэтгэл, зүрх зориг, хөлс хүч шингэсэн нь дамжиггүй билээ.
Монголын эрэлхэг уулчид, тамирчдын яруу алдар бадартугай. Та бүхнийг мөнх тэнгэр ивээг.
А.Батсүх.
(PhD) Монголын уулчдын үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүн
О.Батсайхан
Олон улсын уулчдын холбоо /UIAA/-ны Залуучуудын комиссын гишүүн