Душанбе
Улаанбаатарын “Чингис хаан” олон улсын онгоцны буудлын нислэгийн танхим, 2019 оны долоодугаар сарын 16-ны 03.00 цаг. Найз нөхөд, танилууд биднийг үдэж өгөхөөр цугларчээ.Тэдний дунд түрүү жил Хантэнгэр хайрханы оргилд хүрсэн нөхдийн заавар, зөвлөгөөг сонсч суулаа.Энэ танхимд Европ тивийн ноён оргил Эльбрусыг зорьж буй нутаг нэгт уулчидтай таарч амжилт хүсэв.Аян замын барцад арилгагч ундааны дээжээс ёслоод Памирын нурууны ноён оргил Коммунизм /д.т.д7495 м/, зэргэлдээх Корженевская /д.т.д 7105 м/ оргилыг зорин хүлгийн жолоо залсан юм.Казахстаны “Скат айрлайнз” компанийн онгоцоор дөрөв орчим цаг нисээд тус улсын нийслэлд газардлаа.Нэг хоноод цааш үргэлжлүүлэн нисэх тул будаг нь ханхалсан Нурсултан хотын нэгэн аппартмент буудалд хоног төөрүүлэв.Нурсултан хэмээн нэрийдүүлээд удаагүй байгаа Астана хот сэлүүхэн, цэвэрхэн юм.Монголоос нүүж очоод 20 шахам жил болж буй Серик хэмээх казах залуу биднийг угтан авч, хотоо танилцуулж хамт оройн хоол идэцгээв.Дараа өдрийн 23.00 цагаас бид мөн л Нурсултан онгоцны буудлаас Душанбе руу “Скат” компанийн онгоцоор нислээ.Энэ хооронд илүүдэл ачаа 10 орчим кг болж 50 “ногоон“-той тэнцэх тенге /Казахстан улсын мөнгөн тэмдэгт.ред/төлөв.Душанбе хотын нисэх онгоцны буудалд биднийг “PAMIR PEAKS”-ийн төлөөлөгч угтлаа. Дашрамд өгүүлэхэд, “Ми-8” нисдэг тэрэг 2018 оны наймдугаар сард буух үедээ алдаа гаргаж осолдсоноос бүхээгт зорчиж явсан 15 уулчны гурав нь амь эрсдэж байсан юм. Энэ явдлаас хойш Коммунизм, Корженевская бааз лагерь хүрэх нисдэг тэрэг олдохгүй байгаа ажээ.Хөтөлгөө морьгүй улаачтай адил гэсэн үг л дээ.Бид гурав Душанбе хотын нэгэн хостелд зуны аагим халуунд хүлээхээс өөр аргагүйд хүрэв.“PAMIR PEAKS” компанийн удирдлага, хожим дуулахад Тажикистаны аялал жуулчлалыг хөгжүүлэх сангийн тэргүүн ДАВЛАТ Хабибов нисдэг тэргээр Коммунизмын оргилын авиралтын бэлтгэл ажлыг базаахаар олон сар хөөцөлдөж буй гэнэ.“Нисдэг тэрэг олж чадахгүй байгаа тухайгаа эртхэн дуулгаж, анхааруулдаггүй янзын нөхөр вэ?!” хэмээн бухимдаж, уурссан уулчин олон.Орон орноос ирсэн 90 гаруй уулчны захиалга авч амжсан мань эр “...Миний буруу байхгүй, өндөр уулын спортод иймэрхүү зүйл байдаг л биз дээ.Энэ бол форс мажор...” хэмээн тас мэлзээд халгаах шинжгүй. Өдөртөө +40, шөнөдөө +30 хэмийн халуунд хэд хоног хүлээж цөхөрсөн бид гурав Памир-Алайн уулс, Гиссар, Зеравшаны нурууны заагт орших ФАН-ын уулс руу аялах, өндрийн бэлтгэл базаахаар шийдлээ. Энэ аялалд бид Коммунизмын оргилд бэхэлгээ, авиралт, аюулгүй байдлыг хариуцах гэрээтэй ирээд мөн л хүлээж цөхрөнгөө барсан ОХУ-ын буриад уулчидтай явахаар болов.
Энергийн оргилд хүрсэн Монголчууд
Тажикистаны ард иргэд 1990-ээд оны сүүлчээр Европоос Монгол руу зөөдөг байсан Opel-Cadet, Ford-Granada, өвгөн Mercedes Benz-E190 зэрэг төмөр хүлгээр өнөөг хүртэл хөл дүүжилцгээж яваа юм билээ. Комби Opel-д гурван монгол, гурван буриад сууж 120 км зайг гурав орчим цаг тууллаа.Радиаторынх нь ус халж, байсхийгээд л зогсоно.Машиныхаа хамрыг сөхөн салхины өөд харуулан зогсоож хөргөнө.Замд таарах булаг шанднаас ус нөөцөлж авна.Машины бүхээгт агааржуулагч ажиллуулна гэвэл санасны гарз.Үлдсэн 30 км-ийн уулын замыг Солонгост үйлдвэрлэсэн жийпээр туулав.Өвгөн жолооч харанхуй болсон тул замд байх жижиг гацаанд байдаг гэртээ биднийг урьж, нутгийн хоол цайгаар дайлахаар болов.Шөнөд орой үгүй гэгчээр бид мусальман шашинтай айлд орой ширмэл ширдэг дээр бялхуулан зассан хоол унднаас цадтал хүртэцгээж, айлд газраар зулцгаалаа.Өглөө эртлэн босч үлдсэн цөөхөн хэдэн км уулын бартаат замыг туулсан.Шөнө энэ замаар яваагүйдээ баярлаж, уулын ширүүн урсгалтай гол, шовх үзүүртэй уулсын хажуугаар жирийлгэж, нүд болон сэтгэл баясч явав. Олон нуураар гоёсон үзэсгэлэнт ФАН-ын уулсаар дөрөв хоног алхсаны эцэст “ЭНЕРГИЯ“/д.т.д 5120м,2Б ангилал/ оргилд амжилттай хүрсэн анхны монгол хүмүүс боллоо. Явбал хүрнэ гэдэг.Энэ бэлтгэл Коммунизмд хүрэх хүлээлтийг мартсан тав хоногийн сайхан дурсамж байсан юм.Зам зуурт ОХУ-ын Буриадын уулчидтай ч дотно танилцаж амжив.
Коммунизмд Ленингүйгээр хүрэхгүй нь
Халуу дүүгсэн Душанбед эргэн ирэхэд эл хуль зочид буудал угтав.Коммунизмын үндсэн отог хүрэх нисдэг тэрэг ирээгүй л байлаа.Ноён Давлат Хабибиов өөрөө ч бууж өгсөн бололтой.Зарчмын хувьд үндсэн отог хүртэл явган хүрэх боломжтой.Жиргитал тосгоноос 5-6 хоног алхах газар.Отогт хүрэх хэсэг газар нарийн цавчим тул морь малаар ачаагаа зөөх боломжгүй.Явган хүрсэн хэдий ч цааш авиралтад шаардлагатай хоол хүнс, майхан, тоног хэрэгслээ 6-7 хоног тээж явна гэдэг бэрх даваа. FULL Package-аар захиалга хийсэн уулчдын бааз лагерь (үндсэн отог)-т ирэх хоол хүнс, майхан сав, холбоо харилцаа, уулын багаж хэрэгсэл ба аюулгүй ажиллагаанд зайлшгүй шаардлагатай зүйлсийг нисдэг тэргээр л зөөж тэнд хүргэнэ. Душанбе хотод бидний байрласан зочид буудлын нэг давхарт “PAMIR PEAKS”-ийн түр оффис байх.Давлат Хабибовтай ширүүн яриа өрнүүлж дуусаад өрөөндөө орцгоолоо.Дараа жил дахин Коммунизмыг зорих аваас 50 хувийн хөнгөлөлт үзүүлнэ гэсэн амлалтаас өөр зүйл тэр хүнээс гарсангүй.Одоо бид гуравт шууд гэртээ харих эсвэл өөр хайрханд бараалхаад үзэх эсэхээ шийдэх цаг болжээ.Бид Абу али ибн Синагийн нэрэмжит болгон нэрлэсэн Лениний оргилд авирахаар шийдвэрлэсэн юм. Душанбе хотоос 600 гаруй км зайтай Киргизийн Ош хот, тэндээс 280 км орчимд байх Ленин оргилын үндсэн отог хүрэх замыг автомашинаар туулах даваа биднийг хүлээж байна гэсэн үг. ФАН-ын уулсад хэдийнэ сайн танил болсон ОХУ-ын Буриадын гурван уулчин мөн ЛЕНИН-ийг зорихоор болж, хэн хэн нь замын ханьтай болсондоо олзуурхаж байв. Элэг нэгт уулчид маань аль зургаадугаар сарын сүүлчээр нутгаасаа гарч “PAMIR PEAKS”-тэй байгуулсан гэрээний дагуу Коммунизм болон Корженевская оргилд бэхэлгээний олс өлгөх, уулчдад хөтөч, аюулгүй ажиллагааны зааварлагчаар ажиллах зорилго тээн ирцгээсэн аж. 22.00 цагийн үед бүгчим Душанбе хотоос Ош руу хөдлөх болоход бидэнд энэ удаа “PAMIR PEAKS” өмнөхөөс арай дөнгүүр унаа бэлтгэжээ.Маргааш өглөө нь Тажик болон Киргиз хоёр улсын хил дээр ирсэн.Шөнө нь хилийн хотын иргэд хоорондоо зөрчилдөж нэлээдгүй асуудал үүсгэсэнтэй угтав.Тажик болон Киргизийн хил орчимд иймэрхүү зөрчилдөөн гарах нь элбэг, заримдаа хутга шөвөгтөө хүрдэг гэнэ.Бидэнтэй элдэв адал явдал таарсангүй, хилээр саадгүй түргэн гарч, догшин царайтай, хөрслөг бор жолоочтой, буруу талдаа жолооны хүрдтэй унаанд сэлгэж суув.Замд тааралдсан эхний жижиг сууринд Киргизийн мөнгө СОМ солиулж аваад Ош хотод үдээс хойш очлоо. Энд бас л +40 орчим хэмийн халуунд бид гурав нутгийн хоол амталж, аян замын хүнс, ойр зуурын зүйлс нэмж базаагаад оройн сэрүү орсны дараа нутгийн шар айраг болон хатуухан идээнээс амсч, буриад залуустай хууч хөөрч суув. Өглөө биднийг Mercedes-Benz Sprinter үндсэн отог хүргэхээр буудлын гадна зогсч байх нь энэ хүртэл зайдалсан хүлгээс хамгийн дөнгүүр нь мэт санагдсан. Талдыкийн давааг өгсч уруудан 280 гаруй км үргэлжлэх замын ихэнхийг засмалаар, багахан хэсгийг шороон замаар уулын жижиг гол сүлжин давхисаар Ачик-Таш/д.т.д3600м/ хэмээх газарт ASIA OUTDOORS компанийн бааз лагерь (үндсэн отог)-т монгол, буриад нийлсэн бидний зургаан уулчин бараг долоон цаг явж хүрэв. Өнөөх “дөнгүүр” Benz чинь замдаа ус нь халаад явдаггүй. Олон арван км-ээс цахилгааны шугам татаж, яах аргагүй орос хэв маягтай модон байшингууд, баар, саун, бараг 500 хүн нэг дор хооллох боломжтой “ресторан” барьж тохижуулсан нь цагтаа нүсэр том лагерь байсныг илтгэнэ. ЗХУ-ын үед барьсан тус отгийг “Asia Outdoors” компанийнхан сэргээн засварласан бөгөөд уулчдын анхны цугларалтад бид таарч байгаа нь энэ юм.
Абу али ибн Сина (Ленин) уулын бэлд, өндөр авалтын бэлтгэл
Бид өглөөний цайны дараа Луковая полянагаар дайрч дөрвөн цаг орчим алхаад далайн түвшинээс дээш метрийн өндөрт байрлах нэгдүгээр бааз (ABC)-д хүрсэн.Владимир Иванович Сувига гэгч 60 орчим насны эр биднийг угтан авч гар барив.ЗХУ-ын үед Памирын нурууны оргилуудад олонтаа амжилттай авирсан энэ хүн Лениний оргилд гэхэд л 13 удаа гарсан нэгэн.Тэрбээр өдгөө Казахстаны иргэн.Энэ жил “Asia Outdoors”-ын авиралт хариуцсан ерөнхий зохицуулагчаар ажиллаж байгаа нь энэ.“AKSAI Travel” Казахстаны компанид мань эр олон жил энэ ажлыг нугалж явсан туршлагатай зохицуулагч.Бидэнтэй хамт Орос, Беларусь, Украин, Испанийн баг, Бельги, Америк, Япон тус бүр нэг уулчин нийт 20 гаруй хүн цугларсан байв.“Asia outdoors” компаниас сонгосон товцог нь Ленин оргилын бэлээс бараг дөрвөн км-ийн зайтай.Энд RED FOX-ын шар асрууд алаглаж, болсон болоогүй уулчид нааш цааш холхилдох аж. Хоногийн гурван удаагийн хоол, дээр нь Red Fox хоёр хүний майханд байрлах бол 50 “ногоон“ төлнө. Дээших кэмпүүдэд майхан түрээслэх бол хоногийн 20 ам.доллар.Эмчийн үзлэг, богино долгионы холбоо болон зөвлөгөө үнэгүй, интернэт нэг цаг ашиглахад 10 ам.доллар.Владимир Иванович биднийг Фанын ууланд яваад ирснийг дуулсан ч баруун хойно үзэгдэх Юхин/д.т.д 5300м/-ы оргил руу гарч нэг хоноод ирэхийг “зөвлөв“.Цаг агаарын урьдчилсан мэдээгээр хоёр хоногийн дараа өндөр авалт хийхэд тохиромжтой байсан тул бид гурав наана нь сайн амарч авлаа. Хоёрдугаар кэмп өөд 2019 оны долоодугаар сарын 28-ны 04.00 цагийн үед хөдлөхөд цаг агаар тогтуухан, бидэнтэй хамт өгсөх хүмүүсийн олонх олсонд орж, хөтчөөр ахлуулжээ. Тэдний дунд урд хойноо орж, ангал дээгүүр харайж, тойрч явсаар “Хайруулын таваг”(сковородка)-ны хавтгайд хүрч наранд сайтар “хайруулж“ аваад Лениний оргилын эсрэг талд, уулынхаа бэл өөд хэвгий газар байрласан хоёрдугаар кэмпэд үдийн алдад хүрэв. Энд 1990 оны долоодугаар сарын 13-ны өдөр хавтангийн гулсалт болон цасны нуранги үүсч 43 хүний амийг авч оджээ.Хуучнаар ЗСБНХОУ-ын уулын спортын түүхэнд хамгийн олон хүний амь эрсэдсэн гэж бүртгэсэн тэр аймшигтай явдал болохын өмнөх хоёр өдөр маш их цас орж байжээ. Таана, мангир алаглан ногоорч байдаг Луковая поляна хүртэл хөлийн шагай давсан цастай байсан гэдэг. Хятадад газар доор цөмийн зэвсгийн туршилт хийснээс Афганистанд газар хөдлөлт болж, доргилт нь Памирын нуруунд чичиргээ үүсгэсэн. Улмаар хэдэн мянган тонн жинтэй мөсөн хавтан Ленин уулын бэлээс ховхрох гол шалтгаан болсон хэмээх таамаглал байдаг аж.Тэр цагаас хойш “Хайруулын таваг”-т бус харин аль болох уулын энгэр өөд кэмп байгуулах болжээ.Чингэхдээ болзошгүй нурангиас зайлсхийнэ гэсэн найдлага тээсэн хэвээр. Хоногийн 20 ам.долларын үнэтэй түрээсийн майхныг бараг 30 хэмийн налуу газар шороогоор талбай засч барьсан байх агаад үдийн наранд хайлсан цас майхны хажуугаар, доогуур, дундуур хаа дуртай газраараа хоржигнон урсах ажгуу. Энд цангасан хүн 0.75 л колаг 15 ам.доллараар авч ууж болно.Мөн хэмжээний ам.доллараар үндсэн отогт муугүй чанарын 0.5 л киргиз коньяк авч болно. “Ak Sai Travel”, “Asia outdoors” зэрэг компани газар газраас ирсэн уулчдыг хөлсөлж ажиллуулдаг. Тэд үүрэгт ажлынхаа хажуугаар үүргэвчээ өндөр градустай шингэн хүнснээс гадна хийжүүлсэн чихэртэй бор усаар дүүргэсэн байх агаад ам нь хатсан хүн бүрээс 15 ам.доллар цуглуулан маасайтал инээн халааслахыг дэргэдээс нь харахад туйлын зугаатай. Зэргэлдээ майханд төвөд царайтай уулчид байхтай таарсан. Бидэнтэй найрсаг, яг төвөд зүгийн аялгатай англиар ярих нь тэд үнэхээр өндөр уулсын орноос ирснийг батлах мэт Товчхондоо, Памирын нуруунд дэлхийн дээврээс ирж уулчдын ачааг зөөх төвөдийн “портер”-ууд элбэг болжээ. Казахын “Ак Сай Трэвел” энэ жил хорь орчим төвөд хөтөчтэй гэрээ байгуулсан гэнэ.
Раздельная /д.т.д 6148м/-д сонссон таагүй мэдээ
Маргааш өглөө нь гуравдугаар кэмп өөд алгуурхан хөдөлсөн бид гурав бусад уулчны хамт үдээс хойно Раздельная /д.т.д6148м/-д ирлээ. Энэ бол оргилд хүрэхэд түр саатах эцсийн кэмп юм. Нэг ширхэг майхан /д.т.д 6400м-т/ барих зайг эс тооцвол шүү дээ. Үүр шөнийн заагаар оргил өөд зүтгэсэн уулчдын сүүлч оройн 4-6 цагийн хооронд “Раздельная”-д эргэн бууцгааж ирдэг юм байна.Энэ өдөр орой 18.00 цаг өнгөрч нар уулын цаагуур тонгойх үест түгшүүртэй яриа үүрэн холбооны станцаар дуулдав.Сүрхий туйлдсан нэгэн залуу өөрөө бууж дийлэхгүй болсон бололтой.Дээр нь өндөр нөлөөлж хүний яриа ойлгохгүй өөдөөс дэмий инээгээд байх юм гэнэ.Харанхуй нөмөрч байхад “Раздельная”-гаас аврагчдын баг уул өөд хөдөллөө.“Наад нөхөртөө чихэртэй халуун цай, ус их хэмжээгээр уулгаж аль болох хурдан доошлуул, бүр хоёрдугаар кэмп хүртэл буулга, наана чинь удах юм бол өглөө цогцос чирэх ажил гарна шүү!” гэж Владимир Иванович /д.т.д 4400 м-ээс/ зааварчилгаа өгөх нь холбоогоор тод сонсогдох аж.Мань залуу аврагчдын ачаар эсэн мэнд буусан.Энэ өдөр мөн ОХУ-ын иргэн, 45 настай, уулын спортын туршлагатай нэгэн хошууч генерал оргилоос буух замдаа сураггүй болсон бөгөөд хэдэн өдрийн дараа далайн түвшнээс дээш 6200 метр орчмын өндрөөс цогцос нь олдсон юм. “Ленин бол 7000-тай уул, Эльбруст гарсан л бол энд гарах ёстой гэсэн тэнэг бодлоо хаях хэрэгтэй.Памирт өндрийн бэлтгэлийг зохих журмын дагуу заавал хийх хэрэгтэй.Өөрийгөө хэт илүү үнэлэх нь маш харамсалтай үр дагаварт хүргэж мэднэ” гэж Владимир Иванович хэлэх нь нэгийг бодогдуулав.
Оргил өөд
Өндөр авалтаас бууж ирээд гурав хонолоо. Цаг агаар таагүй, хуйсагнуур салхитай байснаа шуурч, цас нэвсийтэл оров. Цаг агаар хүлээх зуур далайн түвшнээс дээш 4400 метрийн өндөрт саунд орж, нутгаас авчирсан борцоор хуушуур хайрч идсэн гэж байгаа.Цас түр зогсов.Үдэш нь Владимир Ивановичийн майхнаар цаг агаарын мэдээ дуулах санаатай шагайвал “Asia Outdoors”-ын шар асрууд хөдөлгөөнд оржээ.“Цонх гарсан нь тодорхой”.Бид гурав ч бусдын адил идэвхийлэн хөдөлж, оргил руу гарах бэлтгэлээ базаалаа. 02.00 цагт майхнаас гарч Хайрхны зүг харахад уулын хормой өөд явж буй уулчдын духны гэрлэн цуваа Долоон бурхан, Алтан гадасыг заах адил Лениний оройг зүглэжээ. Цасны захад хүрч мөсний тахаа бэхлэх үед сүрхий шуурч байлаа.Бараа бараагаа харалцаж, нутаг нутгийн уулчдыг сүлжсээр нэг мэдэхэд далайн түвшнээс дээш 6500м орчимд хүрлээ.Шуурга улам ширүүссээр байв.Ядахад хүйтнийг яана, давхар бээлийтэй гарын хурууны үзүүр часхийнэ.Миллет брэндийн 8000м-ээс дээш өндөрт өмсдөг гутал жийсэн нэг орос эр “Хөл минь хөлдөх нь...” гээд буцсан гээд бод.Илчит улаан наран гэрэл дулаан түгээж, тэсэхүйеэ бэрх жаврыг үлдэн хөөх тэр мөчийг тэсэн ядан хүлээж зүтгэсээр байлаа. Далайн түвшнээс дээш 6700 метрт “Хутга” (Нож) гэж нэрлэдэг 80 метр урт, 45 хэмийн налуу цавчим хана өөд олсоор мацаж энэ өдөр оргил өөд зүтгэж байгаа 20 гаруй уулчны өмнө зүтгэсээр гарч ирэхэд биднийг өглөөний нар угтлаа. Цааш “Шүхэрчдийн хавтгай” (Плато Парашутистов)-гаар хоёр цаг гаруй алхаж 2019 оны наймдугаар сарын 4-ний 09.00 цаг 29 минутад далайн түвшнээс дээш 7134 метр өндөрт орших Ленин оргилд бараалхлаа. Явбал хүрнэ гэдэг билээ.Оргил дээрээс зүүн хойд зүгт үүлэн дээгүүр өнөөх Коммунизм оргил цайн үзэгдэх нь сүртэй.
Ленин оргил дээр нэг майхан байх агаад дотор нь үс сахалд баригдсан орос эр бас нэг төвөд залуу сууцгааж байхтай таарав.“Sky-Running”–ийн шүүгч нар юм гэнэ.Далайн түвшнээс дээш 4400 м-ээс гараанд гарч оргил дээр бариалдаг уг тэмцээнийг 2012 оноос хойш жил бүр зохиож буй аж.Оргил дээр бид гурав тэврэлдэж, аугаа их удирдагч Владимир Ильичийн цээж барималтай зургаа татуулж буулаа.Гуравдугаар кэмпэд буцаж ирэхэд 15.00 цаг болж байв.Энэ өдөртөө далайн түвшнээс дээш 6148 м дээр хонохоор шийдвэрлэсэн юм.Сүрхий ядарчээ.Өглөө аажуухан босч, цайлж аваад доошилж шууд 4400м, үндсэн отогт ирэхэд Владимир Иванович бидэнд баяр хүргэн чанга гэгч тэвэрлээ. Абу али ибн Сина /д.т.д 7134 м/ оргилд хүрсэн батламж, бүртгэлийн дугаар бүхий дурсгалын тэмдэг гардуулах ёслолд алдарт альпинист Сергей Богомолов хүрэлцэн ирсэн байв. Тэрбээр далайн түвшнээс дээш 8000 м өндөртэй 13 оргилд гарсан хуучнаар ЗХУ, өдгөө ОХУ-ын цорын ганц уулчин юм. К2- оос бусдад нь гарсан гэсэн.“Цасны барс” цолыг гэхэд бүр дөрвөн удаа (д.т.д 7000-с дээш өндөртэй нийт 26 оргил) баталсан эр.Тэр орой энэ мундаг уулчны хууч яриаг шимтэн сонсч сууцгаасан билээ.Мань эртэй мөр зэрэгцэн явсан Оросын алдарт уулчин Анатолий Букреевийн талаар манайхан асууж сонирхон түүний талаарх хувь хүнийх нь бодлыг сонссон юм.
Гэрийн зүг
Ачикташ /д.т.д 3600м/, үндсэн отог. “Asia Outdoors”-ын хамт олон, ОХУ-ын буриад уулчидтай тэврэлдэн салах ёс гүйцэтгээд Ош хот хүргэх автобусанд сууцгаалаа. Одоо буцах замаа зөв тооцоолох л үлдлээ. Анхны төлөвлөгөө УБ>НУР>ДУШ; ДУШ>НУР>УБ. Улаанбаатараас бидний НУР-УБ онгоцны тийзийн хугацааг наашлуулснаар нислэгүүд шулуудсан юм. Ош-Бишкек автомашин, Бишкек-Алматы микроавтобус, Алматы-Нурсултан автобусаар үргэлжлүүлээд өнөөх Скат эйрланз онгоцонд суулаа.Энэ зун харийн уулсыг зорьсон аялал ингээд өндөрлөж байна.Энэ удаад зарим уул мөн нэжгээд хүнтэй таарч амжсангүй.Таарах уулс, улстайгаа хэзээ нэгэн цагт таарах л байх.Одоо гэрийн зүг яарна.Харих эх орон, санах гэр бүлтэй байх сайхан юм аа.
Монгол Улсын Гавьяат тамирчин, Г.Өсөхбаяр
Олон улсын хэмжээний мастер Д.Эрдэнэтогтох
Уулын спортын II зэрэгтэй Б.Онон
Тэмдэглэл бичсэн: Б.Онон