Хар тамхи хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, хэрэглэсэн болох нь тогтоогдсон дуучин Б.Амархүүд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хоёр жилийн ял оноосон.
Харин тэрбээр, өнгөрсөн долоо хоногт давж заалдах хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн бөгөөд өнөөдөр нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд шүүх хурал нь боллоо.
Шүүхийн шийдвэрийн талаар Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тамгын газраас тодруулахад, "Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон хоёр жилийн хорих ял оноогоод байсан дуучин Б.Амархүүг батлан даалтад гаргаж, хэргийг прокурорт буцаасан" гэв.
Тодруулбал, Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс Б.Амархүүд оногдуулсан хоёр жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Прокурорын газарт буцааж, батлан даалтад гаргажээ.