"Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга", “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” зэрэг төрийн бус байгууллага хамтран Тост, Тосон бумбын нурууг хамгаалсан жишиг тэмцлийг өнгөрсөн есдүгээр сараас эхлүүлсэн билээ. Хэнтий аймгаас эхлүүлсэн "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний хэлэлцүүлгийн баг өнгөрсөн хугацаанд 12000 км зам туулан, 35 хэлэлцүүлгийг 21 аймагт зохион байгууллаа.
Энэ лхагва гаригт буюу арванхоёрдугаар сарын 18-нд орон даяар өрнөсөн хэлэлцүүлгийн үр дүнг нэгтгэн хэлэлцэх "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний чуулганыг дээрх Төрийн бус байгууллагууд Төрийн ордны Их танхимд хамтран зохион байгуулах гэж байна.
Төрийн ордонд болох "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний чуулганд төр, засгийн удирдлагууд болон 21 аймгийн иргэдийн төлөөлөл оролцож, хариуцлагатай уул уурхайн төлөө үзэл бодлоо илэрхийлнэ.
Дээрх ТББ-уудын эхлүүлсэн Тост, Тосон бумбын төлөөх тэмцэл өмнө нь Монгол Улсад шударга ёс тогтоох, хууль сахиулах, уул уурхай хариуцлагатай байх, хэвлэл мэдээлэл хараат бус ажиллах, байгаль эхийг хамгаалах жишиг тэмцэл байсныг дурьдах нь зүйтэй. Үүнээс үндэслэн хүрээнд хууль бус, хариуцлагагүй уул уурхайн талаарх мэдээллийг төр, түмэнд нээлттэй, ил тод болгож хуулийн дагуу үнэн, зөвөөр шийдвэрлүүлэхийн төлөө ийнхүү "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний хэлэлцүүлгийг орон нутагт цувралаар зохион байгуулсан юм.
Сануулахад, Монгол эх орноо нар зөв тойрон өртөөлсөн “Байгаль эх, Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлгийн үеэр “Эрс шинэчлэл хөдөлгөөн”-ий тэргүүн Д.Энхбат “Монголын уул уурхай-Баялгийн хараал”, “Босоо хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа “Эх орон, газар шорооныхоо эзэн байцгаая”, Монгол Улсын маркшейдерийн зөвлөх инженер Д.Гэрэлгуа “Хариуцлагатай уул уурхайд тавих хяналт”, Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор “Нөхөн сэргээгдэх хөгжил, уул уурхай дахь эрхзүйн зохицуулалт” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ.
"БАЙГАЛЬ ЭХ, ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ" хэлэлцүүлгийн хүрээнд бэлтгэсэн ЦУВРАЛ СУРВАЛЖИЛГА