Улаанбаатарчууд утаа, угаарын асуудлаа шийдэх гэж олон ч жил ярьж, үдлээ. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, хөрөнгө хүч асар их зарцуулсан. Үнэндээ хорт утаанаас салах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хангахын тулд хийсэн тухайн үеийн ажлууд үр дүн үзүүлээгүй. Харин У.Хүрэлсүхийн засаглалын шийдвэр ээнэхүү эрхийг хангах анхны томоохон арга хэмжээ болж чадсан. Иргэд ч ам сайтай байна. Түүхий нүүрсний нүүгэлдсэн хар утаан дунд, хахаж, цацан алхаж явсан үе саяхан. Харин өнөөдөр тэр цаг нэгэнт хойно хоцорчээ.
Тэгвэл үүнээс цааш ямар гарц байгаа вэ гэсэн асуулт тавигдаж эхэллээ. Гарц нь барилгажих гэдгийг ярьж байгаа юм. Боломжит ханшаар барилгажуулах асуудлыг Б.Найдлаа өөрийн цахим хуудсанд ийнхүү бичсэн байна. Тэрбээр:
"Шахмал түлш шатааж угаартах аюулгүй, эрчим хүчний хэмнэлттэй, бохирын шийдэлтэй тохилог байшин 40-60 сая төгрөг, тэгээд орон сууцны урт хугацаатай, бага хүүтэй зээл. Санхүүжилтийг зөвхөн Засаг биш гадны ногоон эх үүсвэрээр бас шийдвэрлэх боломжтой.
Ганцхан байшин санхүүжүүлэх биш хашаандаа мод зүлэг тарих, борооны усаа ашиглах, хашаа хороогоо өнгөлөх соёл хариуцлага, амьдралын шинэ хэв маягийг мөн давхар түгээж хэвшүүлэх ёстой. Ингэвэл хотын бараг бүх асуудлын шийдэл биз дээ?
Ийм нэгэн бодитой төсөл олон байгууллага, хүний хүч, сэтгэл, оролцоо дэмжлэгээр аажим боловч баттай босч байгаа шүү. Байшингийн эхний загварууд GIZ дэмжлэгээр бэлэн болжээ, баярлалаа. Удахгүй банкууд, барилгын компани болон иргэдтэй хамтран туршина" гэсэн байна.
Ийнхүү бас нэгэн шинэ хувилбар, шийдэл хэрэгжвэл утаа хэмээх мангасыг нам дарж, ирэээдүй маань гэрэлтэх болно.