Нийслэлчүүд энэ жилээс түүхий нүүрснээс татгалзаж, сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлсэн. Энэ нь агаарын бохирдлыг тодорхой хэмжээнд бууруулсныг албаныхан онцолж байгаа юм.
Иргэд ч үр дүнг нь харж ам сайтай байсан. Харин сүүлийн өдрүүдэд утаа нэмэгдэж байгаа тухай мэдээлэл цахим орчинд цацагдаж байна. Тодруулбал, зарим иргэд өөрийн нүүр хуудсаараа дамжуулан өглөө, оройдоо утаа үнэртэж эхэлсэн хэмээх болов.
Цаг уур, орчны шинжилгээний газрын агаарын чанарын мэргэжилтэн Д.Өнөрбатаас энэ талаар тодрууллаа.
-Агаарын бохирдлыг бууруулахаар энэ жилээс эхлээд айл өрхүүд сайжруулсан шахмал түлш түлж эхэлсэн. Гэвч өнгөрсөн 11 дүгээр сард бага байсан утаа сүүлийн өдрүүдэд ихэссэн талаар иргэд ярьж байна. Энэ нь ямар шалтгаантай юм бол?
-Нийслэлийн иргэдэд утаа ихэссэн харагдаж байгаагийн гол шалтгаан нь инверсийн давхаргатай холбоотой. Өнгөрсөн долоо хоногоос эхлээд Улаанбаатар хотод инверсийн өндрийн давхарга маш их үүссэн. Энэ нь энгийнээр хэлбэл утаа сарних үзэгдэл байхгүй болсон гэсэн үг.
Инверсийн давхаргыг “хөмөрсөн тогоо” эсвэл “савны таг” гэж ойлгож болно.
Учир нь, инверсийн давхарга доод хэсгийн агаарыг дээшээ СЭЛГЭЭНД ОРУУЛАЛГҮЙ хотын олон эх үүсвэрээс гарч буй БОХИРДЛЫГ ТОГТООН БАРИНА. -Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал утаа багассан уу?
-Манай газраас агаарын чанарын долоо хоног тутмын мэдээг гаргадаг. Тэгэхээр 2019 оны 12 дугаар сарын 2-8-ний өдрийн мэдээг хэлж өгье. Улаанбаатар хотын агаарын бохирдолд хамгийн ихээр нөлөөлдөг нь тоосонцрын агууламж байдаг. 2018 оны мөн үед том ширхэгт РМ10 тоосонцрын долоо хоногийн дундаж агууламж нь 194 байсан. Харин өнгөрсөн долоо хоногт 150 байсан байна.
Үүн дээр 24 цагийн дундаж стандарт гэж байдаг. 24 цагийн хамгийн их агууламж нь өнгөрсөн оны мөн үед 747 байсан бол энэ жилийн энэ сарын сарын 2-8-ний хооронд 318 гарч. Стандартаас давсан тохиолдлын тоо бас гардаг. 2018 оны мөн үед 95 хувь байсан бол өнгөрсөн долоо хоногт 74 болж багассан үзүүлэлттэй байна.
Нарийн ширхэгт РМ2.5 тоосонцрын долоо хоногийн дундаж агууламж нь өнгөрсөн онд 162 байсан бол энэ онд 129 болж багассан байна. 24 цагийн дунджаар хамгийн их агууламж нь 2018 оны мөн үед 629 байсан бол энэ онд 274 болж буурсан үзүүлэлттэй байна. Энэ бүхнийг нэгтгээд энгийнээр хэлбэл, утаа мэдэгдэхүйц хэмжээнд, тодорхой хувиар буурсан гэж ойлгож болно.
-Нийслэлийн агаарын чанарыг ямар хэлбэрээр хэмждэг вэ?
-Улаанбаатар хотод агаарын чанарын хяналт шинжилгээ хийдэг 15 харуул байдаг. Үүний 10 нь манай газрын харьяа, тав нь Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын харьяа.
Цаг уур орчны шинжилгээний газрын 10 харуулын гурав нь гар ажиллагаатай. Энэ нь шингээгч гуурсанд агаарын дээжээс соруулж маргааш өдөр нь Байгаль орчны-хэмжил зүйн төв лабораторид нойтон химийн аргаар дүн шинжилгээ хийж гаргадаг. Улаанбаатарт байгаа харуулууд гэр хороолол, авто зам, алслагдмал хэсэг, үйлдвэрлэлийн ойролцоо гэсэн дөрвөн бүсэд байрлаж байна.
Гэр хорооллын бүсүүд Зурагт, Баянхошуу, Нэгдүгээр хороолол, Тахилт, Толгойт, 100 айл орчимд байгаа бол авто замын ойролцоо харуул нь Баруун дөрвөн зам, 13 дугаар хороололд байрлаж байгаа. Харин үйлдвэрлэлийн бүсийнх нь Мишээл экспо, Монгол газар компанийн ойролцоо байна. Алслагдмал бүс нь Ургах наран хороолол орчимд ажиллаж байна. Энэ харуулууд 24 цагийн туршид тасралтгүй шинжилгээ хийж байгаа гэсэн үг.
-Нийслэлд хамгийн их бохирдолтой цэг нь хаана байна вэ?
-Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанар “Бага бохирдолтой” болон “Бохирдолтой” түвшинд хүрсэн байна. Галлагааны эрчимтэй холбоотойгоор PM2.5 тоосонцор, хүхэрлэг хийн агууламж гэр хороолол орчимд буюу Баянхошуу, Зурагт, 1-р хороолол орчим, автозамын түгжрэлтэй холбоотой PM10 тоосонцор, азотын давхар ислийн агууламж Баруун 4 зам орчим тус тус нэмэгдсэн байна.
Эх сурвалж: Залуу.ком