Ч.Үл-Олдох
Шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн Засгийн газрын шийдэл Улаанбаатарыг утаагүй болгов. Шинэ дэвшлийг дагаад “Нийслэл маань ийм гоё харагддаг бил үү”, “Азийн цагаан дагина гэдэг нэрийг сэргээе” гэсэн сэтгэгдлүүд хөвөрч байна.
Гэтэл бас “Агаарын чанар муудсан”, “Агаар дахь нүүрсхүчлийн давхар исэл 20 дахин ихэслээ”, “Иргэд угаартсаар байна” гэх эх сурвалж нь тодорхой бус мэдээллүүд ч цацагдах. Тодорхой бус ч гэж ихэнх сөрөг мэдээллийг АН-аас хийж буй юм.
Өрсөлдөгч хүчнийхээ хийж хэрэгжүүлсэн ажлыг шүүмжлэх, муухай харагдуулах нь улс төрийн алхам юмсанж. Уг нь АН-ынхан ч бас эрх барьж байхдаа утааг бууруулах гэж үзсэн л дээ. Тухайлбал, “Цэвэр агаар” гэгч сан байгуулж, Засгийн газар нь Багануурын нүүрсээр нийслэлийн гэр хорооллыг хангасан нь утааг бууруулах биш харин ч нэмсэнээр Улаанбаатарыг утааны голомт болгосон. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хэрхэн Утаанбаатар болсон нэн шинэ түүхийн автор нь Ардчилсан намынхан. “Цэвэр агаар сан” нь улсын төсвөөс мөнгө хүүлснээс өөрөөр гийгүүлсэн юм байхгүй. Баримт түшвэл, Байгальорчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А-11 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Архивын ерөнхий газарт хадгалагдаж буй “Цэвэрагаар” сангийн санхүү, үйл ажиллагааны эх материалтай танилцсан байдаг. Шалгалтын дүнд 92.2 тэрбум төгрөг зарцуулсан талаарх мэдээллийг нэгтгэн гаргасан нь бий. Ер нь, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд 2010 оны зургадугаар сарын 24-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулснаар “Цэвэр агаар” санг байгуулсан байдаг. Ингээд тус сангаас 2011-2015 онд агаарын бохирдлыг бууруулахад 90 гаруй тэрбум төгрөг зарцуулчихаад 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулан эргүүлээд нөгөөх сангаа татан буулгасан байгаа юм. Зөвхөн энэ ч биш ер нь бол АН, МАН ээлжилж засагласан сүүлийн арав гаруй жилийн хугацаанд утааг бууруулахад бодитой бөгөөд дорвитой ажил эхлүүлсэн Засгийн газар байхгүй. Зуух яндан, дулаалгын материал тарааж, “цаасан буу” үйлдвэрлэж улсын төсвөөс болоод гадны зээл тусламж нэрээр хэчнээн тэрбум төгрөгийг “залгисан”.
Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар өнгөрсөн хавар утааг бууруулахын тулд түүхий нүүрснээс татгалзах шийдвэрийг тун зоригтой гаргасан. Энэ намрын сүүлчээс эхлэн түүнийгээ хэрэгжүүлсэн. Үр дүнд нь тун богино хугацаанд Улаанбаатар утаагүй болж иргэд цэвэр агаараар амьсгалж байгаа юм. Хэдийгээр ЖДҮ-чин, 60 тэрбумаар гарч ирэгсэд гэхчилэн олон муу үйлийн эзнээр тодорсон ч одоогийн эрх баригчдын хийсэн ганц зөв ажил, түүхэнд бичигдэх тэмдэглэлт үйл явдал бол яах аргагүй утааг бууруулж чадсан. Анхны юм алдаатай, оноотой гэгчээр шахмал түлшийг хэрэглэх явцад эрсдэл байсан уу гэвэл байсан. Хэрэглээний горимыг сайн мэдэхгүй, мэддэг ч хайнга хандсан зэргээс болж хүмүүс угаартсан, зарим нь амь насаа алдсан гашуун тохиолдлууд ч гарлаа. Үүнд дөрөөлөн ерөөсөө шахмал түлш хортой юм байна, Ардын намынхан л ард түмнийг хордуулж “алж” байна гэхчилэн сөрөг мэдээллийг сэвэгчид сошиал орчинд давалгаа үүсгэв. Улаанбаатар утаагүй болсонд уурлаж буй хэн нэг хүн, хэсэг бүлэг үүнийг дэврээж буй гэлцэв. Үүний цаад эзэн хэн болохыг зарим эх сурвалж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг гэжээ. Тухайлбал, “Шахмал түлшийг байнга шүүмжилж, сөргөөр мэдээлж буй Medee.mn сайт бол З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохынх бөгөөд компани нь англиар MPO буюу Монголоор "Эм Пи Өү" ХХК. Бүртгэл.мн-ийн лавлагааг хавсаргав. Утаагүй Улаанбаатар болж байгаад хэн их хорсож байгааг medee.mn-ийн энэ мэт мэдээллээс харж болно. Таадаа?” гэж Лүндэгийн Наранбаатар хэмээх эрхэм нүүр номдоо жиргэжээ.
Тэгвэл хими, физикчийн салбарын эрдэмтэн судлаачид “Агаар дахь нүүрсхүчлийн давхар исэл 20 дахин өсөх ямар ч боломжгүй болохыг мэргэжлийн үүднээс тайлбарласан байсан. Жишээ нь, нүүрсний үнсний шинж чанар, иж бүрэн боловсруулалт, хэрэглээний талаар судалгаа хийж, 2017 онд ном гаргаж байсан манай улсын химийн шинжлэх ухааны салбарын нэртэй эрдэмтдийн нэг, академич Ж.Тэмүүжин “Угаарталт нь, СО буюу нүүрстөрөгчийн дутуу исэл үүсэж тэр нь цусанд нэвтэрснээс болж гардаг. Нүүрстөрөгчийн дутуу исэл СО нь нүүрстөрөгч буюу нүүрсний шаталт дутуу явагдсанаас болж үүсдэг. Өөрөөр хэлбэл, нүүрс бүрэн шатах нөхцөл бүрэлдсэнгүй гэж хэлж болно. Шахмал түлшнээс гэхээсээ шатаалтын технологиос болоод байна гэсэн үг. Шахмал түлш нь нүүрснээс илүү илчлэгтэй тул агаарын солилцол сайтай байх шаардлагатай. Барьцалдуулагч гэж хольж байгаа зүйлийг цардуул болон бентонит шавар гэж ойлгож байгаа. Цардуулын шаталтын эцсийн бүтээгдэхүүн нь нүүрстөрөгчийн давхар исэл СО2 болон ус байдаг. Бентонитыг зууханд шатаахад агуулагдах ус нь ялгарна. Барьцалдуулагч хортой байх үндэс байхгүй” хэмээн тайлбарласан байна.
“Номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уусан” гэдэг шиг эрдэмтэн мэргэддээ итгэхгүй бол монголчууд хэнд итгэх болж байна вэ. Хортой гэсэн улстөржсөн хийрхэл, нэг намын нөгөөгөө унагаах гэсэн ухуулгаар нийтээрээ шахмал түлшнээс татгалзах уу. Утаатай тэмцсэн шийдлээсээ Засгийн газар ухрах уу. Ер нь, АН-ынхан шахмал түлшний талаар акц хийж байгаа нь бол үнэн. Ил шулуун хэлж, хэвлэлийн хурал, мэдэгдэл хийх бол байх л үзэгдэл. Харин ард нь З.Энхболд хэрэв байгаа нь үнэн бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалаа хүлээлгэж өгчихөөд АН дээрээ ирж улс төрийн акц хийж суух хэрэгтэй биш үү. Тэгэхгүй болохоор ард түмэн зарим нь ардчилсан Ерөнхийлөгчийн байр суурь гэж ойлгоход хүрэх вий. Ард түмнээс сонгогдсон ардчилсан Ерөнхийлөгч, улс орны эв нэгдлийг илэрхийлэгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн маань утаагүй болсонд уурлаж, улс орноо хөгжиж дэвшлээ, утааг яллаа гэж арай бухимдаагүй юм. Ийм асуултууд ургаж байна. Үүнд Ерөнхийлөгч өөрийн амаар, ард түмнийхээ өмнө гарч хариулах хэрэгтэй. Хариулаарай, Ерөнхийлөгч өө. Дашрамд дуулгахад “The HU” хамтлагт “Чингис хаан” одон гардуулсны чинь дараа “K-попыг дууриасан M-пoп ямар ч амжилт олоогүй” хэмээн жиргэж суугаа “Солигддог тэмдэг” шиг Тамгын газрын даргад чинь итгэхгүй байна шүү, иргэд чинь.