"Монгол модель" агентлагийн загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ 2018 оны аравдугаар сарын 25-нд амиа алдсан хэрэг гарсан. Хэрэг гарсны дараа түүний нагац ах гэх иргэн олон нийтийн хэрэгслээр тухайн хэрэгт холбоотой байж болзошгүй гэх хэд хэдэн хүний мэдээллийг нийтэлж байсан. Мөн "Цэнхэр үст Цэрэн" гэгддэг Э.Цэрэндолгор өөрийн цахим хуудсаараа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Н.Цэлмүүн нарын дүү Н.Мөнгөншагай энэ хэрэгт холбоотой байж болзошгүйг нийтэлсэн юм.
Тэгвэл Н.Мөнгөншагай нь "энэ хэрэгт холбогдолгүй" хэмээн нэр төрөө сэргээлгэхээр Э.Цэрэндолгорыг шүүхэд өгсөн бөгөөд шүүх хурал өчигдөр /2019.11.20/-нд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болж, Н.Мөнгөншагайгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.
Тодруулбал, иргэн Э.Цэрэндолгор нь Иргэний хуулийн 21.2-т зааснаар "Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах", 497.1-т зааснаар "Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах", 511.-2т зааснаар "Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийх" үүрэг хүлээж байна.
Энэ талаар Н.Мөнгөншагайгийн эгч Н.Цэлмүүн өөрийн цахим хуудаснаа ийнхүү нийтэлжээ. "Миний дүү Н.Мөнгөншагайн нэр төр сэргээлгэх нэхэмжлэл бүхий иргэн Э.Цэрэнд холбогдох хэрэг маргаан өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхэд 11.30 минутаас хянан хэлэлцэгдэж эхэлсэн. Бидний зүгээс шүүх хурлын үйл явцыг нийтэд ил тод байлгах зорилгоор хэвлэл мэдээллийн төлөөллийг хуралд оролцуулах хүсэлтэй байсан. Гэвч хариуцагч Цэрэн шүүх хурлын үйл явцыг сурвалжлуулахаас татгалзаж, хурлаас гаргасан байна. Хэвлэл мэдээлэл шүүх хурлын үйл явцыг бодитоор баталгаажуулснаар уг асуудлын үнэн мөн илүү тодорхой байх байлаа. Хэрэг хянан шийдвэрлэх үйл явцыг ил тод байлгаснаар "гуйвуулах" боломж байх уу. Үнэн бодит байдал "Цэрэнг баба харагдуулах" юм байна гэж ойлголоо. Аль аль тал нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл оролцуулах эрх адил тэгш байгаа" хэмээн бичжээ.