Ч.Үл-Олдох
Химийн шинжлэх ухааны доктор, академич Ж.Тэмүүжин өөрийн нүүр номоор дамжуулан олон нийтэд хандаж шахмал түлшний эргэн тойронд гараад буй мэдээлэл, тодруулбал шахмал түлшинд хүхрийн давхар исэл буюу СО2 20 дахин өсөх ямар ч боломжгүй хэмээн мэргэжлийн үүднээс тайлбарласан нь анхаарал татлаа. Тэрээр нүүрсний үнсний шинж чанар, иж бүрэн боловсруулалт, хэрэглээний талаар судалгаа хийж, 2017 онд ном гаргаж байсан юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Шахмал түлш хэрэглээнд нэвтэрсэн ч хүмүүс угаартах үзэгдэл гарч байна. Шахмал түлшинд, эсвэл наалдуулагчид нь хортой бодис байна гэх ойлголт зарим хүнд байна. Мэргэжлийн хүний хувьд тайлбарлаж өгөөч, ийм байж болох уу?
-Миний бодлоор шинэ бүтээгдэхүүнийг олон нийтэд түгээхийн өмнө яаж ашиглах тухай заавар зааварчилгааг дутуу өгсөн санагдсан. Зааварчилгааг түлштэй цуг тарааж болоогүй юм болов уу ч гэж бодогдсон. Угаарталт дээр мэргэжлийн хүмүүс болон эрүүл мэндийн байгууллагууд дүгнэлтээ гаргасан байгаа. Угаарталт нь СО буюу нүүрстөрөгчийн дутуу исэлт үүсэж тэр нь цусанд нэвтэрснээс болж гардаг. Нүүрстөрөгчийн дутуу исэл СО нь нүүрстөрөгч буюу нүүрсний шаталт дутуу явагдсанаас болж үүсдэг. Өөрөөр хэлбэл нүүрс бүрэн шатах нөхцөл бүрэлдсэнгүй гэж хэлж болно. Шахмал түлшнээс гэхээсээ шатаалтын технологиос болоод байна гэсэн үг. Шахмал түлш нь нүүрснээс илүү илчлэгтэй тул агаарын солилцол сайтай байх шаардлагатай. Барьцалдуулагч гэж хольж байгаа зүйлийг цардуул болон бентонит шавар гэж ойлгож байгаа. Цардуулын шаталтын эцсийн бүтээгдэхүүн нь нүүрстөрөгчийн давхар исэл СО2 болон ус байдаг. Бентонитыг зууханд шатаахад агуулагдах ус нь ялгарна. Барьцалдуулагч хортой байх үндэс байхгүй.
. Хүмүүс яагаад угаартсаар байна вэ?
-Угаартаж байна гэхээр бүрэн шаталт явагдаж СО2 үүсэхгүй харин СО үүсээд байна гэсэн үг. Агаарын солилцоо муу байж гэж таамаглаж байна. Зуухны таталт сайтай, хүчилтөрөгчийн хангамж сайн байсан тохиолдолд угаарталт гарахгүй байх гэж бодож байна. Шахмал түлшнээс гэхээсээ илүү зуух, шатаалтын технологиос болж байгаа байх.
-Энэ өвөл утаа багассан нь мэдрэгдэж байна. Гэхдээ гэр хорооллынхон агаар дахь тоосонцор ихэслээ гэж ярих боллоо. Тоосонцор яаж үүсдэг вэ, шахмал түлшнээс болж байна уу.Үүнийг багасгах ямар арга байна вэ?
-Эхлээд утаа гэдэгтээ юуг оруулж байгаагаа тодорхойлох хэрэгтэй. Бид нарийн тоосонцор болон дутуу шатсан нүүрс бүхий яндангаас гарах хийн үзэгдэх хэсгийг утаа гэж нэрлэж заншсан. Шаталтын үед нүүрсэнд агуулагдах эрдэс болон нүүрсний жижиг хэсгүүд нүүрсний чийгээр дамжин утаа болон дэгддэг. Агаарт тоосонцор ихэссэн гэж үзэж байгаа бол утаа нь л ихэссэн гэсэн үг. Утаа багассан бол нарийн тоосонцор бас багасна. Эндээс үргэлжлүүлэн санаагаа хэлэхэд тоосонцор буюу нарийн ширхэгтэй эрдэсийн хэсгүүд шахмал түлшний шаталтаас болж агаарт дэгдэхгүй. Харин шаталтын дараа үнсээ цэвэрлэх, хадгалах үед бургилтаас үүссэн байж болно. Тэгэхээр үнсээ л битүү саванд хадгалах нь тоосжилтыг багасгах бас нэг арга болно.
- Шахмал түлш хэрэглэж байгаа үед яндангийн хаалтаа хаахгүй байхыг сануулж байгаа. Эсвэл янданг өдөр бүр хөөлөх ёстой юм болов уу?
-Би түрүүнд хэлсэн. Шахмал түлш нь нүүрснээс илүү илчлэгтэй учир агаарын солилцоо сайн байх шаардлагатай. Ямарч тохиолдолд яндангийн хаалтаа бүрэн хааж болохгүй, агаарын солилцоо явагдаж байх ёстой.
- Тавантолгойн нүүрс илчлэг өндөртэй учраас шахмал түлш хийхэд тохиромж муутай гэж зарим хүн ойлгож, үзэл бодлоо илэрхийлж байна. Ямар нүүрс тохиромжтой бол?
-Шахмал түлш нь агаарын бохирдол буюу нүүрсний жижиг тоосонцор, эрдэсийг агаарт дэгдэн үзэгдэх утаа үүсэхийг багасгах зорилготой. Одоо ашиглагдаж буй шахмал түлш маш бага чийглэгтэй учир агаарт дэгдэх тоосонцорыг буюу утааг багасгаж байгаа. Мөн илчлэг сайтай учир түлшинд тохиромжтой гэж бодож байна. Би одоогийн хэрэглэж буй Тавантолгойн угаасан нүүрсний завсрын бүтээгдэхүүнийг боломжит хувилбар гэж харж байна. Энэ нь гал унтраах төдий гэхдээ боломжит хувилбар юм.
Өөр шахмал түлшинд хамгийн тохиромжтой түүхий эд гэвэл хагас кокс л байна даа. Нүүрсний дэгдэмхий хэсэг нь гараад явчихсан илчлэг нь бүүр өндөр. Гэхдээ өртөг илүү өндөр гарах байх.
-Энгийн болон сайжруулсан гэх мэт зуухны төрлөөс хамаараад шахмал түлш түлж болох, болохгүй гэж үзэж болох уу?
-Яг энэ талын мэдээллийг дулааны техник, технологийн мэргэжилтнүүд өгөх байх. Миний хувийн бодлоор аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгааг дагасан тохиолдолд бүх төрлийн зууханд ашиглаж болно.
-Шахмал түлшний үнс хортой юу?
-Шахмал түлшний үнс нь Таван толгойн угаасан нүүрсний завсрын бүтээгдэхүүнд хамаарагдах нүүрс болон бага зэрэг бентонитын 600-700С температурт шатаасны дараахь үлдэгдэл юм. Манай лаборатори (ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Материал судлал Технологийн лаборатори) нь Улаанбаатар хотын захиргаа болон Байгаль орчны газраас шахмал түлшний үнсний шинж чанарыг тогтоон ашиглах боломжийг тодорхойлох хүсэлт хүлээн авсан. Удахгүй дээжээ цуглуулан туршилтаа эхэлнэ. Эцсийн дүн туршилтын дараа л гарна.
- Угаарын хийнээс хамгаалах, аюулгүй байдлаа хангах наад захын энгийн арга юу байж болох вэ?
-Минй ойлгож байгаагаар угаарын хийний мэдрэгчийг иргэддээ тараах юм гэсэн, тэрнийгээ зөв хэрэглэж сурах, гол нь зуухны агаар солилцоо сайн байж шатаалтыг л зөв технологиор явуулах. Өгч буй заавар зааварчилгааг дагах хэрэгтэй.