Нийслэлийн ИТХ-аас “Нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, анхаарах зарим асуудлууд” сэдэвт Ерөнхий хяналтын сонсголыг өнөөдөр зохион байгууллаа. НИТХ-ын Ажлын албанаас “Нийтийн сонсгол зохион байгуулах журам”-ын хүрээнд өнгөрсөн өдрүүдэд бэлтгэл ажлыг хангаж ажилласан бөгөөд Ерөнхий хяналтын сонсголд төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэд болон албаны хүмүүс оролцож байна.
Энэ үеэр сайжруулсан түлшний талаар судалгаа хийсэн судлаач Б.Дөлгөөнтэй ярилцлаа.
-Сайжруулсан түлшний асуудлаар судалгаа явуулсан юм байна. Ямар үр дүн гарсан талаар товч мэдээлэл өгөхгүй юу?
-Шахмал түлшийг ямар зууханд түлж буйгаас хамааран үр дүн нь өөр өөр гарч байгаа. Сүүлийн үед хийсэн зуухнуудад түлш шатаах туршилт явуулснаас харахад угаарын хий өндөр гарсан. Гэхдээ нийслэлд амьдрах айл өрхүүдийн хэрэглэж байгаа 18 төрлийн зууханд хийсэн туршилт биш. Тиймээс цаашид бүх төрлийн зууханд туршилт хийх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, ямар зууханд шахмал түлш илүү тохиромжтой, ямраас нь угаарын хий их ялгарч байгааг туршсаны үндсэн дээр иргэдэд мэдээлэл хүргэх нь зөв. Яндангийн таталт хэр сайн бэ гэдэг маш чухал юм. Магадгүй муу байх юм бол гэрийн доторх агаар өндөр хэмжээнд бохирдох боломж бүрдэх аюултай.
-Гадагшаа алдагдахад аюулгүй гэж ойлгож болох уу. Иргэд хоёр талын байр суурь илэрхийлэх болсон?
-Гадаад орчны агаар эзэлхүүн томтой учир угаарын хий гадагш гарсан тохиолдолд өндөр хэмжээнд хүрэхгүй байх. Магадгүй ид хүйтний үеэр ямар байх нь тодорхой болно биз. Тухайн үед нь угаарын хий ямар хэмжээнд хүрч байгаа талаарх мэдээллүүд мэдээж хэрэг гарч таарна. Ер нь, хүний бие нөлөөлөхүйц өндөр хэмжээнд хүрэхгүй байх гэсэн хүлээлттэй л байна.
-Шаталт, ичлэгийн хувьд?
-Нүүрсний өөрийнх нь хэмжээ, илчлэг, дотор байх дэгдэмхий хийнээс хамааран шаталт нь янз бүр. Мөн зуухнаас ч хамаарч таарна. Сайжруулсан шахмал түлш маань өндөр илчлэгтэй нүүрс учраас илүү өндөр темпратурт бүрэн шатдаг. Магадгүй өндөр хэмдээ хүрч чадахгүй, бүрэн шаталт явагдахгүй тохиолдолд Багануур, Налайхын нүүрснээс илүү угаарын хий гарч байгаа нь харагдсан.
-Иргэдийн хувьд анхаарах зүйлс бас бий?
-Өнөөдөр ид хүйтэн эхлээгүй байна. Хүйтний үед гаднах хэм -30-40 хүрнэ. Энэ үед яндангийн дээд хэсэг гадна байрладаг учир хурдан хөрснөөс таталтанд шууд нөлөөлдөг. Ийнхүү таталт муудсанаас угаарын хий гэр рүү нэвтрэх аюултай. Тиймээс иргэддээ гурван зөвлөгөөг өгөх нь зүйтэй байх.
Нэгдүгээрт, яндангаа хөөлж, дулаалах хэрэгтэй. Хоёрдугаарт, зуухаа зас эсвэл сайжруулсан зуух авч тавь. Гуравт нь, хэрэв танай гэрт энгийн зуухтай, ханан пийшин байдаг бол шууд гадагш гарсан яндан тавиарай. Тодруулбал, ханан пийшинтэйгээ холболгүйгээр гадагш гарсан яндан бий болго гэсэн үг. Ингэснээр угаарын хийд өртөхгүй байх боломж бүрдэнэ.
-Тэгэхээр энгийн зуухтай айл, өрхүүд илүү эрсдэлд орох магадлалтай гэж ойлгогдож байна?
-2018 оны арванхоёрдугаар сарын 15-наар авсан судалгаагаар нийт тоологдсон зуухны 63 хувь нь ердийн зуух гэсэн тоон баримт бий. Гэхдээ үүний хэдэн хувь нь ханан пийшинтэй болох судалгаа алга. 2015, 2016 судалгаанаас харвал 30-40 мянган өрх ханан пийшингээр халаадаг гэсэн тоон мэдээлэл байна. Магадгүй өнөөдөр ийм нөхцөл байдалтай байгаа бол илүү их эрсдэл дагуулах болов уу гэж бодож байна. Тиймээс иргэд маань илүү их анхааралтай байж, эрсдэлээс зайлсхийх хэрэгтэй л гэсэн үг.