Цагдаагийн байгууллагаас нэр бүхий найман сэтгүүлчийг шалгаж, нууцаар тагнаж, чагнасан асуудал гарсан тухай мэдээллийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өчигдөр болсон форумын үеэр зарлалаа. Өөрөөр хэлбэл, хуулийн байгууллага нэр бүхий сэтгүүлчид дээр нууц ажиллагаа явуулсан бөгөөд хэргийг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас шалгаж эхэлсэн гэв. Мөн энэ талаар асууж лавлахад нууц хэмээн тайлбар ирүүлсэн аж.
Эрхэм гишүүн "Сэтгүүлчид яагаад энэ асуудлаар дуугарахгүй байгаа юм бэ. Би Хууль зүйн байнгын хорооны даргын хувьд сэтгүүлчдийг шалгасан асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч гэж ТЕГ-т албан бичгээр хандсан. Гэвч өнгөрсөн долоо хоногт нууцын зэрэглэлтэйгээр шалгаж байгаа гэсэн агуулгатай хариу ирүүлсэн байна. Хэрэв сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг нууцаар шалгаж эхэлсэн бол энэ маш ноцтой асуудал шүү” гэсэн юм.
Цаашид энэ асуудал хаашаа эргэх нь тодорхойгүй байна. Ямартай ч тагнуулж, чагнуулж байгаа сэтгүүлчид хэн бэ гэдэг асуулт үлдлээ.