Утаа, угаар, агаарын бохирдол. Энэ бол нийслэлчүүдийн төдийгүй үе үеийн Засгийн газар, нийслэлийн удирдлагуудын шүдний байсаар ирсэн. Их ч мөнгө зарцуулж утаатай тэмцсэн ч үр дүн үзүүлээгүй. УИХ-ын гишүүд нь утаагүй зуух, гэр хорооллын угаартай танилцсан түүх л үлдсэн билээ.
Тэгвэл У.Хүрэлсүхийн Засгийн газрын шийдвэрээр энэ жилээс эхлэн түүхий нүүрс түлэх асуудлыг хорьсон нь шийдэл болж байна. Тодруулбал, их хотын иргэд цэвэр тунгалаг агаараар амьсгалах, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжийг олголоо гэж утааны эсрэг жагсан тэмцэж байсан хүмүүс ярьж, сошиалаар мэдээлэл дамжуулсаар байгаа. Хотын утаа арилах хэрээр амны эзэд, нүүрсчид уцаарлан бухимдаж, элдвийн арга саам хэрэглэх болов. Тодруулбал, шалган нэвтрүүлэх цэгт 251 тээврийн хэрэгслээр 4150 тонн түүхий нүүрс Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завджээ. Тэрбумаар эргэлдэх зах зээлтэй байсан нүүрсний амны эзэд хориглосон бүсэд түүхий нүүрсээ оруулах гэсэн аян эрчимжиж, шахмал түлшний уутанд нүүрс савлаж борлуулах, стандартын шаардлага хангаагүй шахмал түлш, сайжруулсан түлшнээс бага үнэтэй түүхий нүүрс худалдаалах, суудлын болон ачааны автомашинд нууж хулгайн замаар нэвтрүүлэхийг завдсан үйлдэл илэрсээр.
Нийслэлчүүдийн утаанаас ангижруулах томоохон төслийн эсрэг ийнхүү түүхий нүүрсний ченжүүд өрвөлзөж эхэллээ. Төр засгийн шийдвэрийг эсэргүүцэх тэдэнд хууль, дүрэм, журам огт хамаагүй болжээ. Аль болох л ашиг олж, тус тусын халаасаа түнтийлгэх нь л чухал бололтой. Мөнгөнөөс илүүтэй өөрсдийнх нь болоод үр хүүхдийнх нь эрүүл мэнд чухал гэдгийг сэтгэхгүй явна. Мөн бусдын эрх ашиг огт хамаагүй мэт аашлах нь зүйд нийцэхгүй гэдгийг тэд ойлгох уураг тархигүй улс аж. Утаа үнэрлэн, мансуурч суухыг хүсч байгаа бол нүүрсний амны дэргэд гал түлж, хор утаандаа мансууран жаргах ёстой мэт.
Нүүрсний утаандаа угаартан мансуурсан тархитай амны эздэд мөнгөнөөс өөр чухал зүйл байдаггүй гэж хэлэхэд буруудахгүй биз ээ. Ирээдүйгээ хорлож, иргэдийг хордуулах санаархалтай хүмүүст хууль хатуу үйлчлэх хэрэгтэй. Сайжруулсан түлшээ хэрэглэж заншаад, утаанаасаа салчихвал Монгол Улсын ирээдүй гэрэлтэх болно.
Гэрэлтэй амьдрал, гэгээтэй ирээдүйн төлөө зөв хэрэглээг дэмжих нь нийслэлчүүд бидний чин хүсэл байх ёстой.