Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд Монгол Улсын эдийн засагт гарч буй эерэг өөрчлөлтийг бататгах, үүсч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын зорилтуудыг тусгалаа. Монголбанкнаас жил бүр ирэх онд баримтлах төрийн мөнгөний бодлогыг боловсруулж, УИХ-д өргөн барих үүрэгтэй бөгөөд үүнтэй холбогдуулан Төв банкнаас олон нийт, судлаач, эдийн засагчдад зориулан хэлэлцүүлгүүдийг зохион байгуулдаг уламжлал тогтсон.
Энэхүү хэлэлцүүлгийн гол зорилго нь макро эдийн засгийн суурь хүчин зүйлёэд тулгуурлан мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг боловсруулдаг байна. Мөн түүнийгээ олон нийтэд ойлгуулан таниулах, бодлогын саналуудыг хэлэлцэж, судлаач, эдийн засагчдын саналыг цаашдын үйл ажиллагаандаа тусгадаг. Дээрх хэлэлцүүлэг өнөөдөр эхэлсэн бөгөөд "Эдийн засгийн төлөв-Мөнгөний бодлого" сэдвээр төв банкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярсайхан илтгэл танилцууллаа. Илтгэлд ирэх жилүүдэд мөнгөний бодлого хэрхэн явах, инфляц, дифляц хэрхэн үргэлжлэх зэрэг сонирхолтой асуудлыг хөндлөө. Харин Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл"-ийн төслийг танилцуулсан юм. Мөн Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тэргүүтэй төв банкны газар, нэгжийн захирлууд хэлэлцүүлэгт оролцож, сэтгүүлч, эдийн засагчдын сонирхсон асуултад хариулж, олон нийтэд мэдээлэл өглөө.
Монгол Улсын төв банкны зүгээс Мөнгөний бодлогын баримт бичигт эдийн засгийн сэргэлтийн төлөв, ирэх жилүүдэд эдийн засагт тулгарч болзошгүй эрсдэл, сорилтыг тодорхойлж, түүнийг шийдвэрлэх чиглэлд анхаарал хандуулсан зорилтуудыг тусгажээ. Өөрөөр хэлбэл, гадаад өрийн дарамтыг шийдвэрлэх, эдийн засгийн дархлааг нэмэгдүүлэхэд ваютын цэвэр нөөц, түүний хүрэлцээг нэмэгдүүлэхэд анхааран ажилласан байна.
Ерөнхийдөө ирэх жилүүдэд эдийн засгийн өсөлт хадгалагдахаар байгаа тул гадаад, дотоод сщкторын тэнцвэртэй байдлыг хангах, валютын ханшийн зохистой бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй аж.
Монголбанк нь үндсэн зорилтынхоо хүрээнд макро тогтвортой байдлыг хангахын тулд инфляцийг тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлого хэрэгжүүлж ажиллахаар болсон байна. Цаашлаад банкны хяналт шалгалт, зохицуулалтын арга хэрэгслийг Базщлийн стандарттай нийцүүлэн сайжруулж, банкны системийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлыг үргэлжлүүлэх юм байна. Мөн банкны харилцагчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр эрх зүйн шинэтгэлийг төрийн эрх бүхий байгууллагатай хамтран хэрэгжүүлж, холбогдох хуулийн төслийг боловсруулах бөгөөд технологийн дэвшилтэй холбоотойгоор санхүүгийн салбарын дэд бүтцийг сайжруулахаар 2020 оны Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгасан байна.