Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг боловсруулж, парламентаар хэлэлцүүлэх бэлтгэл ажил эхэлж байна. Хэвлэлийн эрх чөлөө, хараат бус байдал ихээхэн хумигдмал болсон Монгол Улсын хувьд эрх зүйн орчинг нь тодорхой болгох шаардлагатай салбар болоод байгаа.
Өмнөх засаглалын үед Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас тус тусдаа хоёр төсөл өргөн мэдүүлсэн ч тухайн үед тэгс ингэс хийгээд л хаягдсан талтай. Торуулбал, хэлэлцэх эсэхийг нь дөнгөж шийдэв үү, үгүй юу хойш тавьж, “хар авдрын ёроолд” хаяж, хав дарсан түүхтэй. Өнөөг хүртэл тухайн хууль хаана хэрхэн хадгалагдаж буй нь тодорхойгүй.
Хэвлэлийн эрх чөлөө гээд ярихаар зөвхөн сэтгүүлчдэд хамаатай мэтээр ойлгох нь бий. Тэгвэл энэхүү эрх чөлөө нь бүх нийтэд хамаатай ойлголт. Олон нийтийн мэдэх эрхийг хангахад чиглэсэн хууль юм. Өнөөдрийг хүртэл мөрдөгдөж ирсэн буюу 1998 онд батлагдсан Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хууль нь дөрвөн зүйл заалтаар иргэдийн мэдэх эрхийг болон салбарын үйл ажиллагааг зохицуулсаар ирсэн. Аливаа бүхэн цаг үеэ даган хувьсан өөрчлөгдсөөр байгаа технилогийн дэвшлийн эрин зуунд 20 гаруй жилийн тэртээ бий болсон хууль нарийн зохицуулалтаар хангаж чадахгүй байгаа нь тодорхой. Тиймээс ч хуулийн шинэчлэл шаардлагатай болоод байгаа юм. Учир нь, тухайн хуульд “Хэвлэл, мэдээллийн эрх чөлөө, хэвлэл, мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно. Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт цензур тогтоохгүй. Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй. Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” гэсэн хэдхэн заалттай.
Ардчилал мандан бадарч байх тэр цаг үед уг хууль эрх чөлөөгөө тунхаглан дээрх заалтаар асуудлаа шийдээд явчихаж болж байсан. Гэтэл сонин хэвлэл цахимжиж, мэдээллийн хурд минут секундээр хэмжигдэх өнөө үед уг хууль үнэхээр багадаж байна. Салбарын хуулиа шинэчилж сайжруулах цаг нь ч болсон гэдгийг хэн бүхэнд хэлсээр яваа. Сэтгүүл зүйн төв байгууллага МСНЭ ч энэ асуудалд онцгой анхаарал хандуулж байгаа. Салбарын хуулиа сайжруулах нь хуульчдын л хийх ажил мэтээр харах нь буруу юм. Яагаад гэвэл эцсийн дүндээ тухайн хуулиар сэтгүүлч, редакцийн үйл ажиллагааг зохицуулах учир салбарт ажиллах хүн бүрийн оролцох ажил. Ялангуяа редакц бүр энэхүү хуульд өөрсдийн байр суурийг илэрхийлж, ХЗДХ-ийн яамны боловсруулж буй төсөлд санал бодлоо тусгуулах нь чухал болоод байна. Мөн ахмад сэтгүүлчдийн туршлага, нийтлэлчдийн үзэл бодол маш чухал биз ээ.
Өнгөрөгч долоо хоногт МСНЭ-ээс “Хараат бус сэтгүүл зүй ба хууль эрхзүйн шинэчлэл” сэдэвт, зорилтот хэлэлцүүлгийг зохион байгуулах үеэр дээрх асуудал хөндөгдөв. Сэтгүүл зүйн төв байгууллага болон Глоб интернэйшнл, Хэвлэлийн хүрээлэнгийн зүгээс олон жил уг асуудалд анхаарч өгөхийг хүссэн ч хойшлуулж, цааргалсаар өнөөдөртэй золгож байна. МСНЭ-ээс хүсч буй хэвлэн нийтлэх эрх чөлөөг бэхжүүлж, баталгаажуулах хуулийг батлах хүсэл дээдсүүдэд байгаагүй нь ойлгомжтой. Тиймээс ч МСНЭ “Хараат бус сэтгүүл зүй ба хууль эрхзүйн шинэчлэл” сэдэвт, зорилтот хэлэлцүүлгийг зохион байгуулсан хэрэг. Энэ асуудлаар сүүлийн хэдэн жил дуу хоолойгоо илэрхийлж, сэтгүүл зүйн хараат бус байдлыг хангах чиглэлд онцгой анхааран ижил төстэй үйл ажиллагаа хийдэг ТББ-уудтай хамтран ажиллаж эхлээд байгаа билээ.
Ерөнхийдөө Эрүүгийн, иргэний, ЗӨРЧЛИЙН гэх мэт хуулиудаар амаа үдүүлчихсэн, эзнийхээ дохио зангаа, хэлсэн үгээр мэдээлэл дамжуулах сэтгүүлчийн эрх чөлөөг боомилсон салбарын том хуульд томоохон өөрчлөлт зайлшгүй шаардлагатай байна.
Хуульд өөрчлөлт оруулах ажил гараанаас хөдөлсөн ч сэтгүүлчдийн оролцоо алга гэх шүүмжлэл бий. Мэдээж хэрэг мэргэжлийн хуульчид ажиллах зөв ч салбарын тогоонд чанагдсан, сайн нийтлэлч, сэтгүүлчдийн бодол санаа тусахгүйгээр эрх зүйн орчин бүрдэж яахан чадах билээ. Энэ ч утгаараа сэтгүүл зүйн салбарын хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт нэг хоёр сэтгүүлчийн бус нийт сэтгүүлчдийн санал чухал байна.