Өнгөрсөн амралтын өдрүүдэд сайжруулсан түлшинд угаартаж амь насаа алдсан байж болзошгүй хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэний дагуу түлшнээс дээж авч холбогдох лабораториудад шинжлүүлсэн. Сайжруулсан түлшний найрлагад ямар нэгэн зөрчил илрээгүй гэсэн лабораторийн дүгнэлт гарсныг НЗД-ын орлогч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр танилцууллаа.
ЦЕГ, НМХГ, НЦУГ зэрэг байгууллагын 98 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дуургийн сайжруулсан түлш борлуулах 17 цэгээс 23 дээж авч АМГТГ-ын харьяа лаборатори, Геологийн төв лаборатори, барьцалдуулагчийг шалгуулахаар Гаалийн төв лабораторид шинжлүүлэхээр хүргүүлсэн юм.
НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн ярихдаа: “Геологийн төв лабораторид есөн дээж шинжлүүлэхэд нэр бүхий айлуудаас авсан шахмал түлшний дээжийн чийглэг нь стандарт хангасан. Үнслэг 29 буюу түүнээс бага байх ёстой бол 23-24 байна. Хүхэр 1 буюу түүнээс бага байх ёстой бол 0.95-1.04 байна. Илчлэг нь 6,000 буюу түүнээс дээш гарсан. Угаарын хийнд хордсон айл өрхийн хэрэглэж байсан түлш болон Тавантолгой түлш ХХК-ийн хоёр үйлдвэрээс авсан дээжийг АМГТГ-ын лабораторид шинжлүүлэхэд бүгд стандартын шаардлага хангасан гэсэн хариу гарлаа. Гаалийн төв лабораторид цардуулыг шинжлүүлэхэд цардуул болон шаварлаг эрдэс агуулж байна гэсэн хариу ирсэн. Сайжруулсан түлшинд хэрэглэсэн цардуул нь химийн бодис биш. Иргэд химийн бодсонд хордоогүй, угаартсан. Органик цардуулыг хэрэглэхэд угаар гардаггүйг эрдэмтэд нотолсон байдаг. Нэг хашаанд хоёр айл сайжруулсан түлш хэрэглэсэн байхад нэг айл нь зүгээр, нөгөөх айлын хоёр хүүхэд угаартаж, хордлого тайлах эмчилгээ хийлгэсэн нь хэрэглээнээс үүдэлтэй байна. Иргэд сайжруулсан түлшээ зөв техникээр хэрэглэхгүй бол болзошгүй тохиолдол гарч мэдэхээр байна” гэв.
НЗД-ын орлогч Ж.Батбаясгалан: “Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэлийг хангахад хоёр чиглэлд анхаардаг. Нэг нь инженерийн шугам сүлжээ, нөгөөх нь иргэд рүү чиглэсэн үйл ажиллагаа. Учир нь нийслэлийн хүн амын 60 орчим хувь нь төвийн шугамд холбогдоогүй, өөрийн галлагаа болон халаалтын системийг ашиглаж байна. Хэдийгээр стандартыг баталсан байдаг ч иргэд маш олон төрлийн зуухыг хэрэглэж байгаа учир сайжруулсан түлшийг зөв хэрэглэх талаар зөвлөгөө зөвлөмж өгч байна. Цаашид иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирохгүй байх талаар бүх шатны урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна” гэлээ.
Энд хамгийн чухал нь нэг хашаанд амьдрах хоёр айл яг адилхан Сайн түлш авч хэрглэсэн байгаа юм. Гэтэл яндангийн хаалтаа хаасан айлынхан угаартсан бөгөөд нөгөө нь угаартаагүй аж. Үүнээс харахад иргэд өөрсдийн санамсар болгоомжгүй үйлдлээс угаартаад байна уу. Магадгүй сайжруулсан түлш түлж байгаа айл өрхийнхөн хордоод байгаа бол шатааж буй бүх хүн төдийгүй нийслэлийн иргэд тэр чигээрээ угаартах боломжтой. Гэтэл хамар хаяа дэрлэн хэвтэх хоёр айлын байдал нүүрсэнд учир шалтгаан байхгүй гэдгийг илтгэчихлээ. Тиймээс иргэд өөрийн болон өрх гэрийн гишүүдийнхээ эрүүл аюулгүй байдалд санаа тавих нь чухал байна.
Цаашид төр нь иргэдийнхээ аюулгүй байдалд санаа тавьж, мэдээллээр ханган ажиллаж, иргэд нь хэрэглээндээ хяналт тавих зайлшгүй шаардлага байна. Иргэн та хэрэглэж буй зуух, яндангийн нөхцөл, өрх гэрийнхнийхээ аюулгүй байдалд санаа тавиарай.