Их хотоо хаяалан амьдарч буй гэр хорооллын иргэдийн амнаас “Ээ мэдэхгүй, энэ өвөл хөлдөж үхэх юм уу, бүү мэд”, “Сайжруулсан түлш ч гэж дээ, дүн өвлөөр л чанар нь мэдэгдэнэ дээ” гэх зэрэг эргэлзсэн үгийг олонтаа сонслоо. Олны үг ортой гэж. Мянга сонсохоор нэг үз ч гэдэг. Тиймээс эргэлзээгээ тайлж, бодит байдлыг нь харахаар “Таван толгой түлш” компанийн үйлдвэрийг зорилоо
Шахмал түлшний талаарх эргэцүүлэл
Хуучин 22-ийн товчооны ойролцоо сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг байгуулсан билээ. Замд явах зуураа ер нь, хэзээнээс энэ шахмал түлш гэх санааг олоод одоо ингээд бүхэл бүтэн үйлдвэр ажиллаад, төрөөс анхаараад эхлэв, шахмал түлш монголчуудын хувьд хэзээнээс танил болов гэх зэргээр бодож, өнгөрснөөсөө энэ асуултаа асуусаар явав.
Бага байхад сумын айлууд өвлийн бэлтгэлээ хийж, ажилсаг зарим нь үхрийн нойтон баас, нунтаг нүүрстэй хольж, хэвлэж, намрын наранд хатаагаад өвөл түлэх түлшээ бэлддэг байсан нь санаанд буух аж. Үүнээс өөр гэвэл, уурхайн бүтээн байгуулалтын талаар өгүүлэх “Гэрлэж амжаагүй явна” Монголын уран сайхны кинон дээр л “Нүүрсийг буталж, шахмал түлш хийнэ. Үйлдвэр байгуулна” хэмээн гардаг. Энэ кино 1981 онд дэлгэцнээ гарсан гэхээр үүнээс ч өмнө энэ талаар яригддаг байсан л байж таарах нь...
ШУА-ийн Эрдэс боловсруулалтын технологийн хүрээлэнгийн захирал доктор, профессор Г.Бадамхатан нэгэн хэвлэлд шахмал түлшний талаарх нийтлэлээ хэвлүүлсэн байв. Тэрхүү нийтлэлд “Одоо манай Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бүрэн шаталттай зуух, шахмал түлшийг хоёуланг нь зэрэг хэрэглэж /160 мянган айл өрхөд/ чадвал одоо түлж байгаа 800-900 тонн нүүрс хоёр дахин багасаж /400-450 мянган тонн/ агаарын бохирдол 1975-1980 оны түвшинд хүрэх боломжтой. Учир нь бүрэн шаталттай зууханд шахмал түлш түлэхэд түлшний зарцуулалт 2-2,25 дахин буурдаг болох нь практик дээр нэгэнт нотлогдсон байна. Тооцооноос үзэхэд 400-450 мянган тонн түүхий нүүрсээр шахмал түлш хийгээд нэг айл өрхөд 2,5 тонн шахмал түлш өгөхөд 160-180 мянган айл өрхийн буюу одоогийн Улаанбаатар хотын гэр хорооллын бүх айлын хэрэгцээг бүрэн хангах түлш болж байна. Энэ тооцооноос авч үзэхэд Улаанбаатарт нэг жилд түлж байгаа 800-900 мянган тонн түүхий нүүрсийг хоёр дахин багасгах нөөц боломж байгаа нь харагдаж байна” хэмээсэн байв.
-Шахмал түлшний үйлдвэр байгуулахаас өмнөх туршилтын ажлыг ШУТИС-ийн харъя Уул уурхайн хүрээлэнгийн Шахмал түлшний лабораторийн бааз дээр 2018 оны зургадугаар сарын 15-аас 2018 оны долдугаар сарын 8 хүртэл хийсний үр дүнд дээрх дүгнэлтийг гаргасан аж. Энэхүү дүгнэлтээс харахад, Улаанбаатар маань 1975-1980 онд агаарын бохирдолтой байсан ч тэр нь одоогийнх шиг хүний эрүүл мэндэд хор хүргэх хэмжээнийх шиг биш байсныг сануулна-
Таван ханатай хоёр гэрээс эхэлсэн бүтээн байгуулалт
Ийнхүү эргэцүүлсээр “Таван толгой түлш” компанийн үйлдвэрийн үүдэнд ирлээ. Том оврын ачааны машинууд үйлдвэрийн үүдээр эгнэх аж. Бичиг баримтаа шалгуулан дотогш нэвтэрлээ.
Анх жил гаруйханы өмнө энэ хашаанд таван ханатай хоёр гэр л байсныг мэргэжилтнүүд хэлдэг. Гэтэл одоо энд 500 гаруй хүн бужигнаж, нийслэлийн 220 мянган өрхийг дулаан өвөлжүүлэх түлшийг хоногийн 24 цаг тасралтгүй үйлдвэрлэж байна. Тус үйлдвэрийн хэвлэлийн төлөөлөгч Г.Даваабаатар “Манайд зөвлөхөөр ажилладаг Чехээс ирсэн мэргэжилтнүүд “Өндөр хөгжилтэй орнуудад ч 3-5 жилд барих бүтээн байгуулалтыг танайд нэг жилийн дотор л барьчихсан” хэмээн дуу алддаг” гэхийг сонсоод онгирмоор ч юм шиг мэдрэмж зурвас төрөөд амжлаа.
-Одоогоор шахмал түлш үйлдвэрлэх есөн зам ажиллаж байгаа бөгөөд тун удахгүй ашиглалтад оруулахаар БНСУ-ын технологи бүхий илүү хүчин чадалтай үйлдвэрийг барилга, засварын ажил эд өрнөж байна. Одоо ажиллаж буй нэг зам нь л гэхэд цагт 3000 тонн шахмал түлш үйлдвэрлэдэг аж-.
Үйлдвэрийн хашаанд шахмал түлшний түүхий эд болох нүүрсийг буталж, уул овоо шиг овоолжээ. Нийслэлчүүд нэг өвөлдөө 100 мянган тонн түүхий нүүрс хэрэглэдэг гэсэн тооцоо гарчээ. Харин эрдэмтэд шахмал түлшний илчлэг өндөр тул үүнээс хоёр дахин бага хэмжээтэй шахмал түлш иргэд хэрэглэнэ гэж үзжээ. Гэвч, эрсдлийг тооцож энэ өвлийн хэрэгцээ болох 100 мянган тонн шахмал түлшийг үйлдвэрлэх түүхий эдийг нөөцөлсөн байна.
Шахмал түлшний хатаалганы зуухыг шахмал түлшээр нь галладаг
Нийслэлчүүдийг дулаан өвөлжүүлэхээр 24 цаг үйлдвэрээ зогсоох эрхгүй ажиллах залуусаар бахархмаар. Үйлдвэрт орж хэдэн зураг дарж, ажиллах горимыг нь сониучирхаад 10 минут ч тэсэхгүй гарах хаалгыг зүглэв. Хэдийгээр хамгаалалтын малгай, нөмрөг өмсч, маск зүүсэн ч манан татуулсан нүүрсний тоосон дунд удах аргагүй. Гэвч, энд ажиллах залуус найман цагаар дөрвөн ээлж болж ажилладаг. Харанхуй үйлдвэрт тортог болсон битүү хувцастай залуус ажиллах бөгөөд ойроос харвал хоёр нүд нь л харагдана. Харин холоос бол хувцсан дээрх гэрэл ойлгогч нь тэднийг төвөггүй таниулна. Зам бүр дээр хоёр ч хянагч ажиллах бөгөөд бас нэг хүн хатаалгын зуухыг зогсоо зайгүй галлах юм. Бүх үйл ажиллагааг нь хянах инженерүүд, эвдрэл саатал гарах эсэхийг нь хянах засварчид гээд ажлын цагаараа өөр зүйлд сатаарах зав тэдэнд алга...
Энэ зуур шахмал түлштэйгээ гал алдаж, хөлдөж үхэхгүйг өөртөө баталж амжив. Учир нь нунтаг нүүрсийг биежүүлэгч бодистой хольж, хэвлээд хатаалганы явцад хатаах зуухандаа шахмал түлшээ түлэх аж. Маш өндөр градуст энэ ажиллагаа өрнөдөг бөгөөд энэхүү үйл явцад шахмал түлшний илчлэг нийцдэг гэсэн үг юм.
Таван толгойн нүүрс коксжих нүүрс учир Налайх, Багануурын уурхай зэрэг өргөн хэрэглээний түүхий нүүрснээс илчлэгийн хэмжээ их. Тийм ч учраас ийнхүү шахмал түлшийг хатаалгын зууханд ашиглахаас гадна урд хөрш маань манай улсаас импортолсон нүүрсээ гангийн үйлдвэрт ган хайлуулахад хэрэглэдэг байна.
Налайх, Багануурын нүүрсний илчлэг 3600-5600 ккл байдаг бол Таван толгойн нүүрсний илчлэг 6300 ккл. Тиймээс энэ нүүрсээр хийсэн шахмал түлшний илчлэгт эргэлзэх зүйлгүй мэт...
Түлшээ нөөцлөн, их хэмжээгээр хураах нь хувиа бодсон явдал...
Гэр хорооллынхон хэмээн адлуулж, хүсээгүй ч утаа үйлдвэрлэж өөрсдийгөө болоод бусдыг хордуулж суух бид одоо сэхээрэх цаг иржээ. Учир нь гэр хорооллын 220 мянган өрх энэхүү шахмал түлшийг нийтээрээ хэрэглэснээр энэ өвөл утаа тодорхой хувиар багасна. Хичээл сургууль, ажил амьдралаа орхиод утаанаас дайжиж чадахгүйгээс хойш бэлэн зүйлийг туршаад үзэх нь зүйтэй...
Хэдийгээр “Таван толгой” түлш компани нийслэлчүүдийн энэ өвлийн хэрэгцээт түлшийг үйлдвэрлэхээр ажиллаж буй ч энэ нь нэг зэрэг бэлэн болчихгүй учраас иргэдийн хэрэглээг хянах, түлшний хомстол үүсгэхгүй байх үүднээс л “Сайн” картыг нэвтрүүлээд байгаа аж. Энэ талаар тус үйлдвэрийн хэвлэлийн ажилтан Г.Даваабаатар “Иргэд аль болох хэрэглээнийхээ хэрээр худалдан авалтаа хийгээд явах нь зүйтэй. Айлуудад гурван тоннын хэрэглээ бүхий карт тарааж байгаа. Гурван тонн түлшээ айлууд нэг дор нь худалдаж авчихвал түлшний хомстол үүснэ. Тиймээс айлууд нэг удаагийн худалдан авалтаар хамгийн ихдээ нэг тонн түлш худалдан авах боломжтой” хэмээн ярилаа.
Гэр хорооллын айл бүр унаа тэрэг хөлөглөх нь ховор. Долоон буудалд уулын энгэрт амьдардаг Должин эмээ усны тэргээ түрээд түлшээ авахаар явахад хамгийн ойртуулах үүднээс түлш худалдаалах цэгүүдийн тоог нэмсээр байгаа аж. Анх энэхүү төслийн төлөвлөгөөнд нийслэлд 504 цэг байгуулахаар тусгасан байсан ч одоогоор хуучин түлээ нүүрс зардаг байсан 2000 гаруй иргэдийн материалыг хүлээн авч, шаардлага хангасан 400 гаруйтай нь гэрээ хийж, худалдааг эхлүүлээд байгаа аж. Цаашид энэ тоог 200-гаар нэмэх юм байна.
Мөн тус үйлдвэрийн зүгээс хэрэглээг хүртээмжтэй байлгах үүднээс хүнд даацын машинаар явуулын худалдах цэг ажиллуулж байгаа юм байна. Биднийг үйлдвэр дээр очиход тус машин түлшээ ачихаар ирээд байлаа. Иргэд тухайн оршин суугаа газар нь түлш борлуулах цэг хангалтгүй, түлшний олдоц муу байвал дуудлага өгч энэхүү явуулын худалдааг дуудаж болох нь.
Борлуулагчдад түлш уутлах, зөөвөрлөх зардлыг нь өгч байгаа
Борлуулалтын цэгүүдэд нэг тонноор нь савласан шахмал түлшийг тарааж буй. Харин борлуулагчид 25 кг-аар нь уутлаад худалдаалж байгаа. Гэтэл иргэд нунтаг ихтэй түлш худалдаж авч, гомдол гаргажээ. Нэг тонн түлш 40 уут болох учиртай. Гэтэл нунтгийг нь шигшээд уутлахаар 36-38 уут болоод байсан тул борлуулагчид өрөнд орох аюулаас болгоомжлон нунтагтай нь хамт ууталж байсан тохиолдол илэрчээ. Тиймээс нунтгийг нь үйлдвэр буцаалтаар авч байгаа гэнэ. Цаашид энэ мэт асуудалд цаг тухай бүрт нь хариулт өгч, зөрчил гарвал арилгахаар ажиллаж байгаа аж.
Саяхан л гэхэд сошиалаар утаагүй түлшний утаанд гэр бүлээрээ хордсон гэх гэр бүл гомдол гаргасан. Үйлдвэрийн зүгээс гомдол гаргасан иргэдтэй уулзах хүсэлт тавьсан ч уулзахгүй байгаа талаар ч хэлж байлаа. Мөн хэвлэл мэдээлэлийнхэн борлуулалтын цэгээс очиж мэдээлэл авах үед гэрээ хийсэн түрээслэгч нь эзгүйгээс худалдагчаас нь буруу зөрүү мэдээлэл авч, тараадаг нь иргэдийн дунд багагүй төөрөгдөл үүсэх нөхцөл болж байгааг ч үйлдвэрийн ажилчид хэлсэн.
Борлуулагчид өөрийн машинаараа үйлдвэрээс тээвэрлэлт хийвэл тээвэрлэлтийн зардлыг нь олгодог бөгөөд түлш уутлах хөлсийг нэг уутыг нь 300 төгрөгөөр бодон олгодог. Мөн борлуулалтын 10 хувиар нь цалинжуулж байгаа юм байна. Мөн хотын замын түгжрээнд хүргэлт хийхэд хүндрэлтэй тул шөнийн тээвэрлэлт хийж, борлуулалтын цэгүүдэд түгээлт хийж байгаа аж. Ер нь, энэ үйлдвэрт ажилдаа хойрго эрхтэй хүн үгүй мэт. Бүгд л нийслэлчүүдийг өнөтэй, галтай өвөлжүүлэхээр зав чөлөөгүй ажиллаж байгаа нь дулаан байх нь зөвхөн галын илчээс хамаардаггүй, сэтгэлийн илч ч чухал гэдгийг илтгэнэ.
Зуухны хувьсал хийх цаг нь ирсэн Монгол
Ил тулганд галаа түлж, тооноороо утаагаа гаргадаг байсан цаг ганцхан жарны л цаана үлдсэн. Түүнээс хойш зуух битүү болсон ч дулааны илчийг хадгалах, дотор нь түлж байгаа түлшээ бүрэн шатаах, хорт утааг нь багасгах зэрэг асуудал саяханых. Бараг 10 жилийн л тэртээх. Олон ч туршилт хийж, их ч мөнгө ярьсан. Гэтэл өнөөх утааны асуудал хэвээрээ л байна.
“Төслийн зуух тараасны дараа утаа багассан нь судалгаагаар тогтоогдсон. Учир нь, хүмүүс зуухаа дээрээс нь галлахгүй бол дэлбэрнэ гэсэн ойлголттой байсан. Гэвч одоо амар хялбараа бодоод дороос нь түлээд байна” хэмээн нэгэн эрдэмтэн хэлсэн юм. Угтаа бол төслийн зуухыг дороос нь галлахаар дэлбэрдэгтээ асуудал байгаагүй аж. Түүхий нүүрсийг түлэхээр хорт хий нь дээшээ ууршдаг. Тиймээс дээрээс нь галлавал хорт хий нь бүрэн шаталтад орж, утаа нь хор багатай гардаг аж. Анхнаасаа иргэдэд үүнийг ойлгуулахгүйгээр буруу мэдээлэл өгсөн нь өвөл бүр чимээгүйхэн биднийг “мэрэх” утааг гааруулсан байна.
Нэгэнт гэр хороолол үгүй болтлоо дахиад нэг жаран, түүнээс ч илүү хугацаа шаардлагатай байх. Тиймээс зуухандаа хувьсал хийх цаг ирснийг олон янзын туршилт харуулна. Германы хамтын ажиллагааны сангаас туршилт хийж, Баянхошууны 100 айлын янданд нэгэн төхөөрөмж суурилуулсан нь үр дүнгээ өгсөн. Тэр төхөөрөмжийн ажиллах зарчим нь хорт утааг яндангаар гарахаас нь өмнө бүрэн шатаах. Ийм л энгийн...
Арга ядахдаа төсвийн мөнгөнөөсөө утаагүй түлш үйлдвэрлэж эхлэх вэ дээ...
Лизингээр таныг дулаацуулъя
Төрийн бодлогоор гэр хорооллын айлуудад “Лизингээр таныг дулаацуулъя” гэж уриалаад уджээ. Хэрэглээний зээлээс бага хүүтэй, жилийн бараг л нэг хувь, урьдчилгаагүй гээд сурталчилгаа хэдэн жил л мэдээллийн хэрэгслүүдээр явлаа. Гэвч үүнийг нь хэрэглэж байгаа иргэд хэд бол. Жил ирэх бүр утаа нэмэгдэж байгаагаас үзэхэд энэ олон янзын сурталчилгаа эзэндээ хүрдэггүй л бололтой юм.
Ер нь тэгээд энэ бүхнээс үзэхэд утаа бол иргэн бүрийн ухамсарлаж, тэмцэх ёстой аюул аж. Утааны хор жил ирэх бүр улам л аюултайгаар бидний дунд илэрсээр...
Эх сурвалж: newspress.mn