Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Засгийн газар өнгөрсөн онд 62 дугаар тогтоол гарган түүхий нүүрс түлэхгүй байх шийдвэр гаргасан. Үүний Тавантолгойг түшиглэсэн сайжруулсан түлшний үйлдвэр байгуулаад байгаа. Гэвч сүүлийн үед сайжруулсан түлштэй холбоотой элдэв цуурхал, худал мэдээлэл түгэх болов. Иргэдийн тархийг угаах зорилгоор нийгэмд худал мэдээлэл түгээх болсон асуудалтай холбоотойгоор Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан дараах үүргийг өгсөн байна.
Тодруулбал, дүүрэг хороодын Засаг дарга нарт агаарын чанарыг сайжруулах 2, 3 дугаар бүсийн иргэдэд сайжруулсан шахмал түлшийг жигд тараах, мэдээллээр хангаж ажиллах, бөөний болон дундын агуулахад нэмэлт нөөц бий болгоход анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Мөн нийслэлийн Цагдаагийн газар, Тагнуулын ерөнхий газарт хандан Засгийн газраас хэрэгжүүлж байгаа сайжруулсан түлшний талаар санаатайгаар худал мэдээлэл тараасан иргэн, аж ахуй нэгжийг холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авахыг үүрэг болгосон ажээ.
Өнөөдрийн байдлаар "Тавантолгой түлш" ХХК 501 борлуулагчтай сайжруулсан шахмал түлш борлуулах гэрээ байгуулж, нийт 55 мянга 286 тонн түлш борлуулсан байна. Гэр хорооллын дунд борлуулалтын цэгийг түлшээр тасралтгүй хангаж байх 40 хангамжийн агуулах, гэрээт 500 гаруй цэгийг өдөр бүр шаардлагатай Сайн түлшээр хангаж ажиллана. Өөрөөр хэлбэл, ХАНГАМЖИЙН БААЗ - ДУНДЫН ХАНГАМЖИЙН ТӨВ - ГЭРЭЭТ БОРЛУУЛАГЧ гэсэн шат дамжлагаар хэрэглэгчдэд сайжруулсан түлшийг тасралтгүй хүргэх юм. Сайн карт түгээх ажлын хувьд Сүхбаатар дүүрэг 78 хувийн гүйцэтгэлтэй, Чингэлтэй дүүрэгт 94 хувь, Сонгинохайрхан дүүрэг 54 хувь, Баянзүрх дүүрэг 44 хувь, Баянгол дүүрэг 89 хувь, Хан-Уул дүүрэг 72 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байгаа аж. Нийт 163 369 картыг хороодоор дамжуулан иргэдэд хүргэжээ. Энэхүү картаар нэг удаа худалдан авалт хийх дээд хэмжээг нэг тонн байхаар заасан байна.