Монгол түмний их баяр цэнгэл эрийн гурван наадмын дараагаас парламент ээлжит бусаар чуулж, Үндсэн хуулийн нэмэтл өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхэлсэн билээ. Энэхүү чуулганы хугацааг энэ сарын 30-ны өдөр хүртэл сунгасан. Тэгвэл товлосон өдөр тохиож байна. Ерөнхийдөө Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж, ард нийтийн санал асуулгад бэлтгэх зорилготой байсан юм. Ямартай ч хоёр удаагийн хэлэлцүүлэг өрнүүллээ, ард нийтийн санал асуулга явуулахаар болсон гэж үзвэл хууль тогтоох дээд байгууллага зорилгодоо хүрсэн мэт харагдах төлөвтэй. Тиймээс ээлжит бусаар хуралдах ажлаа өндөрлөх нь.
Нөгөө талаас нь авч үзвэл маргааш УИХ-ын намрын ээлжит чуулган албан ёсоор эхлэх юм. Иймд өнөөдөр зайлшгүй ээлжит бус чуулганаа хаана. Хаахаасаа өмнө УИХ-ын 73 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж нэг тийш болгох эцсийн ажил бий. МАН-ын бүлэг хуралдаж, дээрх асуудалд байр сууриа нэгтгэн Байнгын хороо, чуулганаар хэлэлцүүлэх болно. Ард нийтийн санал асуулга явуулахтай холбоотой тогтоолд тавьсан хоригийг МАН-ын бүлэг хэрхэн авч үзэх бол. Уг асуудлыг шийдвэрлэснээр ээлжит бус чуулганаа хааж, албан ёсоор намрын чуулганаа нээх юм.