Т.ЗАЯА
Нүүрсний ченжүүд саяхнаас шинэ “дайсан”-тай боллоо. “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрлэж байгаа сайжруулсан шахмал түлшийг баруун солгойгүй балбаж, барын зулзагыг бага дээр нь дарж ав гэдэг шиг тэрхүү дайсан этгээдийг ямар ч аргаар хамаагүй харлуулж, олны нүдэн дээр эвхэртэл нь элэгдэж унагах аян дайнд мордоцгоов. Монголын нийгэмд ченжүүдийн гар дүрээгүй салбар тун цөөн. Махны, арьс ширний, түүхий эдийн, тэр ч байтугай албан тушаалын ченжүүд хуульгүй мэт аашилж бүхнийг өөрсдийн дураар удирдаж, улстөрчдийн хэлдгээр хор найруулан суух хэмжээлшгүй их шуналтай. Тэд энэ удаад сайжруулсан шахмал түлшийг онилсон нь санаандгүй явдал огт биш.
Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд түүхий нүүрс түлэхийг Засгийн газрын тогтоолоор хориглож, түүний оронд сайжруулсан шахмал түлшийг энэ жилээс хэрэглээнд нэвтрүүлэх учиртай. Утаа гамшгийн хэмжээнд хүрснийг бүх шатанд хүлээн зөвшөөрч, агаарын бохирдлыг бууруулах, арилгахын төлөө зарим зоримог алхмыг хийж хэрэгжүүлэхээс аргагүй байгааг амьдрал өөрөө шахаж шаардаж буй. Олон улсын байгууллагууд ч Улаанбаатарын агаарын бохирдлыг үе шаттайгаар бууруулахын тулд сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхийг зөвлөсөөр ирсэн байдаг. Товчхондоо бол “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрлэн хэрэглээнд нэвтрүүлж буй сайжруулсан түлш монгол хүний эрүүл мэндийг хамгаалах ганц л том зорилготой.
Зөв зорилго яагаад хэсэг бүлэг хүний игзаарыг хөдөлгөөд байна вэ гэдэг асуултын хариуг ч холоос хайх шаардлагагүй. Ченжүүд Улаанбаатартай ойр нүүрсний амуудад эзэн суусан бөгөөд жилд 100 тэрбум төгрөг эргэлдүүлдэг бизнестэй. Аль ч өнцгөөс нь харсан том бизнес, том эрх ашиг байгаа биз. Шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор түүхий нүүрсийг нийслэлд хориглосон нь тэдний эрх ашгийг хөнджээ. Халаасаа түнтийлгэж л байвал Улаанбаатар утаатай байх, хүн ард эрүүл мэндээрээ хохирч, хүүхэд багачууд ураг байхаасаа л угаартах нь тэдэнд падгүй ажээ. Ердөө ийм өчүүхэн шуналаа барьж дийлэхгүй байгаа учраас сайжруулсан шахмал түлшийг, үйлдвэрийн хамт олныг, төр, засгийн бодлого шийдвэрийг сөрөн зогсох, харлуулан муучлах аян дайндаа хөөрцөглөн орцгоожээ.
Улаанбаатарын ойролцоо байдаг нүүрсний амууд мэргэжлийн хяналтынхны толгойн өвчин байсаар ирсэн. Дандаа осол гаргана, хөдөлмөрийн аюулгүй байдлын наад захын шаардлага хангадаггүй. Хэвлэлийнхэн энэ сэдвээр олон жил бичиж, асуудал хөндсөөр ирсэн. “Амь авдаг амууд” гэж чадлаараа сэрэмжлүүлсэн. Харамсалтай нь амь авдаг амуудыг нэг нь хаахаар нөгөө нь очоод нээчихдэг. Эсвэл хулгайгаар нүүрс олборлож том толгойлно. Нүүрсний ченжүүд өөрсдөө баяжиж байвал хүний амь тэдэнд хамаагүй. Хэдэн хүний халуун амиар наадах гэсэн юм бэ, ченжүүд ээ.
Одоо бүр элий балай гэмээр цуу үг зориуд тарааж, шахмал түлшийг улс төртэй хутгах гэсэн эрээ цээргүй оролдлогууд гарч ч байх шиг. Улаанбаатарын утаан дундаа амьдарсан 20 гаруй жилд бид нэг л зүйлийг яс махандаа шингэтэл ойлгосон. Тэр нь юу гэвэл улс төр, утаа хоёр хэзээ ч ганзага нийлдэггүй гэдгийг. МАН, АН, ХҮН, МАХН, ИЗН, Шинэ намын утаа гэж байхгүй, нүүрсний утаа л гэж бий. Утааг улстөржүүлэх тусам улам ихэсдэг, илүү хордуулдаг гэдгийг эрхбиш ойлгодог болчихсон нь аз юм даа.
Түүхий нүүрс түлэхийг хориглосон Засгийн газрын шийдвэр, сайжруулсан түлш үйлдвэрлэж буй “Таван толгой түлш” компанийн ажил өндөг шиг өөгүй гэж нялуун үгээр булах шаардлага байхгүй. Харин 100 тэрбумын бизнесээ зуудаг нохой шиг улангасан хамгаалж буй нүүрсний ченжүүдэд мах шиг хаяад өгчихөж болохгүй байх аа. Утаагүй болъё гэж хүсэж л байгаа бол зоригтой хөдөлж, зогсолтгүй урагшлах ёстой. Ингэж байж бодитой үр дүн гарна. Тэр тусмаа Монгол төрийн агаарын бохирдлыг бууруулах бодлого 100 тэрбум төгрөгтэй нүүрсний ченжүүдийн өмнө тэргүүнээ гудайлгавал бид утаандаа бүрэн эзлэгдэж, эрүүл хүн үгүй болно. Хүн үгүй бол эх орон үгүй.