-Нийслэлчүүд шинийг харж, өөрөөр амьдаръя-
Ч.Үл-Олдох
Түүхий нүүрс хэрэглэхгүй байх Засгийн газрын шийдвэр хэрэгжсэнээс хойш анхны өвөл айсуй. Гэтэл нойтон нүүрсэн дээр тогтчихсон ченжүүдийн нүд дээрх шийдвэрийг олж харахгүй байна. Эмээлт, Налайхын нүүрсний амуудад хэчнээн тонноор нь түүхий нүүрс бэлдүүлсэн тэд хувьсгалын тохироо бүрдэхийг хүлээн өөрсдөдөө ашигтай боломжийг харж сууна. Үүний тулд саяхнаас “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшийг хэрэглэхийн аргагүй нунтаг шороо байгаа мэтээр иргэдэд ухуулах болов. Сошиал ертөнцөд төрийн байгууллагууд руу шүлс цэрээ хаяж сөхрүүлдэг гаж зуршил ч газар авах маягтай.
Нийт массын хувьд үүний цаана юу болоод байна, хэн хожих вэ гэдэгт төдий л ач холбогдол өгдөггүй. Эцэст нь нүүрсний хэдхэн ченж түрийвчээ түнтийлгэхээс бус иргэд хорт утаагаар амьсгалж, эрүүл мэндээрээ хохирох гэж байгаагаа ухамсарлаж байгаа нь тун цөөхөн. Улаанбаатарын утаа бидний амьдарч ирсэн орчин, өөрчлөхгүй бол өвчин зовлонгийн үүр болсон бохир хонхор. Тэгэхээр бодит байдлыг нүүрсний ченжийн нүдээр биш өөрсдийнхөө төлөө харах ёстой болж байгаа юм. Энэ нь сайжруулсан шахмал түлш үү, түүхий нүүрс үү. Алийг нь хэрэглэвэл утааг бууруулж чадах вэ гэдэг сонголт юм. Энэ асуудлын эргэн тойронд сурвалжилсэн тэмдэглэлээ хүргэе.
“Бороо орох вий гэхээс нойргүй хонодог”
Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж буй Тавантолгой түлш ХХК нийслэлийн баруун зах руу “22-ын товчоо”-ны цаахна байрладаг юм байна. Монголын төр түүхий нүүрснээс татгалзсанаар иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулах, утааг багасгах шинэ технологи, шийдлийг нэвтрүүлсэн нь тус үйлдвэр юм.
Үүдээр нь ороход үйлдвэрийн машин, техникийн дуу нүргэлж, ажлын хувцастай залуус шоргоолж мэт бужигнаж угтав. Тус үйлдвэр 700-800 орчим залуус ажиллаж байна. Монгол залуус ажил хайж Солонгосыг зорьж буй үед дотооддоо ийм хэмжээний үндэсний үйлдвэрлэлийг байгуулсан нь бахдам. Дээр нь сарын цалинг 1.4-1.6 сая төгрөгөөр тогтоосон нь Засгийн газраас ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдээ цалинтай, орлоготой байлгах талаас хэрэгжүүлсэн томоохон ажлын нэг ажээ. Харин ажиллах орчин нөхцөл нь хүндхэн санагдсан. Сайжруулсан түлшээр нийслэлийн 200 мянга гаруй айл өрхийг хангахын тулд гурван ээлж 24 цагаар ажилладаг юм байна. Нүүрсний тортог ихтэй, хортой нөхцөлд ажилладаг тул ажилчдад элэг хамгаалах “Атишок”, сүү, таргийг нормын дагуу олгодог аж. Ажилчдын ярих нь бороо орох л хамгийн хэцүү гэнэ. Зарим нь “бороо орох вий гэхээс нойр хүрдэггүй. Савласан түлшээ хэчнээн бүтээсэн ч гэлээ дотогшоо чийг цохичих гээд байдаг. Чийг авсан түлш үйрч бутрах эрсдэлтэй” хэмээн ярьж байсан юм. Ийм л сэтгэлтэй монгол залуус эх орондоо ажиллаж, амьдарч үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж, шинэ техник, технологитой хөл нийлүүлж яваа ажээ. Тиймээс тэднийхээ хийж бүтээснийг харлуулж, муу байна, муухай байна гэхээсээ илүү болж бүтэх талаас харж, бас дэмжиж, хамгийн гол нь хорт утааг багасгахын төлөө, эрүүл мэндийнхээ төлөө эх оронч сонголтыг амьдралдаа хэвшүүлэх хэрэгтэй санагдана.
Үйлдвэрийн тухайд шахмал түлшийг үйлдвэрлэх, савлах дамжлагууд бүгд автоматаар явагддаг юм байна. Борлуулалтын цэгүүдэд 750, 1000, 25 кг-аар савласан түлшийг хүргэдэг. Ингэхдээ савлагаан дээр үйлдвэрлэсэн хугацааг тухайн сар өдөр, цаг минуттай нь бичдэг. Шахмал түлшийг тээвэрлэх, зөөхөд түүхий нүүрстэй адил нунтаг хаягдал заавал гардаг. Тэгвэл Тавантолгой түлш ХХК нунтаг үйрмэгийн жинг хэмжиж үйлдвэртээ буцааж авдаг. Ингэснээр борлуулагчдад хорогдол тооцогдохгүй, үйлдвэр ч нунтгийг буцааж аваад түүхий эдэд хэрэглэдэг учраас алдагдал багатай ажилладаг юм байна.
Налайх, Морингийн даваанд түүхий нүүрс бэлджээ
Өнгөрсөн амралтын өдрүүдээр Налайхын нүүрсний амнууд, Морингийн даваа орчим сурвалжлагаар очлоо. Иргэдийн зүгээс “Түүхий нүүрс худалдан борлуулдаг ченжүүд аравдугаар сарын эхэн гэхэд хөдөлгөөнд орно гээд бэлтгэлээ базааж байгаа” гэсэн мэдээллийг бидэнд өгсөн юм.
Зарим эх сурвалж “Манай боссууд уурхайн амны цаахна нүүрсээ бэлдчихээд байгаа. Шахмал түлш хэрэггүй юм байна, түүхий нүүрсээ түлье гэсэн тэмцэл хөдөлгөөн гаргуулна. Тэр үеэр хот руу шууд нийлүүлнэ гэсэн” гэж ярьж байгаа хүн ч бий” гэцгээж байна.
Ер нь бол түүхий нүүрсний зах зээлд байр сууриа хэдийнэ олж, гар дээрээ 100 саяыг эргэлдүүлж байдаг ченжүүд 40 тоннын автомашинаар нийслэл рүү сард гурван удаа нүүрс нийлүүлдэг гэсэн тооцоог ч Налайхын зарим иргэн хэлж байв. Нэг ченж ганцхан сарын дотор 120 тонн нүүрс зардаг гэхээр гэр хорооллын утаа ямар байх нь ойлгомжтой, нийслэлийнхэн яажшуу амьдарч ирсэн нь тодорхой. Өнөөдөр хүн амын дунд амьсгалын замын өвчлөл, улаан хоолойн хавдар газар авсан, 05 хүртэл насны хүүхдийн уушгины өвчлөлийн шалтгаан нь хорт утаа болсон, ургийн гажиг долоо хоногт нэг илэрч байсан нь хоёр болж өссөн гэсэн статистик бий. Тэгэхээр утааг бууруулж эрүүл амьдрахын тулд шахмал түлшийг хэрэглэх үү, түүхий нүүрсээ түлж хорт утаан дотор амьдрах уу гэдэг сонголтын өмнө нийслэлчүүд ирээд байна. Нойтон нүүрсэн дээр тогтсон ченжүүдийн нүдээр биш, шинийг харж хайж, өөр сонголт хийж, өөрөөр амьдаръя.